Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн, үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байна. 2010 оны БАЛДОРЖ шагналд сэтгүүлч, зохиолч Баасангийн Номинчимэд “Айн Жалудын домог”, “Энэтхэг дэх Их монголчуудын түүх” нийтлэлээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм.
-Айн-Жалудын тулалдаанд эрсэдсэн монгол дайчдын дурсгалд-
ДУРСАХЫН УЧИР
Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны есдү гээр сарын 3-нд өнөөгийн Израилын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт Монголын бага шиг арми лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эр, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Буха тэрхүү газарт үүрд нойрсжээ. Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа бөхийж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсжээ. Маш олон түүхч Айн-Жалудын тулалдааныг анх удаа Монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.
Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагийн удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхч тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмын дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй. Уг тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг байсан билээ.
Бамаянд ялагдсанаар Монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт өгсөн. Харин Айн-Жалудад манай баг цэрэг цохигдсоноор Арабын ертөнц бүхэлдээ, Мисир орон Монголын довтолгооноос аврагдаж, түүхийн хүрд огт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евфрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан юм.
Түүхийн янз бүрийн эх сурвалжид Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15-20 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Википедиа зэрэг лавлахад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан.
Юутай ч Хит Бухагийн арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонх түүхч ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн их сургуулийн профессор Рювен Амитай Хит Буха 12 000 цэрэгтэй байсан гэжээ. Хүлэг хаан Сириэс буцахдаа Хит Бухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Армений туслах цэрэг 1000 орчим, мөн монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу.
Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Киараас монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ. Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон тэнд оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахыг нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход тэднийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчин эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бибарсын удирдлаган дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч ч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ. Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Салихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэрэгтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм. Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм.
Гумилев, Салих зэрэг Өрнийн түүхч хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрүүтэй, монголчууд 15 000, мамлюк-түрэгүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудад мамлюк-түрэгүүд монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх. Ийнхүү нэг түм орчим монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Буха ноёныхоо тугийн дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн, шийдэмгий, монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бибарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.
ЛАЛЫН ТЭНГЭРТ АЯНГЫН ҮҮЛ ХУРАЛДАВ
1258 оны хоёрдугаар сарын 13-нд Хүлэг хааны дайчдын өмнө Багдад эрхгүй хүчин мөхөстөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт мөнгөний зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь лалын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхний хувьд дорноос ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ. Армяны түүхч Киракос “Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсны эзэрхэг түрэмгий байсны, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу” хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ. Багдадын уналтын өмнө Хүлэг хаан Лалын ертөнцийн хар дарсан зүүд болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ.
Хүлэг хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евфрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад монгол цэргийн гарт дараалан нурав. Гэвч Хүлэг хаан Монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан ордны хаан лал шүтлэгтэй Бэрх тус ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсноос үүдэн буцжээ. Тэгэхдээ жанжин Хит Бухаг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна.
Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзыг ээлж дараалан авч, Дамаст тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, Дамаскт бууж өглөө. Хит Бухагийн цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж, олзолжээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хот, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ.
Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд лалын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюктүрэгүүд болоод байв. Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ.
ТҮҮХИЙН ХҮРДИЙГ ӨӨР ТИЙШ НЬ ЭРГҮҮЛСЭН УВИАГҮЙ БАРОНУУДЫН УРВАЛТ
Хит Буха ноёнтон өнөөгийн Израилын зүүн хэсэгт орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, темплиер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын холбоотон болов. Учир нь тэдний дайсан нь лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл Европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Трифол орчимд бэхэжсэн Загалмайтнуудын түшиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг.
Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардмаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж, эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар цуут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд орон нутгийн Загалмайн шашинт баронуудыг хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха... Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахлаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь ч аргагүй юм. Энэ бол Монголын эзэнт гүрэн аль хэдийн дээд оргил цэгтээ хүрч, эцсийн эрчиндээ орчихоод байсан үе ажээ.
Аливаа түүхэн эргэлтэд санамсаргүй, тун ч ялимгүй мэт үйлдэл гол оньс болон түүхийн хүрдийг эсрэг зүгт хөдөлгөчихдөг тохиолдол бий аж. Учир юун гэвээс, Сидоныг “Урт хөлт” Жульен хэмээх франк эр захирч байжээ. Ер тухайн үеийн Европын баронууд балмад түрэмгийгээрээ, дураараа дургидгаараа зард гарсан, Жульен ч тэднээс огтхон ч дутахааргүй байж. Монголчуудын очсон газар бүр дэг журамд орж, аливаа дураар үйлдэх явдал хантайрагдан хазаарлагддаг байсан тэр л жаягийн дагуу Сири, Палестинд манайхан орсны дараа тэнд шинэ дэг журам бий болж, өнөөх цадиггүй баронууд дураар дургиж чадахгүйд хүрчээ.
