Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацын (KGS) төлөөллийг өчигдөр хүлээн авч, хоёр улсын хамтын ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцлаа. Монгол болон БНСУ-ын геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин тэлж буй аж. Түүнчлэн тус улсын Газрын тосны чанар, хангамжийн газар, Уул уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн корпорац зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн сайн байгаа гэнэ. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард АМГТГ, KGS-ийн хооронд хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан аж. Үүний хүрээнд Улаанбаатарын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын айлуудын дулааны хэрэгцээг шатдаг хийгээр шийдвэрлэх боломжтойг уулзалтын үеэр ахин онцоллоо. Эхний ээлжид 15 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хоёр талын хамтран боловсруулсан “Шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналтын нэгдсэн тогтолцоог чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж эхлүүлснийг АҮЭБЯ-наас дурдав. БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2025–2027 онд хэрэгжүүлэх уг төслийн үр дүнд нийслэлийн агаарын бохирдол тодорхой түвшинд буурна хэмээн талууд тооцжээ.
С.Цэрэн