Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей болон МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийнхэн хамтран “Өв өлгий-3000” тусгай үзэсгэлэнг энэ сарын 20-ныг дуустал олны хүртээл болгох нь. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газраас өнгөрсөн VI-VII сард илрүүлсэн судалгааны ажлын үр дүн болон дөрвөлжин булшны соёлын талаар цогц мэдээлэл өгөх юм байна.
Мөн Монголын эртний түүх, тэр дундаа хүннүчүүдийн өвөг дээдэс болох дөрвөлжин булшийг үлдээгч ард түмэн ямар гайхалтай нэгдмэл соёлтой байсан, тэр нь хэчнээн өргөн уудам нутагт түгэн дэлгэрсэн тухай олон сонирхолтой мэдээллийг нийтэд хүргэх аж. Ингэхдээ дөрвөлжин булшны соёлын ерөнхий ойлголт, Монгол болон олон улсад үүнийг хэрхэн судалж ирсэн түүх, онцлох дурсгалууд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, утга агуулга зэргийг тодорхой түүхэн баримтаар дамжуулан толилуулахаараа онцлогтой гэнэ. Түүнчлэн дөрвөлжин булшны хадны зосон зургийн судалгааг Гачууртын ам, Их тэнгэрийн ам хэмээх хоёр түүхэн дурсгалт газарт хийжээ. Ингэхдээ сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан 3000 жилийн тэртээх зургийг олон программын тусламжтайгаар иж бүрнээр нь сэргээн засварласнаа энэ үеэр толилуулах юм байна.
У.Сүрэн