Нэгэн өглөө Хит Буха ноёнтон итгэмээргүй тун хачирхалтай мэдээ хүлээж авчээ. Нөгөөх холбоотон баронууд нь Хит Бухагийн нөөц агтны цэргийг алаад, туугаад явчхаж, дээрэмдчихэж гэнэ. Урьд өмнө монголчуудад дайсан хаяанд байхад холбоотныхоо цэргийн агт руу хуруу дүрж байсан ийм хөгийн явдал огтоос тохиолдож байсангүй. Итгэхэд нэн бэрхтэй. Хамгийн адгийн урвагчид л ингэх биз. Гэтэл тухайн нөхцөлд урвана гэдэг зүгээр л сүйрэл рүү өөрөө гүйгээд очиж буйгаас ялгаагүй байж. Монголчуудаас урваж боллоо гэхэд Мамлюкуудаас өршөөгдөхгүй нь ойлгомжтой. Хит Буха ноёнтон энэ явдалд итгэсэнгүй. Тэгээд ач хүүгээ 200 цэрэг дагуулан Жульенд том эндүүрэл болсныг хэлж, агт морьдоо буцааж авхуулахаар Сидоны зүг илгээжээ...
Ичсэн хүн хүн ална гэгчээр “Урт хөлт” Жульен Хит Бухагийн ач хүүг (зарим түүхч хүү гэсэн бий) дагалдагсдын хамт нударч орхиод хулгайлсан агтаа далайн эрэг дагуулан Акра руу хөөлгөчихжээ. Үнэ хүргэх гэж тэр. Гэхдээ хэнд гээч... Өөрсдийнх нь мөнхийн дайсан Мамлюкүүдэд. Тэдэнтэй Акра болон Турийн баронууд ч хуйвалдсан байна. Янхан мөнгөө авч л байвал хэнтэй, хэзээ, хаана гэдэг нь хамаагүй гэдэг шиг хулгайч хүнд бол үнэ хүрч л байвал хэнд, хэзээ, хаана зарсан нь хамаагүй билээ.
Монголчуудын хувьд байж боломгүй мэт энэ явдалд гэлмэн цочирдсон Хит Буха ихэд хилэгнэн цэргээ авч Сидоныг бүслэн байлдав. Хэдийгээр “Урт хөлт” Жульен балмад, журамгүй эр ч бас эрэлхэг рыцарь байж. Хотоо сүрхий хамгаалж, эцэст нь ойр дотнынхноо аван усан онгоцонд суун Киприйн зүг зугтжээ. Монголчуудад тухайн үед усан онгоц байсангүй тул араас нь мөшгөж чадсангүй, харин Сидоныг нь эвдлэн сүйтгэж, галдан шатааж орхижээ. Ойрхи Дорнод дахь Христийн шашны нэгэн тулгуур болж асан Сидоны үнс Акра хийгээд Турын баронуудад таалагдсангүй.
МАМЛЮК-ТҮРЭГҮҮДИЙН ЭЦСИЙН ЭРС ШИЙДВЭР
Энэ үед Хүлэг хааны ихэмсэг бардам үгтэй захидал хүлээн авсан Мисир орон үймэн сандралдаж байв. Хүлэг хаан тэрхүү захидалдаа “Дээд тэнгэрийн зарлигаар монголчууд хүрэлцэн ирлээ. Биднийг сөрсөн бүхнийг няц дарна, та бүхэнд биднийг эсэргүүцээд үхэх, эсвэл бууж өгөх хоёрхон зам бий. Зугтан зайлах зам байхгүй, учир нь Тэнгэрээс тэгж заасан юм” гэжээ. Мөн боол байгаад эзнээ алж, урвалгаар их суудалд хүрсэн султан Күтүзийг мамлюк-боол гаралтайг нь дурдаж, боол учир эзнийхээ өмнө бушуу хурдан нүглээ наминчлахыг тушаасан байна.
