Монгол Улсын өнөөгийн сумдыг 1920 оноос байгуулсан гэж үздэг. Улмаар 1931 онд анхны 13 аймаг, тэдгээрийн 310 орчим сумыг шинэ бүтцээр байгуулжээ. Эл ажилд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд гар бие оролцож, манай орны өнцөг булан бүрээс бүх төрлийн түүхий эдийг бэлтгэн, татан төвлөрүүлэхийг зорьсон байна. Өөрөөр хэлбэл, орос “ах нар” Хөвсгөлийн тайгаас ангийн үс, загас, Архангайгаас сүү, цагаан идээ, Ховдоос аргаль, угалзын арьс шир, эвэр тэргүүтнийг бэлтгүүлэх, төвлөрүүлэх зорилгоор сумдыг маш нарийн төлөвлөсөн буюу газар нутаг, байгалийн баялаг, ан амьтан, малын төрөл, зүйлийг бүрэн хамруулж хуваасан гэдэг.
Нөгөөтээгүүр, тухайн үед Монгол чууд хотжиж амжаагүй, өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрд тархан амьдардаг, дэд бүтэцгүй, тээврийн хэрэгсэл бараг байхгүйгээс хүмүүст нийгэм, соёл, эмнэлэг болон бусад үйлчилгээг хүргэх зорилгоор сумдаа тархай бутархай байгуулсан гэх нь ч бий. Юутай ч одоогоор манай улс 330 сумтай. Гэвч хүн амын талаас илүү хувь нь нийслэлд амьдарч, сумд эзгүйрсэн нь үнэн билээ. Тухайлбал, нийт сумын төвийн 80 гаруй хувьд 1000-аас доош хүн амьдарч байгаа бол багуудаа оролцуулаад 70 орчим хувь нь 4000 хүрэхгүй хүнтэй гэдгийг Барилга, хот байгуулалтын яамнаас дурдлаа. Зарим багийн төв дэх сургуульд 10 орчим хүүхэд суралцаж буй бол Ховд аймгийн Дуут сумын ЕБС нийт 200 хүрэхгүй сурагчтай хичээллэж байна.
Дуутын сургууль анги тус бүрдээ ердөө ганц бүлэгтэй, тэндээ 10-18 сурагчтай, 12 дугаар анги нь тавхан хүүхэдтэй гэнэ. Тус сумын иргэн М.Оюунгэрэл “Манай сум аймгийн төвөөс 70 км-ын зайтай. Дээр үед тарвага болон бусад ангийн арьс бэлтгэн нийлүүлдэг, анчид олонтой сум байсан. Одоо бол оршин суугчид нь цөөрсөөр оюутан, аймгийн төвд амьдардаг иргэдээ оролцуулаад сумын төвдөө 1000 хүрэхгүй хүн бүртгэлтэй. Ганц ч үйлдвэр, цех байхгүй, томхон нэг дэлгүүр, төв дундаа нэг км засмал замтай, соёлын шинэ төв, төрийн хэдэн албан байгууллагатай. Ойролцоох Мөнххайрхан сум ч ийм л нөхцөл байдалтай байна. Дуут, Мөнххайрханыхан өндөр уулын бүсэд амьдарч, сарлаг маллаж адгуулж ирсэн. Гэтэл энэ жил мах үнэтэй, борлуулах боломж гарлаа гэлцээд малчид сарлагаа их зарсан. Сарлагийг 1.5-2.5 сая төгрөгөөр төвийн аймгуудаас олон хүн ирж худалдаж авсан. Мал нь цөөрсөн малчид бас л аймгийн төв, нийслэл бараадна гэсэн үг. Манай өрхийн тэргүүн сумд төрийн байгууллагад ажилладаг ч би аймгийн төвд амьдарч, хүүхдүүд Улаанбаатар бас БНСУ руу явцгаасан. Нөхөр маань энэ жил тэтгэвэртээ гарч, аймгийн төвд бид бүрмөсөн төвхнөнө” гэлээ. Харин Төв аймгийн Сэргэлэн сумын иргэн Г.Батдорж “Манайх нийслэлээс 60, аймгийн төвөөсөө 10 гаруй км-ын зайтай. Улаанбаатар болон төвийн бүсийг сүү, цагаан идээгээр хангах 1000 үнээний фермийг Сэргэлэнд байгуулж, сум үүсгэж байсан ч өдгөө нөхцөл байдал өөр болсон. Манай хүүхдүүд аймгийн төвд, бас Улаанбаатарт сургуульд сурдаг. Эхнэр аймгийн төвд ажилтай, би хашаа, байшингаа сахиж, зам зууртаа Улаанбаатар, Төв аймаг, Сэргэлэн сум хооронд тээвэр хийдэг. Сумын төвд ганц, хоёр дэлгүүр, төрийн албаны хэдэн байгууллага л бий. Ногоо тарьдаг хү мүүс байдаг ч цөөхөн дөө. Бид сонгууль өгөх, наадам үзэх гэж л сумдаа халуун бүлээрээ цугладаг” хэмээн ярив.
