Монголын дугуйчид олон улсын уралдааны талбарт амжилтаа батлан харуулсаар байна. Үндэсний шигшээгээс гурван тамирчин ирэх онд Тайландын “Roojay cycling” мэргэжлийн багийнхантай хурд сорих нь. Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр 2023 оноос хойш тэдэнтэй хамт уралдаж байгаа. Тэрбээр ирэх улиралд дөрөв дэх жилдээ гэрээгээ шинэчлэн үргэлжлүүлэхээр болжээ. Мөн Ази тивийн 23 хүртэлх насныхны ангиллын аварга Б.Марал-Эрдэнэ 2025, 2026 онд дахин тус багт хүчин зүтгэхээр гэрээгээ сунгав. Тэгвэл ирэх жил Ази тивийн АШТ-ий 23 хүртэлх насныхны ангиллын мөнгөн медальт Х.Тэмүүлэн мөн тус багт шинээр нэгдэж, олон улсын тэмцээнд оролцох юм. Ташрамд дуулгахад, дугуйн спортын шигшээ багийн дасгалжуулагч А.Алтансүх тамирчдаа удирдаж цөөнгүй уралдаанд оролцуулсан.
Энэ оны чансаагаар Олон улсын дугуйн холбоонд гишүүнчлэлтэй 208 орноос манай улсын баг 37, Ази тивд III байрт эрэмбэлэгдэж буй. Үндэсний шигшээ багийн тамирчид Азийн чансаагаар ОУХМ Б.Тэгшбаяр III, С.Жамбалжамц V байрт жагссан нь түүнийг “Бөртэ чоно-2025” наадмын шилдэг дасгалжуулагчид нэр дэвшихэд нөлөөлжээ.