.jpg)
Украиныг дайны ирмэгт аваачсан босогчдын тэмцлийн зам зөв, буруу алин боловч тэд ардчиллыг хүссэн нь тодорхой. Яагаад гэдэг нь ч ойлгомжтой. Ардчилсан орнууд илүү баян чинээлэг, дайн дажинд нэрвэгдэх нь ч бага, авлига хийгээд бусад ёс бус зүйлтэй тэмцэх нь илүү. Хамгийн гол нь ардчилсан нийгэмд хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн болоод үр хүүхдийнхээ ирээдүйг хүссэнээрээ залж чиглүүлэх эрхтэй. Энэ л үнэт чанарынх нь төлөө юугаа ч золиослоход бэлэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт тэмцэж байна. Гэтэл үр дүн нь тэдний хүсэн хүлээж байснаас өөр, зарим тохиолдолд бүр долоон дор ч байх нь бий. Арабын хавар, арван жилийн өмнөх Украины Улбар хувьсгал үүний тод жишээ.
Ардчилал одоо түүхэндээ байгаагүй хүндхэн цаг үеийг туулж байна. Дарангуйлагчдыг түлхэн унагаад ч тэмцэгчид ардчилсан засаглал тогтоож чадсангүй. Бэхэжсэн ардчилалтай орнуудад ч засаглалын алдаа эндэгдлүүд нүднээ ил болж, улс төр гэдэг хаа ч ялзарсан, бохир байдаг мэт ойлголт нийтэд төрүүлэх болов. Ардчилал дэлхий дахиныг нөмөрч эхэлсэн хэдхэн жилийн өмнөх дүр зурагтай харьцуулахад энэ нь байж боломжгүй өөрчлөлт шиг санагдана.
Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст ардчилал хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч цэцэглэж байлаа. Тухайлбал, нацизмд талхлагдсан Герман, дэлхийн хамгийн олон ядуустай Энэтхэг, арьс өнгөөр ялгаварлах үзэлд хуваагдсан Өмнөд Африк хүртэл ардчиллыг цогцлоож чадсан юм. Колоничлол нуран унасан нь Африк, Азид ардчилсан засаглалтай олон шинэ улсыг төрүүлж, дарангуйллын засагтай байсан Грек 1974, Испани 1975, Аргентин 1983, Бразил 1985, Чили 1989 онд тус тус ардчилсан тогтолцоотой болов. Энэ давалгааны сүүлч ЗХУ задрах үетэй давхцаж, төв, зүүн Европт хүртэл ардчилсан орнуудын тоог нэмсэн. АНУ-д төвтэй Эрх чөлөөний ордноос 2000 онд 120 улс буюу дэлхийн бүх тусгаар улсын 63 хувь нь ардчилсан засаглалтай гэсэн тооцоо гарч байв. Тэр жил Варшав хотод болсон Ардчиллын асуудлаарх дэлхийн форумд 100 гаруй орны төлөөлөгч оролцож, “Ард иргэдийн хүсэл сонирхол бол засаглалын үндэс мөн” хэмээн тунхаглан зарласан юм. Тэр үед АНУ-ын Төрийн департамент хүртэл “Авторитари, тоталитари систем нуран унаж, эцсийн эцэст ардчилал яллаа” хэмээн сүржин зарлаж байв.
