Дэлхийн улс орнууд өнгө үзэмжтэй, сүрлэг барилга, байгууламжаараа өрсөлдөхөөс илүүтэй хүн төвтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн хот төлөвлөлтийг чухалчилдаг болсон. Гэтэл өдгөө 1.6 сая орчим хүн амтай Улаанбаатарт авто замын түгжрэл, ногоон байгууламжийн дутагдал гээд олон асуудал тулгамдсан. Мөн дахин төлөвлөлт нэрээр хадгалан хамгаалах ёстой түүхэн дурсгалт барилгуудаа олноор “устгаж” буй нь нууц биш. Иймд хот төлөвлөлтийн алдаа оноо, уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын тэнхимийн эрхлэгч, Монголын архитекторын эвлэлийн ерөнхийлөгч, зөвлөх архитектор, доктор Г.Цовоодаваатай ярилцлаа.
-Олон улсын жишгээс харахад аль болох л хүндээ ээлтэй, ая тухтай орчныг бий болгоход анхаараад байх шиг. Энэ утгаараа хүн төвтэй хот ямар үндсэн стандарт, шаардлагуудыг хангах ёстой вэ?
-Хот төлөвлөлт гэдэг маш өргөн хүрээний ойлголт. Олон улсад хүн болон байгаль орчинд ээлтэй, байгалийн нөөцийг хамгаалах чиглэлд сүүлийн жилүүдэд төвлөрч байгаа. Тухайлбал, “Ухаалаг хот”, “Сarbon zero” буюу нүүрстөрөгчийн ялгаруулалт тэг хот гэх мэт үзэл баримтлалд голчлон анхаарал хандуулж байв. Харин өдгөө хотод амьдарч буй хэрнээ байгальд байгаа мэт таатай мэдрэмж төрүүлэхүйц орч ныг бий болгоход түлхүү анхаарах боллоо. Үндсэндээ хүн төвтэй гэдэг нь иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлсэн хот төлөвлөлтийг л хэлээд байгаа юм. Хот төлөвлөлтөд зөвхөн тухайн байршилд амьдардаг иргэдээс гадна байгаль, цаг уур, нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн нөлөөг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Тиймээс урт хугацааны стратегийн ач холбогдолтой байдлаар төлөвлөх нь маш чухал.
-Тэгвэл өнөөгийн Улаанбаатар хүн төвтэй хот байж чадаж байна уу?
-Уг нь Улаанбаатар бол дөнгөж 1.6 сая хүн амтай жижигхэн хот. Олон сая хүнтэй том хотуудтай харьцуулахад дүүрэгтэй дүйцэхүйц жижиг. Тиймээс бидэнд автомашин бус, явганаар, эсвэл унадаг дугуй болон нийтийн тээвэрт суурилсан хот илүү тохиромжтой. Харин өнөөгийн Улаанбаатар бол нэлээд дээр үеийн АНУ-ын хотууд шиг машин төвтэй болчхоод байна. АНУ автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг. Тиймээс тэдний хувьд машины борлуулалт нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийнх нь гол хөшүүргүүдийн нэг болдог. Гэтэл Монголын нөхцөлд бол эсрэгээрээ. Бид үйлдвэрлэгч улс биш шүү дээ.
-Нийслэлийн түүхэн дурсгалт барилгууд цөөрсөөр байгаа. Нэг л мэдэхэд өндөр шилэн барилгууд сүндэрлэх боллоо. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол?
-Хотын нэгэн чуулбар болсон, түүх, соёлын өндөр ач холбогдолтой дурсгалт барилгуудыг сүүлийн жилүүдэд ихээр нурааж байгаа нь харамсалтай. Нэг ёсондоо эдгээр барилгатай хамт Улаанбаатар хотын өнгө төрх, түүх, иргэдийн дурсамжийг үгүй хийж байна гэсэн үг. Мөн улсын хамгаалалтад авчихсан, архитектурын соёлын үнэт өвөө хадгалж, хамгаалж чадахгүй байна шүү дээ. Энэ нь архитектурын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдагтай холбоотой.
Нийслэлийн хувьд дахин төлөвлөлт гэхээр гэр хорооллыг буулгаж, оронд нь өндөр орон сууц барьдаг жишиг хэдийн тогтсон. Магад энэ нь иргэдийн дунд орон сууцын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой байх. Гэхдээ хүмүүс агаар, орчны болон дуу чимээний бохирдол, авто замын түгжрэл, үүнээс үүдсэн стрессээс холдохын тулд сүүлийн үед өөрийн эзэмшлийн газартаа жижигхэн ч гэсэн амины орон сууц барихыг илүүд үзэх болсон. Тиймээс дахин төлөвлөлт гэхээр зөвхөн орон сууц барихаас илүүтэй төрөл, зориулалтаар нь олон шийдэл боловсруулах хэрэгтэй байна.
