Иргэн Г.Сараана онлайн дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногт 3.8 сая төгрөгийн үнэ бүхий бараа худалдан авчээ. Онлайнаар захиалж, борлуулагчийнх нь дансанд төлбөрөө хийж, хүргэлтээр авсан учраас баримт өгөөгүй. Мөн тэднийх мал, мах борлуулагчаас хоёр сая төгрөгөөр өвлийн идэш худалдан авахдаа төлбөрийн баримт бас аваагүй гэсэн. Харин нөхрийнх нь компани НӨАТ-ын өртэй, дансаа хаалгаж, нээлгэж, татварын асуудалтай байгаа юм. Г.Сараана “НӨАТ-ыг баталгаажуулдаг, баримтжуулдаг зүйл нь и-баримт биз дээ. Гэтэл сүүлийн үед баримт өгөх нь цөөрлөө. Лайв хийж бараа борлуулдаг онлайн дэлгүүрүүд и-баримт огт өгдөггүй.
Бас үсчин, гоо сайхан, хувцасны салонууд байна. Тэдгээрийн үйлчилгээний хөлс чамгүй өндөр. Нэг хүн, нэг удаад 500 000-1 000 000 төгрөгийн үйлчилгээ авах нь элбэг. Гэрт ирээд нүүр, хумс будаж өгдөг бүсгүй гэхэд л 100 000-300 000 төгрөгийн хөлстэй. Бас л баримт өгдөггүй.
Энэ чинь татварын тэгш бодлоготой зөрчилдсөн, орлого ашиг олж буй хүн бүр татвар төлөх зарчмын эсрэг үйлдэл мөн биз. Татварын байцаагчид, албаныхан хайнга ханддаг, ажлаа хийдэггүй, татвараа шударгаар төлдөг цөөн байгууллагаа “мөлждөг”-ийн илэрхийлэл” гэлээ. Тэгвэл Баянгол дүүргийн иргэн Ч.Ганхайч өнгөрсөн аравдугаар сард 67 сая төгрөгөөр хувь хүнээс автомашин худалдан авч. Мэдээж ямар ч баримт аваагүй гэнэ. Тэрбээр “Хувиараа автомашин борлуулагчид, мөн автомашины засвар, үйлчилгээ эрхлэгчид и-баримт өгдөггүй шүү дээ. Машин авахад баримттай бол 10 хувь нэмж төл гэсэн учраас баримт аваагүй. Мөн автомашинаа засуулах, оношлуулах зэрэг олон үйлчилгээнд баримт өгдөггүй. Гэтэл манайх хотхондоо хүнсний дэлгүүртэй, кассын машинтай. Кассын машинаас гарсан баримтаар манай орлогыг бүртгэж татвар ногдуулдаг” гэлээ. Иймэрхүү жишээ тун олон. Сүүлийн үед тавилга, гоо сайхны, барилгын материалын томоохон дэлгүүрүүд ч бараагаа и-баримттай, баримтгүй хэмээн үнийн дүнг нь тусад нь бичдэг болсон. Гэтэл НӨАТ-ын хуримтлагдсан өр одоогоор 2.5 их наяд төгрөгт хүрээд байгаа билээ. Энэ бол зарим нь НӨАТ төлөөд, нөгөө хэсэг нь төлөхгүй байгаагийн л илэрхийлэл. Эл асуудлыг хэрхэн шийдвэрлэх, татварын тэгш бодлогыг хангах талаар НӨАТ-ын тухай хуулийг санаачилж, хэрэгжүүлэхэд оролцсон, НӨАТ-ын “автор”-уудын нэг гэгддэг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Гавьяат эдийн засагч Б.Лхагважавтай товч ярилцлаа.
-Та НӨАТ бол далд эдийн засгийг ил болгох, мөнгийг мөшгөх сайн систем, и-баримт олгож эхэлснээр татварын бааз суурь өргөжин, орлогын хэмжээ харьцангуй сайжирсан гэдэг. Гэтэл өдгөө НӨАТ-ын өр гэхэд л 2.5 их наяд төгрөгөөс давж, өргүй аж ахуйн нэгж цөөн боллоо.
