УИХ-ын нэгдсэн чуулганы аравдугаар сарын ирцийн нэгдсэн мэдээг Тамгын газраас гаргажээ. Энэ хугацаанд чуулган нийт зургаан удаа хуралдсан аж. Үүнээс Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Л.Гантөмөр нар хоёр, С.Амарсайхан нэг л удаа хуралдаа суусан байна. Шадар сайд асан дөрвөн удаа чөлөө авч, үлдсэнд нь тасалжээ. Хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүйгээрээ “алдартай” Х.Баттулга гишүүн дөрвөн хуралдааныг зүгээр л тасалсан байх юм. Харин Л.Гантөмөр гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэнэ. Б.Бат-Эрдэнэ гишүүн гадаадад нэг, орон нутагт хоёр удаад нь томилолтоор явжээ. Зарим гишүүн “мөнхийн” томилолттой байдаг хэмээн П.Сайнзориг “гомдоллосон” удаатай. Тэрбээр нэр хэлээгүй ч АН-ын П.Батчимэг гишүүнийг хэвлэлүүд үүний эзнээр тодруулсан юм. Тэгвэл эл гишүүн аравдугаар сард хаашаа ч яваагүй, хуралдаандаа 100 хувь оролцсон байна.
Харин өчигдрийн хуралдааны тухайд О.Алтангэрэл, Б.Батбаатар, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Ч.Ундрам, О.Номинчимэг нар гадаад, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн нар орон нутагт томилолттой байлаа. О.Амгаланбаатар, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа нар чөлөөтэй аж. Мөн Л.Гантөмөр, Д.Ганбат, Б.Тулга, Х.Тэмүүжин, Х.Булгантуяа, Д.Батлут нар өвдсөн гэжээ. Ийнхүү 20 гишүүн тодорхой шалтгаан хэлсэн тул 106 хүн ажлаа хийх ёстой байв. Гэвч өчигдрийн чуулганд 64 хүн л ирж, 50.8 хувийн ирцтэй хуралдсан юм.