Тугалхүүгийн БААСАНСҮРЭН МУСГЗ, утга зохиол, сэтгүүл зүйн судлаач
Цоодолын Хулангийн “Эргэлт” номын анхдагч уншигчдынх нь нэг боллоо. Утга зохиолын хөрөг, реценз, эсээ, памфлет, бодрол, ойллого, монограф, орчуулгаас бүрдсэн эл шинэ бүтээлийг уншаад цочих шиг болов. Би чинь юу уншчихав, энэ чинь хэний бү тээл вэ гэж эргэлзэх шиг болов.
Нар сар шиг сацарч, навч цэцэг шиг дэрвэж явсан миний мэддэг яруу найрагч Хулан энд алга байлаа. “Эргэлт” ном цоо шинэ өнцгөөс надад Цоодолын Хуланг нээж өглөө. Бодлогоширч мэлмэрсэн, гэрэлтэж гэгээрсэн Янжинлхам бурхан адил миний өмнө тэрбээр амилан босч ирлээ.
“Гацууртынхаа монгол гэрт гал өрдөх жаргал билээ... Улбар жамьянмядаг дэлбээлэх галын бурханы гүнгэрваагаа санаж байна” би гэж тэрбээр надад шүүрс алдан хэлээд “Гадаа Асар, Басар, Нүсэр, Чүгсэр ноход пүн пүн хуцалдаж байдаг сан. Басарын үхсэнийг дуулаад ходоод дотор өвдлөө. Унаган нохой минь юм сан. Басар бид хоёр ингэж салахаа мэдсэн юм шиг, тэр л намар хэд хэдэн удаа толгойгоо нийлүүлж ирээд л зураг хөргөө авахуулсан... Миний хөөрхөн нохой нохойныхоо насаар бол зөнөтлөө урт насалсан ч “одоо чи үхэхэд болно оо” гэж ер санахгүй л байсан даа. Тэнгэрийн замдаа сайн яваад ирээрэй. Тэр болтол чинь өөр нохой авахгүйгээ амлая” гээд уртаар санаа алдав.
“Хашаа хүрээний маань байнгын зочид хөгжмийн удирдаач нуруугаа үүрэн алхаж яваа мэт, хар цагаан фрактай алаг алагхан шаазгайд минь шагтнаад л байна уу? Эзгүйд минь хэн та нарт үртэс будаа, үйрмэг боорцогхон шидэж өгч байгаа бол доо... Жил жилийн хаварт хашаан дээгүүр минь ташуулдан нисээд өнгөрдөг Гүн галуутайн хос тогорууд минь ээ, сайн уу даа та нар минь! Миний эзгүйд хэн та нарыг минь “Тогоруу хөөрхөн, тоодог муухай” гэсээр даган гүйсэн юм бол?” гэж Ц.Хулан хэнээс ч юм аяархан асуугаад “Эрээн алчуурнууд, өсгийтэй, өсгийгүй майжгий шаахайнууд, эсгий бүрх, аальгүй сийрсэнгүүд минь, өвлийн дээл хантааз, өндөр нам булга суусар малгайнууд минь та нар бүгд сайн сууж байгаарай” гэж эрс шийдмэгхэн хэлчихээд алхан одох шиг санагдав.
Түүн рүү би гайхан харвал “ижил нөхөдтэйгөө дарвин хааяа эргүүттэлээ архи уухад илбэх шиг, зэмлэх шиг дотогш сэрүү татуулж, хэд балгуулаад л шар тайлаад өгдөг ёстой сонин ус. Сайхан чиг усаа санаж үхэж байна аа” хэмээн явуут өгүүлээд нэмж “Хар-усан тохойгоо санаж байна аа, санаж байна. Халуун залуу биш ч ханагар идэр нас минь ганцаардалтайгаа, үгүйлэн хайрлах шаналантайгаа, бүтээл номын хуртайгаа энд л эхэлсэн. Энд л дуусахыг нь үзэх сэн. Эмгэн болтлоо, халин одотлоо тэнд суумуй би” гэчхээд эргэж ч харалгүй яваад өгөв.
“Хар-усан тохойн эмгэн болтлоо...” эссе нийтлэлдээ ингэж бичжээ тэр.
