- 2025 онд захиалагчдын төсөвт өртгөө нэмүүлэх саналыг аудит хянаад, 163 тэрбум төгрөг хасжээ -
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүн жил ирэх тусам нэмэгдэж буй ч хэдэн он дамнаад ч баригдаж дуусдаггүй барилга, байгууламжуудын тоо буурахгүй хэвээр байна. Зөвхөн 2024 онд л гэхэд Монгол Улсын төсвийн тухай хуулиар 2.89 их наяд төгрөгийг барилга байгууламжид зарцуулахаар баталсан бөгөөд үүнийг өмнөх жилтэй нь харьцуулахад 43 хувиар өссөн, 2020 оныхоос даруй 2.7 дахин нэмэгдсэн дүн аж. Сонгуулийн жил өнгөрсөн учраас 2025 оны төсөвт 2.4, ирэх жил 1.57 их наяд төгрөгийг барилга, байгууламжид зарцуулахаар баталсан нь 2020 онтой харьцуулахад 1-2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга 2012 онд эхлэхдээ анх батлагдсан зураг төсөв нь 7.1 тэрбум төгрөг байсан бол өдгөө гурав дахин нэмэгдэж, 20.9 тэрбумд хүрчээ.
Анхнаасаа төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж буй нь анх оруулж ирсэн дүнгээсээ ийнхүү суга нэмэгдэх үндсэн шалтгаан болдог байна.
Мөн материалын хэмжээг үндэслэлгүйгээр өсгөх, жишиг үнээс өндрөөр тооцох, үр ашиггүй ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн зэргээс үү дэн өртөг нэмэгдэх нийтлэг зөрчил байгааг аудитын дүгнэлтэд дурджээ. Жишээ нь, 13 жилийн өмнө ажил нь эхэлсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөв анх батлагдсанаасаа 1.5 тэрбумаар нэмэгдэн, 2020 оны байдлаар 4.7 тэрбум төгрөг болсон хэрнээ өнөөг хүртэл ашиглалтад ороогүй л байна. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 240 хүүхдийн сургуулийн төсөв гэхэд гуравхан жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, 2.5 тэрбум давсан бол ГовьАлтайн Тонхил сумд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгынх мөн 2.2 дахин өсөж, зургаан тэрбумд хүрсэн зэргээр татвар төлөгч дийн мөнгийг салхинд хийсгэдэг жишээ тоо чоод байвал олон бий.
“ТӨСӨВЛӨЛТИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ УИХ БАТАЛДАГ”
Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2023 онд гүйцэтгэсэн “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдэл зардалд дүгнэлт гаргах” аудитаар захиалагч дын зүгээс 313 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нийт 823.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр санал ирүүлсний 14.6 хувь нь үндэслэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл 2025 оны энэхүү нийцлийн аудитаар захиалагчид төсөвт өртгийг 521 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал ирүүлсний 31.3 хувь буюу 163 тэрбум төгрөгийг үндэслэлгүй гэж үзээд, хассан байна. Өөрөөр хэлбэл, 10 сайдын багцад хамаарах 145 төсөл, арга хэмжээний 110 нь зураг төсөл, төсөвтэй байх шаардлагыг бүрэн хангаагүйг аудитынхан тогтоож, холбогдох байгууллагууд нь хяналтаа чангатгаж, улсын төсөв батлахдаа УИХ-ын гишүүдийг хариуцлагатай хандахыг сануулав. Хамгийн олон зөрчил нь Боловсролын сайдын багцад хамаарах 73, араас нь ССАЖЗ-ын сайдын 17, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон ХЗДХ-ийн сайдын таван төсөл, арга хэмжээг ямар ч зураг төсөлгүйгээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байжээ. Зураг төсөлгүй 73 сургууль, цэцэрлэг улсын хэмжээнд баригдаж байсан гэхээр Монголын боловсролын салбарын бодлого, зорилго төлөвлөгөө, алсын хараа, ирээдүй хаашаа явж буйг таахад үнэхээр бэрх.
ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд “2025 оны төсөвт өртгийн нэмэгдэл зардалд дүгнэлт гаргуулахаар Сангийн яамнаас ирүүлсэн жагсаалтын дагуу бид 145 төсөл, арга хэмжээг хянаж шалгахад 70 орчим хувь нь төсөвлөлтийн шаардлага хангаагүй буюу зураг төслийн алдаатай, ажлын тоо хэмжээг зургаас илүү тооцсон, давхардуулсан, материалын үнийг өсгөсөн зэрэг зөрчил нийтлэг байна. Төсвийн тухай хуульд төсөвлөлтийг хэрхэн хийх тухай шаардлагууд тодорхой байхад энэ шатанд процессын алдаа их гардаг гэсэн үг. Салбарын яам, Барилгын хөгжлийн төв зэрэг хяналт тавих ёстой байгууллага ажлаа туйлын хангалтгүй хийдгийн улмаас төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг, зураг төслийн алдаатай төсөл, арга хэмжээнүүд нэмэгдэж байна. 2023 онд энэ тухай дүгнэлтээ гаргаад, алдаагаа засаж сайжруулах зөвлөмжийг бид Засгийн газарт өгсөн боловч энэ жилийн аудитын шалгалтаар буурах биш, харин ч бүр нэмэгдээд ороод ирлээ. Үүнд шат шатны байгууллага хяналтаа тавих ёстой. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй байгаа төсөл, арга хэмжээнүүдийг УИХ яагаад батлаад байдаг юм бэ. Энэ талаар бид сүүлийн 14 жил ярьж, аудитын дүгнэлт, зөвлөмж гаргаад холбогдох газруудад нь хүргүүлж байгаа шүү дээ” хэмээлээ.

ЧУХЛЫН ЭРЭМБЭ ДАРАА, ТӨСВИЙН САХИЛГА БАТ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА ХААНА БАЙНА ВЭ
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрэмд барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах үйл ажиллагааг зохицуулсан боловч гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцын зохицуулалтыг тусгаагүй нь маш том гажуудал болдог. Нэг маягийн болон ижил төстэй төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт суурилан бусдыг нь төлөвлөх, эсвэл тодорхой тооцоо, үндэслэлгүйгээр ойролцоо дүнгээр тооцож баталсны дараа зураг төсвийг боловсруулан магадлалаар баталгаажуулдаг явдал манайд түгээмэл аж. Төсөл, арга хэмжээг төлөвлөж, барилга байгууламжийн төсөвт өртгийг тооцохдоо хууль тогтоомж, норм дүрмийн шаардлагыг бүрэн баримтлахгүй байгаагийн дээр магадлалаар баталгаажуулахдаа зураг төсөл, төсвийн тооцооллын алдааг залруулдаггүй нь Монгол Улсад хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл бүх шатанд алдагдсаны илрэл буюу. Барилгын зураг төслийг норм, норматив, стандартынх нь дагуу хатуу хяналттай гаргаад, Төсвийн тухай хуулийн хүрээнд төсөвлөлтөө анхнаасаа зөв хийгээд явах нь Засгийн газрын үүрэг. Гэтэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Барилгын хөгжлийн төвийнхөн ажлаа яаж хийдэг болоод Монголд баригдах сургууль, цэцэрлэг, Соёлын ордон, Хөгжимт драмын театр, спорт цогцолборуудын төсөв анх батлагдсанаасаа хойш ашиглалтад орох хүртлээ хэд дахин тэлж өсөөд байна вэ. Тухайн орон нутгийн ард иргэдийг төлөөлөөд хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж буй гишүүд жил жилийн улсын төсөв хэлэлцэн, батлахад юугаа хийж суудаг хэрэг вэ.