Ардчиллын өлгий нутаг Афин хот урьдын сүр хүчээ алдсанаас хойш улс төрийн энэхүү загвар Гэгээрлийн хэмээгдэх үе хүртэл хоёр мянгаад жил ажин түжин нойрсож, ердөө XVIII зууны дунд үед л Америкийн хувьсгалтай хамт сэрсэн юм. Харин XIX зуунд хаант төрийг дэмжигчид ардчиллын эсрэг тун шаргуу тэмцсэн бол XX зууны эхээр Герман, Испани, Италид дөнгөж бүрэлдэн тогтоод байсан ардчилал нуран унасан түүхтэй. 1941 онд 11 улс л ардчилсан тогтолцоотой гэсэн судалгаа гарч байв. Эл тоо дэлхийн II дайны дараагаас хурдацтай өссөөр дээр дурдсан XX зууны сүүл үед хүрсэн бол XXI зуун гарснаар ардчиллын явц үндсэндээ зогсонги байдалд шилжив. Хэдийгээр дэлхийн хүн амын 40 хувь нь аж төрдөг улс орнуудад энэ жил чөлөөт, ардчилсан сонгууль явагдах ч ардчиллын хөгжил зарим талаар ухарчээ. Эрх чөлөөний ордны тооцоогоор өнгөрсөн 2013 он хүртэлх найман жилийн хугацаанд дэлхий дахины эрх чөлөөний үзүүлэлтийн индекс тасралтг үй буурсан байна. 1980-2000 онд ардчилалд тулгарах бэрхшээл цөөн байсан бол 2000 оноос хойш нэмэгдсэн гэж тус байгууллагын шинжээчид үздэг. Тэдгээрээс хамгийн том аюул бол өнгөлөн далдлалт бөгөөд сонгууль төдийхнөөр ардчиллыг ойлгож, ард иргэддээ үйлчлэх үүргээ умартсан улстөрчид засгийн эрхэнд гарах явдал юм.
Ийм гажуудалтай тэмцэгчид Каираас Киев хүртэлх олон газарт төрийн тэргүүдээ засгийн эрхээс буулгасан. Гэвч энэ нь дахин бүдрэх гэж л унадагтай төстэй харагдана. Ардчиллыг шүүмжлэгчид хэзээд байсан. Гэхдээ тэдэнд одоогийнх шиг ардчилал бүтэлг үйтсэн тухай олон баримт байсангүй. Энэ бүхнээс “Ардчилал юуны учир манлайлагч шинжээ алдав” гэсэн асуулт урган гарна.
Үндсэн хоёр шалтгаан нь 2007-2008 оны эдийн засгийн хямрал болон Хятадын сэргэн мандалт юм. Эдийн засгийн хямралын тарьсан балаг мөнгө санхүүгээс гадна олон нийтийн сэтгэл зүйд ч нөлөөлж, барууны улс төрийн тогтолцооны үндсэн чиг шугамд үл итгэх хандлагыг дэлгэрүүлэв. Засгийн газрууд дампуурлын ирмэгт тулсан томоохон банкуудыг татвар төлөгчдийн мөнгөөр хямралаас гаргасан нь үүнд хамгийн их нөлөөлжээ.
Энэ зуур БНХАУ-ын Коммунист нам дэлхийн эдийн засаг дахь ардчилсан орнуудын монополийг үгүй хийсэн юм. Харвардын их сургуулийн эрдэмтэн Ларри Саммерсийн тооцоогоор АНУ-ын эдийн засаг хамгийн хурдацтай өсөлттэй үедээ америкчуудын аж амьдралыг ердөө 30 жилийн үе мөчлөгтэйгөөр л өөд татжээ. Гэтэл хятадуудын амьжиргааны түвшин өнгөрсөн 30 жилийн хугацаанд арван жил тутамд хоёр дахин өссөн байна. Хятадын элитүүд Коммунист намын хатуу хяналт болоод чадвар, туршлагатай хүмүүсээ өнд өр дээд албан тушаалд томилох бодлогыг барууны маягийн ардчиллаас илүү үр өгөөжтэй гэж батлахыг хичээдэг. Хувь хүний эрх чөлөөнд халддаг, үндэстний цөөнхөө хяхаж хавчдаг гэж тус улсын эрх баригчдыг шүүмжлэх хүн олон ч улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нь Хятадыг нээлттэй, ардчилсан засаглалтай өөр ямар ч орны богино хугацаанд хийж гүйцэтгэж чадааг үйг бүтээхэд тусалсан юм. Тухайлбал, Хятадын төр ердөө хоёрхон жилийн дотор хөдөө орон нутгийн 240 сая иргэнийг тэтгэвэрт нэмж хамруулсан нь нийгмийн халамж хүртсэн нийт америкчуудаас хавьгүй их тоо юм.