Нийслэлтэй ойролцоо болон зах хязгаар гэлтгүй энэ бол манай улсын сумдын дийлэнхийнх нь нийтлэг төрх. Сум хөгжүүлнэ, хөдөөг тэлнэ, шилжин суурьшигчдыг урамшуулна гэж олон жил ярьж, багагүй ч хөрөнгө зарцуулсан. Гэтэл үнэндээ уул уурхайн компаниуд голлон төвлөрсөн аймаг, сумаас бусад нь хөгжихгүй, үйлдвэржихгүй, хүн ам нь улам цөөрсөөр. Наад захын жишээ гэхэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-аас өнгөрсөн сард гаргасан зарлалд “Сум хөгжүүлэх сангаас 10 жилийн өмнө авсан зээлээ төлөөгүй иргэд төлнө үү” гэжээ. Гэрлэн, даавуун чимэглэлийн үйлдвэр байгуулна, гахайн эрчимжсэн аж ахуй эрхэлнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулна гээд 20132015 онд гэхэд л 14 иргэн, аж ахуйн нэгж 140 сая төгрөгийн зээл авчээ. Эндээс төсвийн хөрөнгө “Сум хөгжүүлэх сан”гаар дамжин үрэгддэг ч эцэстээ сум нь ч эзгүйрээд дуусаж байгааг харж болно. Тиймээс сумынхаа хүн амыг өсгөж, бүтэц зохион байгуулалтыг өөрчилсний дараа л үйлдвэржүүлэх, зээл олгох, эдийн засгийн хөгжүүлэх тухай ярих хэрэгтэй байна.
Улсын хэмжээнд аймгийн төвтэйгөө хэт ойр буюу 30 км дотор 35 сум байгаа бол төвөөсөө 30-50 км-т 60-аад сум бий гэнэ. Мөн улсын цэцэрлэгийн 32, ЕБС-ийн 42 хувь нь сум болон багт үйл ажиллагаа явуулж байна. Сумд ийнхүү хүн ам багатай, эзгүй болсон учраас эдийн засгийн болон нийгэм, соёлын хөгжлийг яриад ч нэмэргүй гэсэн үг. Хүний оролцоотойгоор л хөгжил, эдийн засгийн өсөлт ирнэ үү гэхээс малын тоо их, бэлчээр нутаг уудам байгаад ямар ч нэмэр болохгүй. Уг нь жижиг сумдыг нэгтгэх, татан буулгах асуудлыг зарим гишүүн, судлаач хөндөж, УИХ, Засгийн газрын түвшинд авч хэлэлцсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй аж. Энэ нь сум, тойргоо тойлж байж УИХын гишүүн болдгоос үүдэлтэй болов уу. Харин өдгөө тойрог томорч, сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн учраас сумд тулгамдсан асуудлыг нухацтай авч үзэн, шийдвэр гаргаж магадгүй юм. Үүсэн буй нөхцөл байдлаа нийтээрээ ярилцаж, нээлттэй сонсгол хэлэлцүүлэг хийж ч болох. Сумдын хүн ам цөөрч, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж багассан талаар ямар арга хэмжээ авч, юу хийж буйг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тодруулахад “Одоогоор ямар нэгэн төлөвлөгөө, байр суурь алга. УИХ-ын гишүүдээс санал, санаачилга гаргаж, хэлэлцүүлж байж Засгийн газарт “орж ирнэ”. Шинэ сэргэлтийн бодлого, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд зарим сумд үйлдвэр, хоршоо, ферм зэргийг байгуулах, хөнгөлөлттэй зээл, оршин сууж буй иргэдэд нь орон нутгийн нэмэгдэл олгох зэрэг ажил үргэлжилж буй” гэлээ. Харин судлаачид ийн ярив.