Бид Швейцарын их сургуулийнхантай хамтран дахин төлөвлөлт хийж буй 15 байршилд өнгөрсөн зун оюутнуудын work shop хийсэн юм. Оюутнууд гэр хорооллыг шинэлэг байдлаар дахин төлөвлөх олон санаа дэвшүүллээ. Жишээ нь, гэр хорооллын дунд байрлах хуучны орон сууцыг эсрэгээр нь гэр хорооллын хэв маягт шилжүүлэх санаа гаргав. Мөн ногоон зурвас төлөвлөж, түүгээрээ тухайн бүс нутгийн хүмүүсийг нийтийн үйлчилгээ, инженерийн шугам, сүлжээгээр хангах гэх мэт олон сонирхолтой санал боловсруулсан. Тэгэхээр бид дахин төлөвлөлтийг зөвхөн орон сууцжуулалт гэж харж болохгүй байх нь. Дахин төлөвлөлтөөр дамжуулан тухайн хэсэгт оршин суудаг иргэдийн амьдралын чанарыг сайжруулах нь чухал. Гэхдээ үүнд зөвхөн тухтай орон сууц бус, маш олон хүчин зүйл нөлөөлдгийг санах хэрэгтэй.
-Хотын удирдлагууд Гандангийн дэнжийг дахин төлөвлөж, Урт цагаантай холбосон ногоон байгууламж болгоно гэж саяхан мэдэгдсэн. Гэтэл хотын төвд байрлах энэ дэнж улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг байх аа?
-Гандангийн дэнж бол дахин төлөвлөх гэхээс илүү хадгалан хамгаалах ёстой газар. Улаанбаатарын түүхийг өгүүлэх анхны суурьшлын бүсүүдийн нэг тул уламжлалт хэлбэрээр буюу гэр хороолол чигээр нь хадгалж үлдэх шаардлагатай гэж боддог. Зарим хэсэгт нь эртний байшин, хашаа нь одоо ч хадгалагдан үлдсэн байдаг. Мэдээж он цагийн уртад өөрч лөгдсөн зүйл олон бий ч тэдгээр нь байгалийн жамаараа хувьсаж байгаа юм шүү дээ. Харин дэд бүтэц, цэвэр, бохирын асуудлыг нь улсаас сайжруулах хэрэгтэй.
-Газрыг нь чөлөөлүүлчхээд оронд нь олон давхар өндөр барилга барих вий гэхээс иргэд айгаад байх шиг санагдсан.
-Манайхан ер нь дахин төлөвлөлтөөр халхалж, ийм арга хэрэглээд сурчихлаа. Урт цагаан л гэхэд анхны модерн архитектурын хэв маягтай, Монгол Улсын гавьяат барилгачин, архитектор Б.Дамбийням багшийн минь бүтээл.
Хотын хувьд ч түүх болсон анхны худалдааны гудамж, Монголын архитектурын өв болохуйц барилга байсан. Гэтэл үүнийг нураагаад зогсоол болгочихлоо. Одоо Гандангийн дэнжийг Урт цагаантай холбох төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд буй ч эцсийн дүндээ яг ямар бүтээн байгуулалт болгохыг хэлэхэд эрт байна.
-Та Унгар улсын Печ хотод докторын зэрэг хамгаалсан юм билээ. Печийг Улаанбаатартай харьцуулахад манай хот төлөвлөлт, архитекторын шийдэл хэр хол зөрүүтэй бол?
-Би Унгар улсын Печ хэмээх жижигхэн хотод бараг дөрвөн жил амьдарсан. Унгар бол Европын жижиг орны нэг. Улаанбаатар болон Печийг хооронд нь харьцуулахад хэцүү. Печ бол хүн амын нягтаршил багатай, жижиг хот учраас маш тайван. Бас хот төлөвлөлт харьцангуй сайн. Манайх шиг их хөдөлгөөн байхгүй. Мөн соёлын зөрүү ч асар их. Жишээлбэл, унгарчууд гэр бүлсэг хүмүүс. Үүнийг улсаас нь бодлогоор дэмждэг. Хүүхдүүдийн боловсролд ч түлхүү анхаардаг, илүү тайван орчин бүрдүүлсэн гэх мэт давуу тал олон бий.