Амьдрал ахуй нь баталгаатай бол төрийн ямар тогтолцоотой байх нь олонх хятадуудад хамаагүй. “Pew” судалгааны төвөөс өнгөрсөн онд явуулсан “Дэлхий нийтийн хандлага” судалгаагаар хятад иргэдийн 85 хувь нь улс орноо зөв замаар яваа гэж үзжээ. Гэтэл америкчуудын ердөө 31 хувь нь эрх баригчдынхаа шийдвэрт сэтгэл хангалуун байдаг гэсэн байна. Барууны ертөнцийг, тэр дундаа Америк орныг ардчилал сүйрүүлж байна гэж үздэг Хятадын итгэл үнэмшил Африк, Ойрхи Дорнод, Азийн олон улсад нөлөөлөх болсны анхны томоохон жишээ нь Орос юм. 1989 онд Берлиний хана нуран унаснаар Орос орон ардчиллын замд шилжих нь хэнд ч илэрхий байлаа. Ерөнхийлөгч Борис Ельцин ч энэ талаар ихээхэн далайцтай ажлууд хийсэн. Гэтэл 1999 онд Б.Ельцин улс орноо Владимир Путинд шилжүүлснээр Оросын залуу ардчилал үгүй болж, сонгууль гэдэг В.Путин л ялж байвал шударга гэгддэг жүжиг болон хувирсан юм. Тэрбээр улс орныхоо эдийн засгийг сайжруулж, их гүрний бодлогыг авч үлдэж чадсан ч Венесуэл, Украин, Аргентин зэрэг орны эрх баригчид үндсэндээ түүний загварыг хуулбарласан.
Ардчиллын “жор” бүгдэд таарахгүй гэдгийг харуулсан хоёр дахь гол үйл явдал Иракийн дайн байлаа. Саддам Хуссейнд үй олноор нь устгах зэвсэг бий гэсээр Ирак руу цөмөрсөн америк цэргүүд С.Хуссейнийг ч, тийм зэвсгийг ч олоогүй бөгөөд Жорж Буш утга учиргүй дайнаа ардчилал, эрх чөлөөний төл өө хэмээн тайлбарлах болсон нь америкчуудыг төдийг үй ардчилсан үзлийг империализмтэй хутгаж орхисон юм. Ардчиллын гурав дахь том ухралт Египетэд болсон үйл явдал байв. 2011 онд Хосни Мубаракийн засаглал нуран унасан нь Ойрхи Дорнодод итгэл найдварын гал асаасан. Гэтэл сонгуульд либерал зүтгэлтнүүд бус Мухамед Мурсийн Исламын ахан дүүс хөдөлгөөн ялж, М.Мурси бүгдийг эрхэндээ авах гэж оролдсон нь армийнхны эсэрг үүцэлтэй тулгарч, 2013 оны долдугаар сард М.Мурсийг намынх нь гишүүд, дэмжигчдийн хамт баривчлан хорьсон. Энэ нь Сири, Ливийн үйл явдалтай хамт Арабын хаврыг ардчиллын төлөөх хувьсгал бус ердөө л үймсэн олны бослого болгон хувиргасан билээ.
Эдгээрээс гадна Өмнөд Африкийг 1994 оноос хойш нэг л нам удирдсан, орчин цагийн исламын шашныг ардчилсан үзэлтэй хослуулсан гэж шагшигдаж байсан Турк улс авлига, хэрээс хэтэрсэн эрх мэдэлд идэгдсэн, Бангладеш, Тайланд, Камбожийн сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг эсэргүүцэн нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулдаг гээд олон жишээ дурдаж болно.
Ардчиллын өлгий Америкт ч улс төр гэдэг мөнгөний ажил болсон мэт харагдана. Конгрессийн гишүүн бүрийн ард дор хаяж 20-иод лообийдогч бий гэдэг. Энэ нь хөрөнгө мөнгөтэй хүмүүс л эрх мэдэлтэй болсныг харуулна. Европын холбоо ч ардчиллын загвар байхаа болиод удав. Еврог нэвтрүүлэх асуудлыг 1999 онд технократууд голдуу шийдвэрлэсэн бол Дани, Швед гэсэн хоёр улс л энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан нь хоёул татгалзсан хариу өгчээ. Европын холбооны орнуудыг нэгдсэн Үндсэн хуультай болгох Лисабоны тунхагийг ч олон хүн дэмжээг үй юм. Европын холбоо Нидерландын Эрх чөлөөний нам, Францын Үндэсний фронт зэрэг популист намуудыг л төрүүлэх болов.