5000-ААС ДООШ ХҮН АМТАЙ БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ
С.ДАВААНЯМ: (Барилгын хөгжлийн төвийн зөвлөх, бүс нутаг судлаач, зөвлөх эдийн засагч)
-Сүүлийн жилүүдэд сум орон нутгийн хөгжил, хүн амын төвлөрөл болон сийрэгжилтийг судалж, цөөнгүй аймаг, сумаар явсан. Орон нутагт сургалт зохион байгуулж, судалгаа хийж байсан. Цөөн хүнтэй сумын иргэд, зах зээл болон нийгмийн эрсдэл, асуудлаа мэдэрдэг, энэ байдлаараа хөгжихгүй гэдгээ ойлгодог гэхэд болно. Тэгээд ярьж, хэлэлцэж байснаа албан тоотоор буюу бичгээр санал авах болохоор ирүүлдэггүй. Мэдээж тухайн орон нутаг бүр өөрийн үүх түүхтэй, төрийн захиргааны байгууллагууд хэвийн ажиллаж байдгаас сумаа нүүлгэе, өөр сумтай нэгдэе хэмээн албан ёсоор зөвшөөрч чаддаггүй байх. Өдгөө сум, аймаг, нийслэл хатуу хучилттай замаар холбогдсон, нийгмийн болон бусад дэд бүтэц улам бүр хөгжиж буйгаас хүмүүс төвд тэмүүлж, татагдаж амьдрах болсон. Малчид бараг бүгд машинтай болсноос хэрэгцээгээ аймаг, хотоос хангах боломж бүрдсэн. Тэр хэрээр хот, хөдөөгийн ялгарал ч багассан. Тиймээс хүн ам нь цөөрсөн, төвдөө 1000, багтайгаа нийлээд 3000-аас дотогш иргэнтэй сумдыг нийлүүлэх, аймгийн төвтэй нэгтгэх, татан буулгах хэрэгтэй л гэж би хэлнэ. Олон улсын эдийн засгийн газар зүйн онолоор 5000 буюу түүнээс дээш хүн амтай сууринд бизнес хөгжих, жижиг, дунд үйлдвэр ажиллуулах боломжтой гэж үздэг. Нөгөө талаас ямар ч үйлдвэр, үйлчилгээ 5000-аас доош хүнтэй сум суурин газарт хөгжихгүй, “насгүй”. Тэгэхээр цөөн хүнтэй сумдад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хөгжихгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Аймгийн төвөөс 5-30 км-ын зайтай 35 сум байна. Үүнээс 20 сумыг нь нэн тэргүүнд аймгийн төвд нь нэгтгэх боломжтой. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн төвд шахам Бугат сум бий. Чойбалсангаас есөн км-ын зайд Баянтүмэн сум байна. Энэ мэт “хийсвэр” сум цөөнгүй. Сургуулийн насны хүүхдүүдийнх нь 50 гаруй хувь нь төвдөө сурдаггүй ч сум байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу хил орчмын сумдыг хөндөхгүй үлдээн, бусад бүх сумыг нэгбүрчлэн авч үзэж, шаардлагатай өөрчлөлт хийх учиртай. Мөн 12 жилийн сургуулиудыг ес, есөн жилийн боловсрол олгож буйг нь бага сургууль болгох боломжтой. Сумдын хүн ам эзгүйрсэн нь хүйсийн харьцаанд сөргөөр нөлөөлж, сумдад амьдарч буй эрчүүд эхнэр авч чадахгүй, өрх бүл үүсгэж чадахгүй болсон. Мөн сонгуулийн тойрог жижиг байхад УИХ-ын гишүүд малчдын саналыг авахын тулд багийн төвд сургууль байгуулсан. Нэг багт 300 хүүхдийн сургууль барьж, үүнд нь 11 хүүхэд сурч, 12 багш, ажилчин ажиллаж байсан жишээ ч байна. Энэ бол улсын хөрөнгийг үргүй зарж, дур мэдэн шийдвэр гаргаж байгаагийн л илрэл. Нөгөө талаас нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч нийслэлд хүн амынхаа 50-иас дээш хувь амьдардаг учраас байгалийн гамшиг, бусад өвчин тахлын үед төвлөрсөн олон хүнээ алдах эрсдэл өндөр болдог. Хот, хөдөөгийн хөгжил, хүн амын аюулгүй, тайван амьдрах эрх, эдийн засгийн нөхцөлөө бодсон ч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийг яаралтай эргэн харж, сумдын асуудлыг шийдвэрлэх ёстой.
СУМДЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ЗУРАГЛАЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
М.АЛТАНБАГАНА: (Дэд профессор, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын дарга)
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хил орчмын бүс нутгийг хөгжүүлэхдээ үндэсний нэгдмэл ашиг сонирхлыг дээдэлж, Монгол Улсын бүрэн эрхт байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататгах зарчмыг үндэс болгоно” гэж заасан. Энэ агуулгаар хил орчмын сумдыг татан буулгах асуудал нь үндэсний аюулгүй байдалтай харшилна. Манай улсын хилийн шугамын нийт урт 8216 км, үүнээс ОХУ-тай 3485, БНХАУ-тай 4731 км хуурай газраар хиллэдэг. Хил орчмын бүс нутагт 14 аймгийн 77 сумын 150 баг багтдаг. Концепцын хувьд хүн ам, газар нутаг нэмээд хэл, соёлтой байж гэмээнэ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал бэхжинэ. Тиймээс дээрх сумын хүн ам, хил хамгаалагч нарын нийгэм, эдийн засаг, байгал экологийн нөхцөл зэргийг цогцоор судалж, хөгжүүлэх бодлогыг тодорхойлох нь чухал.
Харин хүн ам хэт цөөн, аймгийн болон хотын төвийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн бүсэд байрладаг, ойрхон сумдыг татан буулгах асуудлыг хөндөж болно. Гэхдээ энэ нь бас ярвигтай. Жишээлбэл, сумд 100 жилийн ойгоо тэмдэглээд эхэл чихсэн. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулиар бөх, уяачид, харваачид засаг захиргааны харьяалал буюу сумдын нэрээр цоллуулдаг. Энэ нь нийгмийн олон бүлгийн эсэргүүцэлтэй тулна гэсэн үг. Нөгөөтээгүүр, Үндсэн хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газарт өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж заасан. Тэгэхээр аймаг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжих, эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, сум бол нутаг дэвсгэртэй, засаг захиргаатай, хүн ам нь сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй, мал аж ахуй, газар тариалан, өрхийн үйлдвэрлэлтэй, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт бүхий нийгэм, эдийн засаг цогцолбор. Тиймээс минийхээр бол сумдыг татан буулгахаас илүүтэйгээр өөр хоорондын уялдаа холбоог нь хангаж, хөгжүүлэх стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй. Засгийн газраас сумдыг хөгжүүлэх нэгдсэн стратегийн зураглал гаргаж байгаагүй. Харин сум бүр тусдаа хөгжлийн стратеги боловсруулдаг, эдгээр нь өөр хоорондоо уялдаа холбоо сул байдаг. Сумын хөгжлийн стратеги нь тухайн сумын газар зүйн байршил, нөөц, боломж, давуу талд тулгуурласан, ямар үйлдвэрлэл, үйлчилгээний кластерыг хөгжүүлж, цаашлаад аль сумтай хамтарч, хэрхэн хөгжих вэ гэдгээр илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, сум бүр бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргээ тодорхойлох учиртай. Энэ үүрэг маш чухал бөгөөд тухайн сумын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хөрөнгө оруулалт татах үндэс болно.