Ер нь ажиглаад байхад Европын орнууд нийтээрээ ногоон хөгжил рүү тэмүүлж байна. Үүнийгээ дагаад ногоон барилга, байгууламжийн төсөл, хөтөлбөр ч олширч, түүнийг нь Европын холбооноос маш сайн дэмждэг. Тиймээс Печ Улаанбаатар хоёрыг хооронд нь харьцуулахад соёл, орчин, нийгмийн хэв маяг гээд ялгаатай тал олон.
-Архитектор хүний нүдээр харахад өнөөгийн Улаанбаатар ямар хот вэ?
-Улаанбаатарт өдгөө маш их асуудал байна. Гэхдээ дэлхийн хотууд ч мөн ийм жишгээр хөгжсөн. Тиймээс бидэнд ч эдгээр асуудлыг шийдэх бүрэн боломж бий гэж боддог юм.
-Таны хувьд ногоон барилгын төлөвлөлт, тооцооллын чиглэлээр мэргэшсэн шүү дээ. Улаанбаатар хотын ногоон байгууламж, олон нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлэх, хадгалах чиглэлээр ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, хүндээ ээлтэй, тав тухтай байх ёстой. Үүнийг олон үзүүлэлтээр хэмждэг. Тухайлбал, байгальд ээлтэй, эрчим хүч бараг л зарцуулдаггүй, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхий байгалийн нөөцийг аль болох бага ашиглаж, нүүрстөрөгч ялгаруулдаггүй консепц руу тэмүүлж байна. Тухайн барилын материалыг үйлдвэрлэж, тээвэрлэхээс эхлээд бүтээн байгуулах, ашиглах, буцаагаад нураах хүртэлх амьдралынх нь мөчлөгийн бүхий л үе шатад аль болох байгальд хор хохирол багатай технологи ашигладаг боллоо. Монголд ч ийм барилга барих бүрэн боломжтой. Гэвч ногоон барилга одоогоор цөөн байна. Тиймээс ногоон байгууламжийг төлөвлөхдөө тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, иргэдийн амьдралын хэв маяг зэргийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай. Харин манайд энэ үе шатыг л орхигдуулаад байх шиг.
-Хотыг дахин төлөвлөхөд Архитекторуудын эвлэлийнхний оролцоо хэр хангалттай байдаг бол?
-“Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага-2040” гэх мэт төсөл, хөтөлбөрүүдэд биднээс санал авдаг ч хэрэгжүүлэх, тусгах тал дээр хангалтгүй. Мөн хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдөх нь хамгийн чухал. Гэтэл манайд маш олон төрлийн төлөвлөгөө, эрх зүйн баримт бичиг бий. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоо муутай учраас зөрчилдөөн үүсгэдэг. Эцэст нь архитекторууд л энэ асуудлуудыг бодитоор нь мэдэрнэ шүү дээ. Тэгэхээр нэг л ерөнхий төлөвлөгөөг баримталж, түүнийгээ хууль мэт мөрдөх шаардлагатай байна.
-ШУТИС-ийн Барилга, архитектурын тэнхимээс хотын дахин төлөвлөлт болон ногоон байгууламжтай холбоотой шийдлүүдийг боловсруулах чиглэлээр ямар судалгаа хийж байна вэ?
-Бид өнгөрсөн зун гэхэд автомашингүй гудамжны төслийн төлөвлөлтийн өмнөх суурь судалгааг хийж, гүйцэтгэсэн. Мөн “Рио Тинто” паркийн суурь судалгааг хийлээ. Түүнчлэн гэр хороололд парк байгуулах төслийн анхны судалгааг хийв. Манай профессор, багш нар өөр өөрийн судалгааны чиглэлээр үргэлж эрдэм шинжилгээний ажил, өгүүлэл бичиж, хэвлэн нийтлүүлж байна.
Миний хувьд монгол гэр болон гэр хорооллын барилгуудыг хамгийн хямд өртгөөр хэрхэн дулаан байлгах талаарх судалгаагаа үргэлжлүүлж буй. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай, өдөр, шөнийн агаарын температурын зөрүү их. Тиймээс халааж, бас сэрүү цүүлэхээс эхлээд барилгын дотоод орчны тав тухыг хангахад багагүй ур ухаан, төлөвлөлт, инженерийн шийдэл шаарддаг юм. Гэхдээ Монгол бол бусад оронтой харьцуулахад салхи ихтэй учраас сэрүүцүүлэх шаардлага арай бага. Тэгэхээр хамгийн чухал нь халаалт гэсэн үг. Бид эрт үеэсээ дулааныхаа тав тухыг хувцсаараа хангадаг байсан. Жижиг тулганд аргаль тү лээд л өвөлжчихдөг байсан шүү дээ. Харин ор чин үед тав тухаа хангасан, эрчим хүчний илүү үр ашигтай шийдэл зайлшгүй шаардлагатай.
У.Сүрэн