ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хэлэлцэж, үнэллээ. Тухайлбал, Анагаах ухааны хүрээлэнгийн доктор, дэд профессор Б.Батболдын удирдсан “Монгол Улс дахь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн судалгаа, микрофлорын өөрчлөлт”, Улсын гуравдугаар төв эмнэлгийн доктор, дэд профессор С.Наранцэцэгийн чиглүүлсэн “Зүрхний дутагдал өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын цогц менежментийг хэрэгжүүлэх нь” төслийг улсын төсвийн санхүүжилтээр тус тус амжилттай хэрэгжүүлж, үр дүнд нь шинэ техник, технологи, эмчилгээний арга, хэрэгсэл нутагшуулсан байна.
Мөн ЭХЭМҮТ-ийн доктор, клиникийн профессор Ш.Энхтөрийн хариуцан чиглүүлсэн “Хүүхдийн бөөрний мэс заслын тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь”, тус эмнэлгийн доктор, клиникийн профессор Д.Энхмаагийн удирдсан “Үр хөврөлийн удам зүйн оношилгоо ба эр бэлгийн бөөрөнхий эсийг үр тогтоох эмчилгээнд ашиглах технологийг нэвтрүүлэх нь” төсөл ч бас зорилгоо биелүүлсэн тул үр дүнтэй хэрэгжүүлсэн ангилалд багтаан, зөвлөлийн тогтоолоор албажуулахаар боллоо. Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь 20 гишүүнтэй бөгөөд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх энэ чиглэлийн үндэсний болон судалгаа хөгжүүлэлтийн төслийн санал боловсруулах, үр дүнг тайлагнах, үнэлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, инновацын чадавхыг бэхжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.
О.Оргилох