Төр улсын асуудлыг өөрсдийнх нь тусын тулд шийдэх хүмүүсийг ард иргэд сонгох нь ардчиллын үндсэн зарчим. Энэ зарчим алдагдахад даяарчлал, орон нутгийн эрх мэдэлтнүүд зэрэг олон зүйл нөлөөлсөн ч хамгийн том аюул сонгогчдоос, өөрсдөөс нь үүдэлтэй. “Тав тухтай орчин, өдөр тутмын амьдралаа илүүд үзэх хүний төрөлх араншин ардчилалд аюул авчирна” гэсэн Платоны үг биеллээ олсныг ардчилсан, чөлөөт гэгддэг орнуудын өрийн сүлжээнээс харж болно. Бэхэжсэн ардчилалтай хэмээгдэх олон улс алс хойчийн гэхээсээ ойрын ашиг тусыг харж, иргэддээ аль хүссэнийг нь өгсөөр ирсэн. Энэ нь тийм ч муу зүйл биш ч Франц, Итали зэрэг улсын төсөв 30 гаруй жил алдагдалтай гарсан, зээлийн хямралаас үүдэлтэй санхүүгийн хямрал дэлхий нийтийг хамарсан зэрэгт голлох үүрэг гүйцэтгэжээ.
Эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд ардчилсан орнуудад олон нийтийг улс төрийн идэвхгүй болгов. Энэ нь ялангуяа хөгжингүй орнуудад ажиглагдах болсон юм. 1950 онд британичуудын 20 хувь нь намын гишүүнчлэлтэй байсан бол өдгөө ердөө нэг хувь нь намын гишүүн байна. Сонгогчдын тоо ч гэсэн хурдтай буурсан бөгөөд ардчилсан тогтолцоотой 49 оронд явуулсан судалгаагаар сонгогчдын тоо 2007-2013 онд арван хувиар буурчээ. Харин Европын долоон орны дунд явуулсан судалгаанд хамрагдагсдын талаас илүү нь улстөрчдөд итгэдэггүй гэсэн байна. Энэ нь зөвхөн ард иргэдийн төлөөлөл ард иргэдэд үйлчилнэ гэсэн ардчиллын зарчмыг алдагдуулах болов.
Ард иргэд уг нь эрх баригчдаа хянах үүрэгтэй. Ялангуяа шинэ, залуу ардчилсан орнуудын ард иргэдийн идэвх оролцоо, улс төрийн мэдлэг, боловсрол гэдэг сонгууль явуулах эрх чөлөөний адил эрхэм чухал юм. Бэхэжсэн ардчилалтай орны ард иргэд ч төр засгийнхаа бүтэц, тогтолцоог анхааран ажиглаж байх нь чухал. Чухамдаа тэгж чадаагүйгээс л баян чинээлэг орнууд өрөнд унаж, ардчилалтай дөнгөж золгосон орнуудын эрх баригчид нэг бол торны ард орж, нэг бол улс орноо орхин явахад хүрч байна.
Даяарчлал, “дижитал хувьсгал” зэрэг нь ардчиллын зарим үндсэн чиг баримжааг хуучруулж орхисон. Тэдгээрийг шинэчлэх цөөн ч гэсэн алхмыг зарим улсад хийж байна. Тухайлбал, АНУ-ын Сенат аливаа томилгоонд саад хийх гишүүдийн оролцоог багасгасан бол намд хандив өргөгчдийн нэрийг нийтэд зарлах, намын санхүүжилтийг судлах хараат бус хороо байгуулах зэрэг ажлыг сүүлийн жилүүдэд санаачилжээ. Ардчиллыг “эрүүлж үүлэх” хамгийн чухал алхам бол Америкийн дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисоний хэлснээр хяналттай төр юм. “Засаглагчдыг залах” гэсэн түүний үзэл чухамдаа боловсролтой, ухамсартай иргэдийн оролцооны дүнд л биеллээ олно.
Foreignpolicy.com
Г.ЛХАГВА