Ц.Хулан эх эцэг, үр хүүхэд, элгэн садан, анд нөхөд, Хар-Усан тохойгоо бэтгэртлээ үгүйлэн санагалзахдаа дэлхийн сонгодог утга зохиол болоод Монголын уран зохиолын жимээр улам улмаар алсран ахуй, орчин тойрноос ангижран салаад бодол бясалгалын ертөнцөд умбаж “Урианхай, Альбер Камю хоёр зодолдсон нь”, “Эмч Чехов, эмч Эрдэнэ, эмч Лу Синь нар”, “Гоголийн “Шинель”-ийг амьдаар нь харлаа”, “Тарас Шев ченко”, “Пушкинээс Путинийг дамнасан нэгэн шүлгийн тухайд”, “Яруу найрагчид минь ээ, яаж дэлхийгээ аврах вэ?”, “Цогт тайж”-ийн цэцэрлэгч өвгөн ба ясны аристократизм” зэрэг олон хөрөг, реценз, эсээ, бодролыг өөрт хуримтлагдсан мэдлэг чадвар, мэдээлэл гэгээрэл дээрээ түшиглэн бяр тэнхээ зааж урласан байх юм. Шүлэг бичдэг, найраг тэрлэдэг Хулан энэ удаагийн “Эргэлт” номын эхнээс эцсийг хүртэл бодлогошрол бясалгалд бүрэн автжээ. Хэн ч ингэнэ чинээ санаагүй, хүлээгээгүй байх аа. Номын ертөнцөөс бичсэн тэмдэглэл шиг надад санагдлаа.
Редактор До.Цэнджав хүртэл “Нүүр нүдгүй үгийн шуурган дундуур ороод явчих юман чинээ бодсон чинь, бараг л тэр бүр уншаагүй утга зохиол, урлагийн ертөнцийн соён гэгээрүүлэхийн зам руу хөтөлж, нөгөөх “Тэнгэрлэг туульс” гэдэг шиг ертөнц рүү орж явчихав. Дотор цэлмэж гийв” гэж ихэд гайхшран бас баярлаж баясаж бичсэн байна лээ.
Энэ үнэн гэдгийг “Цэцэрлэгч өвгөний дүр хэв шинжит дүр мөнөөсөө мөн. “Цогт тайж”аас өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа монгол кинон дотор цэцэрлэгч өвгөн лугаа аристократ (сурвалжит дээдэс, өндөр дээд язгууртан. Зох) дүр огт байхгүй. Кадрт хоёр удаа үзэгдээд өнгөрөх хугацаа нь ердөө гурван минут хүрэхтэй үгүй, урт ханцуйтай хар дээл өмсөж, Даогийн шашны ч юм шиг малгай тавьсан мөнгөн живэрт өвгөн, Цогт тайжийг ан авд мордсоны ард гэр хүрээг нь сахин үлдэгсдийн нэгэн байх ба бодвол, тэрбээр Чин Тайху эхийн хаяанд судар ном бүтээлд шамдан суудаг эртний монгол язгууртан, “эрхэмсэг оршихуйн” төлөөлөгч юм. Тэрбээр энгийн нэгэн цэцэг хуарын цэцэрлэгч биш ээ. Оюуны цэцэрлэгийн тариаланч гэдэг нь өгүүлж ярьж буйгаас нь, аяг намбаас нь илэрхий. Цэцэрлэгч өвгөн маань цаг хугацааны гадна, нийгэм, улс төрийн амьдралаас ангид оршин буйгаараа мөнхийн дүр, ертөнцийн эрдэмтэн мэргэдийн хэв шинжит монгол дүр, монгол кино урлагт анх гарч ирсэн аристократын дүр юм” (Ц.Хулан. “Эргэлт”. УБ. 2025.38-39 дэх тал) гэсэн рецензээс нь харж болно.
Хэв шинжит дүрийн талаар хэзээ язааны хур туршлагатай утга зохиолын судлаачийн түвшинд үнэмшилтэйгээр өгүүлсэн байгаа юм. Тэр тусмаа “Цогт тайж” кинонд зэрвэсхэн гараад өнгөрдөг цэцэрлэгч өвгөний туслах дүрийн талаар ийнхүү онож, онцгой содон соргогоор олж шинжсэн нь намайг үнэнхүү баярлуулав. Миний өмнө яруу найрагч Хулан биш харин урлаг, утга зохиолын шүүмжлэгч, цоо шинэхэн шинжээч Хулан нээгдэн харагдаж байгаа юм. “Эргэлт” ном Цоодолын Хуланг өөр өнцгөөс нээлээ гэж хэлж буйн учир энэ.