Күтүзийн цэргийн зөвлөл бүтэн долоо хоног хуралдаж, бууж өгөх, сөрөн босох, эсэх дээр санал зөрөн удтал маргалджээ. Өөрийгөө ялагдан сүйрсэн Хорезм шахын угсааны хүн гэж тооцдог Күтүз болон монголчуудад өмнө нь олзлогдож, бас цэрэгт нь алба хааж байгаад Ливант руу боол болон зарагдаж, түмэн бэрхийг туулж байсан Бибарс нар тулалдаад үхье гэдэг дээр тууштай байсан байна. Эцэст нь Сирийн зарим хот бууж өгсний дараа ч монголчуудын өршөөл энэрлийг аваагүй, хядагдсан гашуун түүх тэднийг нэгэнт л үхэхээс хойш бууж өгч алуулснаас сэлмээ бариад тэмцэж байгаад үхсэн нь дээр юм гэсэн шийдвэрт хүргэжээ.
Монголчуудтай тулалдъя гэсэн шийдвэрт хүргэхэд Акрагийн рыцариудын илгээсэн элчийн мэдээ ч нөлөөлсөн биз. Монголчуудын дэглэмд дургүйцэж, бас ч дээр нь Жульен цохигдож, Загалмайн Сидон хот унасанд хорссон тэдгээр бароны элч Күтүзэд “Христийн үнэнч зарц нар монголчуудтай тулалдахад, та бүхэнтэй хамсахад бэлэн” гэсэн утгатай үг авч очжээ. Олзоо булаалдан хэмлэлдэх чоно, цөөвөр хоёр шинэ ирсэн барнаас олзоо харамлан хамтарч буй шиг л юм болж.
Мамлюкуудын олонх нь кипчак, түрэг угсаатай, цус халуун, оргилуун, дайнч шийдмэг эрчүүд байв. Тэр ч бүү хэл тэдний дотор Алтан ордны улсаас янз бүрийн шалтгаанаар дүрвэж очсон язгуурын монголчууд ч байлцсан гэдэг. Мисирийн хамгийн сүүлчийн Айюубидийн хатан нь ч мөн монголтүрэг гарвалтай Шаграт гэгч байсан аж. Ингээд Күтүз Сири, Палестинаас монголчуудын цохилтоос зугтаж ирсэн цэргүүдээр үндсэн хүчээ зузаатгаад манайхныг эх нутаг дээрээ биш, өмнөөс нь тосож тулахаар Киараас хөдөлжээ. Синайн цөлийг туулж, Газ руу орж ирэхэд тэнд Байдар ноёны удирдсан Хит Бухагийн толгойн сэргийлэх анги хүлээж байв. Даанчиг цөөхүүлээ байсан Байдарын цэргийг хоромхон зуур нөмрөн авч цохин, цөөхөн ч болсон Монголыг ялсандаа мамлюкуудын дайны урам зориг нь сэргэжээ. Баалбект байсан Хит Буха ноён мамлюк-түрэгүүд Синайн цөлийг гатлан Газад орж ирж буй мэдээг Байдараас хүлээн аваад цэргээ жагсаан яаравчлан тосжээ. Тэрбээр Назарет хүрч, тэндээсээ тунгалаг булаг урссан, агт морины бэлчээр сайтай Айн-Жалудыг сонгон авч мамлюкуудыг тэнд тосон цохихоор хүлээв. Хит Буха ноён Газын баруун эрэг мамлюкуудтай ясны дайсагнагч христийн рыцариудын эзэмшилд буй тул Күтүз яагаад ч баруун эргээд явахгүй, тэд зөвхөн Синайн цөлийг халз туулах ба үүний захад байх энэхүү ус, бэлчээртэй газрыг зорих болно, цөлийг туулж, агт морьд нь сульдсан байна гэж тооцоолжээ. Өөр хэн ч байсан ингэж л тооцох болно. Агт морины туулах чадвар гэдэг цэрэг армийн хувь заяаг голлон шийдэж байсан үе билээ. Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ.
Харин энэ завсар Күтүзтэй Акрагийн рыцарууд холбоо барьж, тэднийг Акрагийн цайзынхаа дэргэд тосож, цэрэг армийг нь амрааж, жанжид, султануудыг нь цайлж дайлаад зогсохгүй мөнөөх дээрэмдсэн Хит Бухгийн цэргийн нөөц агтыг өндөр үнээр худалджээ. Тэгээд зогсохгүй хэрвээ монголчуудыг ялсан тохиолдолд тэдний агтыг эргүүлээд хямд үнээр худалдаж авах яриа хэлэлцээ ч хийсэн гэдэг. Ийнхүү монголчуудын хувьд огтхон ч төсөөлөөгүй үйл явдал болов. Хит Буха ноён рыцарь баронуудыг олзны төлөө холбоотныхоо морийг хулгайлж, дээрэмдэж болдгийг чүү ай гэж нэг ухаарсан ч харин өчүүхэн олзны төлөө дайсантайгаа нэг өвөр түрийнд орж, холбоотныхоо араас хутга шаадаг гэж огтхон ч төсөөлөөгүй, ерөөс монголчуудын хувьд тийм увиагүй урвалга санаанд нь ч багтахгүй байсан нь түүхэн үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Акра, Турийн баронуудын энэхүү урвалтын увиагүй шинжийг Л.Гумилев ихэд эгдүүцэн бичсэн нь бий. Ингээд агт морьдоо сэлбэж, хоол хүнсээ базааж, сэргэж авсан мамлюкуудыг Айн-Жалудад ирэхэд Хит Буха ноён нөөц агтгүйн дээр Баалбекаас багагүй хол аян туулж ирээд цэрэг агтаа хангалттай амрааж ч амжаагүй байжээ.
