Монгол болон Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан соёлын элч Н.Ганхуягийн “Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд дэлгэлээ. Эл үзэсгэлэнд түүний сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд урласан цамын хувцас, хэрэгсэл, өмсгөл зүүсгэл тэргүүтэй 30 орчим бүтээлийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
“Хүрээ цам-108” үзэсгэлэнг дэлгэснээр мексикчүүдэд буддын шашны гүн ухаан, цамын багт дүрслэгдсэн утга агуулга, Монголын ард түмний өв соёл, урлагийн өвөрмөц уламжлалтай танилцах боломж олгож буй юм. Мөн Монголын болон Мексикийн иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой соёлын арга хэмжээ болж буйг зохион байгуулагчид онцоллоо.
Соёлын элч Н.Ганхуяг нь 30 орчим жилийн өмнөөс цамын баг урлаж эхэлжээ. Тэрбээр 108 цамын бүрэн баг, өмсгөлийг урлан, 2007 онд олны хүртээл болгосон юм. Үүнээс хойш тэрбээр эх орондоо төдийгүй олон улсад монгол цамыг сурталчлан таниулж буй нэгэн.
Цам нь эртний Энэтхэгт үүсэж, Төвөдөөр дамжин Монголд дэлгэрсэн буддын шашны томоохон зан үйл. Цам гэдэг нь төвөдөөр нам дарах гэсэн утгатай бөгөөд цамнах үед биеийг ганхуулж, сэгсрэн, харайж, дэвслэх зэрэг хөдөлгөөнөөр хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг хөөн зайлуулдаг аж.

Э.Сондор