Үүн дээр нэмээд сонирхуулахад зохиогч “Эргэлт” номынхоо дотор, гаднах бүх зураг чимэглэлийг өөрөө урлажээ. Хавтасны хар дэвсгэр дээрх хар шаахай, хар торгон дээлтэй, хар бүрх хазгайдуухан дугтуйлж, зүрхэн тус улаан сарнай цухуйлгасан улаан уруулт бүсгүй бол Хулан. Өөрөө өөрийнхөө хөргийг бүтээжээ. Ар дэвсгэрийн хоёр талаар жаргасан зовсон, гасалсан гайхалзсан хүмүүсийн цуваа, байшин барилга, хана хэрэм, хатуу цардмал царцанга зам талбай... Хөрөг зураг тун ихийг өгүүлж байна. Дотор нь Д.Урианхайн болон Ли Байн хөрөг (балын харандаагаар), С.Эрдэнэ баавайн “Сэрүүн дуганын мөхөл” туужаас сэдэвлэсэн таталбар, М.Сервантесийн залуу зандан насны зураг, “Гоголийн шинель”, Ардын уран зохиолч С.Дашдооровын бага нас, Ардын уран зохиолч Б.Догмид, зохиолч Ж.Лхагва нарын болоод Пабло Неруда хийгээд Гарсиа Лоркагийн хөргүүд, “Зүүдлэгдсэн Равжаа”, “Ноходын дурсгалд” (Ц.Хулан нохойтойгоо хамт), Дашдоржийн Нацагдорж ба “Галзуурсан гал жил С.Буяннэмэх”, Лодонгийн Тү дэв, өөрийн хөрөг, “Шарталт” зэрэг олон сонин зургууд байна. Хорих ангид хоригдож, утга зохиолоор халуурч, уран зохиолч нөхдөө санагалзан шаналж байх үеийнх нь зурган тэмдэглэлүүд аж. Ц.Хулан зураг зурдаг болоод “тэнд”-ээс гарч иржээ. Бас л нэг шинэ өнцөг.
“Эргэлт” номноос уншигчид энэ мэт олон сониныг олж мэдэж, олзуурхаж баярлах болно. Орчуулсан шүлэг найраг нь, орчуулгын хөрвүү лэгт хийсэн шүүмж нь ч бас байна. Александр Сергеевич Пушкины “Я любил...” шүлгийн алдарт “Я помню чудное мгновенье” мөрийн дараагаар залгаж эрэмбэлэгддэг хоёр бадаг найман мөртийг (Г.Аюурзанын орчуулга) эшлээд:
Танд би хайртай байсан: тэр хайр одоо ч
Тарчлаант сэтгэлд минь унтарч бөхөөгүй
Тэгэвч та түүнийг ойшоон дурсах хэрэггүй
Тэнгэрлэг таны гунигт автахыг тэвчихгүй
Таныг зөвхөн дотроо л хайрлаж аргаа баран
Бахдах, хардах сэтгэлдээ шаналж явсан,
Таныг бусдын бүсгүй болгосон тэр л
Тавилан заяа шиг тийм үнэн, тийм эмзэг хайр байсан
Үгүй дээ ээ, үгүй! “Тарчлаант, дурсах, тэв чихгүй, бахдах, таныг бусдын бүсгүй болгосон, тавилан заяа шиг тийм үнэн, тийм эмзэг хайр” гэх үгс, ийм утга энд огт байхгүй. Шүлгийн амин сүнс болсон санаа хаачив?. Минийхээр бол,
Өөрийг тань би хайрладаг байсан:
Өнөө хайрын гал унтарч намдаагүй нь магад,
Гэвч энэ хайр таныг түгшээн
Гэгэлгэн гуниглуулахыг би хүсэхгүй
Таныг би хэл үггүй, горь найдваргүй
Тарчлан хардаж, тунин бишүүрхэж хайрласан юм
Өөрийг тань ийм энхрий, голоосоо үнэн хайрласны минь адилаар
Өрөөл нэгэнд та минь хайрлагдаасай билээ...