“Барилгын төсөвт өртгийн өөрчлөлтийг томсгосон хэлбэрээр тооцох аргачлалын дагуу хэрэглэх үнийн индекс, валютын ханшийн мэдээллийн бэлэн байдал хангагдсан боловч үү нийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга, байгууламжийн төсөвт өртгийг төлөвлөх үйл ажиллагаанд мөрдөхгүй байна” гээд мэргэжлийн байгууллага нь дүгнэлтээ гаргаад өгчхөж. Энэ жилийн тухайд гэхэд л магадлалаар баталгаажуулсан зураг төслийг хянахад 16 төсөл, арга хэмжээний зураг төсөл алдаатай, аудитын явцад залруулах боломжгүй байсан тул дахин магадлуулах шаардлага үүсжээ. Ард нь дахиад л татвар төлөгч бидний мөнгө улс төрчид болон тэдний “цүнх баригч” хурган дарга нарын гарын салаагаар урсаж байгааг мартах ёсгүй. Жил жилийн улс, нийслэлийн төсөвт хаана, ямар барилга, байгууламжид хэдэн төгрөг төсөвлөж буйд иргэд, олон нийт өөрсдөө ч давхар хяналтаа тавьдаг, тэр нь хэчнээн жил үргэлжилсэн, үнэхээр үр ашигтай төсөл мөн, эсэхийг лавлаж шалгаад, тойргоосоо сонгогдсон гишүүдэд саналаа хэлдэг, шаардлагаа хүргүүлдэг болж хэвшмээр байна аа. Засгийн газрын ажил, барилгын сайдын чиг үүрэг, аудитынхны л мэдэх хэрэг гээд хойш суулгүй, татвар төлөг чид бид өөрсдөө нүд, чихээ онгойлгоод, давхар сонор сэрэмжтэй байцгаая л даа.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд 320 хүүхдийн сургууль баригдаагүй 13 жил өнгөрөхөд хэн хохирч, хэн хожив? Тэндхийн хүүхдүүд ямартай ч хуучин байрандаа хичээллэж болоод өдийг хүрч. Харин тэр хооронд улстөрчид “Танай сумд сургуулийн барилга барьж өгнө шүү дээ” гэх хоосон амлалтаар хэдэн сонгууль дамнан сонгогчдоос санал худалдаж авсан бол? Тэр хооронд төсөвт өртөг нь л жилээс жилд нэмэгдэн, татвар төлөгчдийн халааснаас гарсаар байв. Архангай, Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгад жилийн жилд амсуулах төдий төсөв тавьж явсаар анх төсөвлөснөөсөө 3-4 дахин нэмэгдсэн хэрнээ өнөөг хүртэл ашиглалтад ордоггүй. Тэглээ гээд өнгөрсөн 10-аад жилд тэдгээр аймгийнхан урлаг, уран сайхнаар цангаад сүйд болсонгүй. Хуу чин театртаа үйл ажиллагаа явуулаад болоод л байна. Чухлын эрэмбэ дараа, төсвийн сахилга бат, хяналт, хариуцлага хаана байна вэ. Татвар төлөгчдийн халааснаас гарч буй 1000 төгрөг ч эзэндээ бол үнэ цэнтэй. Гэтэл нэг байшин барихын тулд 10 гаруй жилийн өмнөөс “нэг тэрбум, хоёр тэрбум...” гэж цувуулж увуулж төсөвт суулгасан мөнгө чинь газар шорооны ажилтайгаа хамт хөрсөн дор “нойрсож”, сөнөсөн балгас шиг бүтээн байгуулалтаараа иргэдийг хуурсаар улс төрчид л хангалттай хожсоор байна.
“Энэ төсөл арга хэмжээ чинь төсөвлөлтийн асуудалтай байна, тэр барилга, байгууламжийн зураг төсөл чинь болохгүй байна. Энэ энийг засаж сайжруулаарай” гээд аудитаас зөвлөмж хүргүүлэхээр “Тэр даргын үед баталсан зураг төсөл учраас бид мэдэхгүй шүү” гээд хариуцлагаас зугтдаг сонгодог арга манайд газар авсан гэдэг. Гэтэл нөгөө дарга нь аль хэзээний өөр яам, эсвэл аль нэг агентлагт газар, хэлтсийн даргаар оччихсон, дараагийн ээлжит алдаатай төсөвлөлтөө хийгээд сууж байдаг нь эмгэнэл гэдгийг олон жил тиймэрхүү нөхөдтэй “зууралдсан” аудитынхан хэлж байна. Хууль нь байгаа ч хэрэгждэггүй, төсвийн хяналт, хариуцлагын тогтолцоо хэтэрхий сул Монгол шиг оронд шат шатны төрийн албан хаагчид болон улс төр чид ингэж татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог. Харин хариуцлагын тогтолцоо нь тодорхой, ойлгомжтой улс орнуудад бол тухайн төсөвлөлт, зураг төслийг алдаатай хийж, улсад хохирол уч руулсан дарга, мэргэжилтэн, түүнд хяналт тавьж чадаагүй томчууд буюу сайд, гишүүдийн араас хууль заавал нэхсээр “очдог” гэж байгаа.
Л.Аргамжин