АМЬ ӨРССӨН ТУЛААН
Тулалдаан 1260 оны есдүгээр сарын 3-ны үүрээр эхэлжээ. Зарим түүхч эхэлж Күтүз монголчуудтай тулж, ихэд цохигдон ухарсан ба Бибарс цэргээ аван отоонд байсан газар луу манайхныг дагуулж очсон, ингээд хоёр талаас нь бүсэлж ялсан гэдэг. Ази, Европт монголчуудын олонтоо хэрэглэж байсан, тухайлбал 1217 онд Зэв ноён Ферганд Хорезмын шахын, 1221 онд Зэв, Сүбээдэй хоёр Кура голд Гүржийн рыцариудын, 1223 онд Кальк голын хөвөөнд Оросын вангуудын нэгдсэн армийн, 1241 онд Лигницэд Байдар, Хадаан нар II Хенри вангийн удирдсан Европын нэгдсэн арми, Шйао голын эрэгт Сүбээдэй, Батхаан нар Унгарын VI Бела вангийн эсрэг амжилттай хэрэглэсэн отон байлдааны уламжлалт аргыг мамлюк-түрэгүүд монголчуудын өөрсдийнх нь эсрэг анх удаа амжилттай хэрэглэсэн гэж үздэг байна. Бүтэн жарны турш Ази-Европыг донсолгосон Монголын морьт цэргийн тактикийг энэ зуур дайснууд нь хангалттай судалж мэдсэн нь тодорхойн дээр манай армид алба хааж байсан авьяаслаг Бибарс жанжин уг аргыг монголчуудаас маш сайн суралцсан байх тал бий.
Харин Израилын түүхч Рювен Амитай анхлан Бибарс монголчуудтай тулсан гэжээ. Юутай ч хүчний харьцаа багадаа хоёр, ихдээ 10 дахин зөрөөтэй байсан ч урьд өмнө ялагдал гээчийг огтхон ч амсаж үзээгүй, ялагдлын тухай ойлголт ч байхгүй монголчууд өөрсдөдөө даан чиг их итгэлтэй байж. Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын аян дайны түүхэнд монголчууд ямагт өөрсдөөсөө илүү хүчтэй, зарим тохиолдолд бүр хэд дахин их хүчтэй дайсантай тулалдаж, ямагт ялж дийлж ирсэн тул Хит Буха болон монгол дайчдын хувьд мамлюктүрэгүүдийн цэргийн тоо нэг их сонин байгаагүй нь лавтай. Ингээд монгол дайчдын гань галзуу довтолгоон эхэлж, эхэндээ Бибарс бараг олзлогдох шахжээ. Монголчуудын баруун жигүүрийг цэрэг мамлюкүүдийн зүүн жигүүрийн хумин цохиж, тэднийг зугтахад хүргэжээ. Күтүз, Бибарс хоёр ихээхэн чармайлт гарган байж задарсан цэргийнхээ жагсаалыг дахин цэгцэлж, эргэн сөрөг дайралт хийсэн боловч монголчуудын мохошгүй зориг тэдний сөрөг дайралтыг няцаан, дахин довтолсноор мамлюкүүдын хувьд ялагдал тун ойрхон иржээ. Гэвч сунжирсан энэ тулалдаануудад сэлбэх хүчгүй болсон монгол цэргийн агт морьд сульдаж, харин монголчуудын нөөц агтаар сэлбэсэн мамлюк түрэгүүд дахин цэргээ эмхэлж чаджээ. Кутуз “Өө Ислам, Аяа Аллах” хэмээн Аллах тэнгэртээ чанга дуугаар залбиран тусламж хүсэж, “Зугтсан ч үхнэ, тэгэхээр нэр төртэй тулалдаад үхэцгээе” хэмээн сандарч үймсэн цэрэг дайчдаа зоригжуулж, уриалж байжээ.