гэж орчууллаа. Эхүүдтэй тулгаж утгыг хөөгөөд, уншигч дор дороо шүүг. Миний хувилбар уянгыг тэгтлээ хөөсөнгүй, харин утга бол яг энэ. Бусад орчуулга дотроо Аюурзаных тийм ч муу биш хэрнээ сүүлчийн хоёр мөрийн утга хол ташаарснаас болж хамгийн гол санаагаа алдчихжээ. Шүлэг, ялангуяа энэ мэт дэндүү торгон мэдрэмжийн шүлэгт бид болгоомжтой хандая аа (Ц.Хулан. “Эргэлт”. УБ. 2025. 218 дахь тал) гэж уриалаад “энэ мэт сонгодог зохиолыг хүмүүст хүргэхдээ гараа угааж, амаан зайлж, тархи зүрхээ шавхаж байж үйлдэх ёстой юм” гэж хатуухан сануулсан байгаа юм. Дээрх шүлгийн монгол хөрвүүлгийг орос эхтэй тулгаж үзвэл нээрээ л тэгж бодогдохоор байгаа.
Энэ бүгдийг иш үндэс болгож Цоодолын Хулангийн яруу найрагч хэмээх урьд өмнөх нэршил гуншин дээр утга зохиолын шүүмжлэгч, уран зураач гэж нэмж цол чимэг нэмэрлэхэд болохгүй гэх юмгүй санагдсан. Тэгэхдээ тэр Монголын утга зохиолд тэргүүн зэргийн яруу найрагч гэдгээрээ мөнхөд үлдэх нь лавтай. “Шүлгэн танго” нийтлэлээс нь ч энэ нь их тод мэдрэгдэж байна.
“RHYTM, TEMPO, DISTANCE… Айзам, хэмнэл, дундын зай. Ритм, темп, дистанция... Хоёр мөнгөн хайч солбилцон эргэлдэж, салж нийлэн галзуу гоё бүжигч хосын танго чи улаан торго цуулах шиг сэтгэл юунд урнам. Залуу тэр биесээр үхэл, өтөл насыг эрүүлд дуудах танго чи юунд харц булааж, чи хөгширч байна шүү дээ гэж сануулан сануулан шархан дээр давс цацаж хөндүүрлүүлнэм?...
Танго бол бүжиг биш, аялгуут шаналан. Сэтгэлийн хөдөлгөөн илэрхийллийн урлаг, зөрүүдхэн аашаараа шугамдсан шулуун зурлага, шунаглан дурлалцчихаад амьсгаадан хэвтэхдээ чамд гайхуулан өргөж харуулсан хоёр урт цагаан хөл, хайрлая гэвч минийх биш, минийх болбол хүнийх болчиход бэлэн, ойртож болохгүй, хол байж бүр болохгүй дундын зай, өсгийт шаахайгаа өлмийгөөрөө тэмтэрч олоод өглөө болохоос өмнө шат товшин гүйж гараад үүрд алга болох хүслэн, бүр чамайг идэж алга болгоод ахин энэнээс болж шаналахгүй юмсан гэж аймаар юм гэнэт санагдах, тэгж хэзээ ч үл чадах хяслан-өөр юу ч биш, танго!
“RHYTM, TEMPO, DISTANCE…Айзам, хэмнэл, дундын зай. Ритм, темп, дистанция...Танго бол шүлэг. Чамайг би шүлгэн тангонд урья.
Айзам нь миний хөл
Хэмнэл нь миний бие
Дундын зай нь миний хайр
Надад ойртох цор ганц арга бол шүлгэн танго хамтдаа бүжиглэх. Гэвч... Ханхар цээжээр нөмрөн авч энгэрт бүү наалдаарай, танго танго биш болчихно. Дундын зайгаа хадгалаарай, амьсгалаа анхилахыг, биесээ шүргэлцэхийг, алгаараа ярилцахыг л чагнаарай, ietsdance!” (мөн номын 239-240 дэх тал) гэжээ.
Шүлгэн зураглал, шүлэглэсэн зурлага. Шүлгээр илэрхийлсэн уран нийтлэл. Яруу найрагч, утга зохиолын шинэхэн шинжээч, бас уран зураг сонирхогч Цоодолын Хулангийн “Эргэлт” номын ертөнцөөс сурвалжилсан тэмдэглэлээ үүгээр өндөрлөж болох ч эцэст нь нэг санааг нэмж хэлье.
Цоодолын Хулан танигдахын аргагүй өөрч лөгджээ гэж надад баттай бодогдсон. Орчлон хорвоогийн сайн муу, сайхан муухайг эрэгцүү лэн шаналж, хариултыг нь дэлхийн сонгодог утга зохиол болоод монголын утга зохиолын сонгодгуудаас эрж хайсан байна. Торт гянданд тормойн суугаа Дашдоржийн Нацагдоржийн хөргөөс нь “Харанхуй хад” харагдах шиг, мэдрэгдэх шиг болж буй. “Галзуурсан гал үхэр жил. С.Буяннэмэх” хэмээх удаах хөргөөс нь гараа хүлүүлж гавлуулсан их зохиолч эрлэгийн үүд рүү алхаж орохынхоо өмнөх мөчид эргэж наашаагаа нэгэнтээ та бидэн рүү сүүлчийн удаа асуунгуйгаар анхааруулан харж “Яагаад, яагаад энэ вэ! Би эх орон, ард түмнээсээ урваагүй шүү дээ. Утга зохиол, урлагтаа би үнэнч байсан” гэж хэлж байна. “Алсыг зорьсон алтан загас” үлгэрийг минь ахиад нэг уншаарай, ургуулж гүнзгийрүүлж бодоорой доо гэж хэлж байх шиг.
Миний энэхүү гаргалгааг номын зохиог чийн өөрийн нь бичсэн “миний дотор сэтгэлд гарсан тэр эргэлт-бүх зүйлд хариу олж дуу алдан ухаарсан, явж явж утга зохиол л миний цорын ганц хоргодох, хоригдох газар, хоол унд... юм бүхэн байсныг, алхах бүр, амьсгалах тоолонд утга зохиолоор сэрж мэдэрч явдгаа өөртөө нээсэн, үүнээс өөрөөр тэмцэх аргагүйгээ, арчаагүйгээ мэдэрсэн” (мөн номын 9 дэх тал, “Эргэлтээ хуваалцая, хүрээд ир” өмнөх үгийг харна уу) хэмээх өчил ямар нэг байдлаар давхар батлах болов уу гэж найдая.
Эдгээр үг өгүүлбэрийг тэрбээр мөрдөн хорих газрын хагас харанхуй өрөөнд харанхуй голдуу гэрэлд харандаа цаасны олдоцын хэрээр өвдөг дээрээ бөгтийн сууж өнгийн харж байгаад ноороглон тэмдэглэж үлдээжээ. Ингэж “Эргэлт” ном эхээс төрж мэндэлсэн байна. Түүний “Эргэлт”-ээ хуваалцая, ямар нэг утгаараа та бид бүгд энэ орчлон дээр “зооныхон”, сансрын гяндангийнхан шүү дээ” гэсэн ганц өгүүлбэр нүдэнд өргөс шиг торж өнөө хэр ч намайг эмзэглүүлсээр.
Алтан, мөнгөн загас жараахай ар өврөөрөө оролцон шургалцан нааш цааш дураар сүлжилдэх, алаг нүдэн дэлхийтэй минь ав адилхан болор шилэн аквариумыг харах бүрдээ би элэг эмтрэн өрөвддөг юм. Хөх мөнгөн тэнгэрийн дорхи хөрст алтан дэлхий үүнтэй ямар адилхан юм бэ гэж бодогддог. Хүмүүн төрөлхтөн бид энэхүү хэврэг шилэн аквариум доторх загас жараахайнуудтай үнэн чанартаа яг адилхан билээ. Ялгарах юм юу ч байхгүй. Сансар ертөнцийн хязгааргүйн дундах нэг цэг дээрх нэг гяндангийнхан мөн шүү дээ. Түүнийгээ мэдэхгүй ханхалзаж, бие биесээ дээрэлхэхийг яана.
Улаанбаатар, 2025 оны 12 дугаар сар