Монголчуудын хувьд одоо нөхцөл байдал хүндрэх шинжтэй болов. Яг ийм эгзэгтэй мөчид монголчуудын зүүн жигүүр болж байсан, манайд дагаар орсон Сирийн Айюбидийн султан Муса цэргээ аван зугтаж одсоноор тулалдааны хувь заяаг нэг мөсөн эргүүлж орхив. Бибарс шилдэг цэргээрээ эзгүйрэн хоосорсон монголчуудын зүүн жигүүрийг хумин, бүсэлжээ.
ХИТ БУХА НОЁНЫ ОМОГ БАРДАМ ТӨГСГӨЛ
Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадар зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд тэр хүлээж авсангүй. Тийнхүү “Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулахгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана. Хожим хойно хэн нэгэн нь энэхүү тулалдаанаас амь гарч, Эзэн хаанд маань хэл хүргэлээ гэхэд намайг эзнийхээ алдрыг гутаан шившгээ тарьж эргэж дутаасан хэмээн бүү хэлэг. Эргэн дутаасан цэрэг эртэй хэмээн Их эзэн маань бүү сэтгэл чилээрхэг. Энд миний цэрэг ялагдсан хэмээн эзэн минь сэтгэлээр бүү гутраг. Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашхиран дайран оржээ.
Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайсан руу дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. Хэдий явгарсан ч Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, монгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюктүрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. Урьд өмнө өч төчнөөн дайн тулаанд орж, олон шилдэг дайчинтай илд зөрүүлж явсан Кутуз болон Бибарс нар ийм аймшиггүй зориг, чадал төгс дайчныг харж, заавал амьдаар нь барихыг цэргүүддээ тушаасан байна. Мамлюк харваачид Хит Бухагийн тахимыг нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ.
Дунд сургуулийн сурагч саваагүй сониуч хүүхэд байхдаа Хит Буха ноёны энэхүү эрэлхэг бөгөөд эмгэнэлт төгсгөлийн тухай номоос уншаад ихэд сэтгэл хөдлөн, түүнээс хойш олон жилийн туршид алдарт Хуралажын гянт илдээ чийрэг чанга гартаа атгаад сөхрөн суусан ч чивчиртэл татсан хуурын чавхдас мэт нуруугаа цэхлэн, тойрон шавсан үй олон мамлюк дайчныг бүргэдийнх мэт ширүүн хурц харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй буурал үс нь салхинд хийсэх өвгөн дайчны дүр төрх үе үе сэтгэлд сэрхийн орж ирдэг бөлгөө. Сайн зураачсан бол зурах сан. Яг л Репин Тарас Бульбаг зурсан шиг. Н.Гоголийн “Тарас Бульба” хэмээх яруу сайхан тууж шиг сайхан тууж бичиж, Хит Буха ноёны алдрыг дуурсгах сан гэсэн мөрөөдөл олон жил цээжинд уяатай явдаг юм. Дайсны бүслэлтээс гарахаар амь өрсөн давхиж явах зууртаа тамхиных нь түнхэг гээгдэж унасанд “Байз, энэ муу сайн Ляхуудад тамхиныхаа түнхгийг ч үлдээхгүй шүү” хэмээн мориноос бууж, сахлаг ургасан өвс ногоон дотор эрж тэмтчих зуур тал талаас нь гэнэт 30 орчим лях цэрэг гарч ирээд Тарасын чийрэг чанга мөрнөөс нь зууран ноцолдов. Өвгөн Тарас хэдэнтээ мөр цээжээ сэгсэрч үзээд, дийлсэнгүй, “Ай яа, уулыг цас, эрийг нас даржээ” хэмээгээд гаслан уйлав. Тарас залуудаа тийн мөрөө сэгсрэхэд нь түүний хүчирхэг мөрнөөс нь зууралдсан ямар ч чийрэг эрчүүд хадуурын эрэнд өртсөн тариан түрүү мэт ханаран шилбүүрдүүлэх бөлгөө хэмээн Гоголь эрэлхэг Тарас өвгөний дүрийг уран яруугаар дүрсэлсэн сэн. Монголын Эзэнт их гүрний жирийн нэгэн түмтийн ноёны энэхүү дүр бол яагаад ч Запорожийн тэрхүү хасаг атаман эрийн дүрээс дутах учиргүй.
Хит Буха ноён тэр үед лавтай 60 орчим настай, магадгүй 60 насыг нэлээд давсан ч байж магадгүй байх учиртай. Яагаад гэвэл Сидон руу ач хүүгээ алдсан агтныхаа араас явуулж гэхээр...
Б.Номинчимэд