-НӨАТ-ын хэрэгжилт үр дүнгээ өгч, далд эдийн засгийг ил болгосон. Ялангуяа и-баримтыг нэвтрүүлж, бараа, үйлчилгээ бүрт олгуулснаар бүртгэл харьцангуй сайжирсан. Харин НӨАТын өр нэмэгдэж байгаа нь өдгөө ашиглаж буй бүртгэлийн систем хуучирсных. НӨАТын хуулийг 2016 онд шинэчлэн найруулснаас хойш 10 жил хөндсөнгүй. Түүнчлэн сүүлийн 10 жилийн тал хувьд нь аж ахуйн нэгжүүд ашиггүй ажилласан. Тухайлбал, цар тахлын нөлөө 2-4 жил үргэлжилж, нэмээд хойд хөршид дайн болж, материал, түүхий эдийн үнэ өссөн зэргээс тогтворгүй хэвээр байна. Гэтэл бид татвар болон НӨАТ-ын орчинд ямар ч өөрчлөлт, шинэчлэл хийсэнгүй. Үүнээс гадна НӨАТ-ыг тооцохдоо нягтлан бодох бүртгэлийн системд (Accrual basis) үндэслэж буй нь өр үүсэх гол шалтгаан. НӨАТ-ын тайланг сар бүр гаргуулж, иргэн, аж ахуйн нэгжид орж ирээгүй мөнгөнд НӨАТ бичээд байгаа хэрэг. Зүй нь одоо НӨАТ-ыг нягтлан бодох бүртгэлийн аргаар биш мөнгөн суурийн (Cash basis) аргаар тооцож авах хэрэгтэй.
-Мөнгөн суурийн арга гэж юу вэ?
-Мөнгөн суурийн арга гэдэг нь энгийнээр хэлбэл, тухайн компани, аж ахуйн нэгжийн дансанд мөнгө орж ирсэн тохиолдолд НӨАТ ногдуулахыг хэлдэг. Одоо бол сар бүр тайлан гаргадаг учраас мөнгө нь орж ирээгүй, урьдчилгаа төлбөрөө авсан, эсвэл борлуулалтыг хийсвэрээр тооцоод НӨАТ авдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд өдгөө хэрэглэж буй нягтлан бодох бүртгэлийн аргыг л өөрчлөх шаардлагатай.
-НӨАТ-ын өр ихсээд байгаа ч и-баримт өгөх нь багассан дүр зураг ажиглагдаад байна л даа.
-НӨАТ-ын өр төлбөрийн дийлэнх нь том аж ахуйн нэгжүүдэд төвлөрч байгаа байх. Гэхдээ жижиг, дунд гэлтгүй и-баримт олгох үүрэгтэй. Иргэд и-баримтаа шаардаж авах ёстой юм. НӨАТ-ын 10 хувийг хөнгөлнө гэхээр хэн ч татгалзахгүй болжээ. Тиймээс и-баримтын буцаалтыг өсгөх, бас хил, гаалиар оруулж ирж буй бараанд НӨАТ ногдуулахаа болих хэрэгтэй. Хэрэв гаалийн байгууллага зөвхөн импортын татвараа авдаг болбол авилга ч буурна. НӨАТ-ыг зөвхөн татварын албанаас, тухайн байгууллагын дансанд орж ирсэн мөнгөнд үндэслэн тогтоож байх учиртай.
-Бүртгэлийн системийг өөрчлөх талаараа аж ахуйн нэгжүүд, МҮХАҮТ-аа төлөөлж Сангийн яам болон Татварын ерөнхий газарт хандсан уу?
-10-аад жил ашигласан НӨАТ бүртгэлийн систем одоо хуучирсан, өөрчилж шинэчлэх шаардлагатай гэж бид олон удаа хэлж, цөөнгүй санал дэвшүүлсэн ч үр дүн алга. Түүнчлэн и-баримт олголт харьцангуй өссөн юм шүү. 10 жилийн өмнө 30 000 орчим цэгт и-баримт олгож байсан бол өдгөө 350 000 цэгээр баримт олгон, жилд нэг тэрбум орчим баримт хэвлэгдэж байна.
-Татварын өршөөл үзүүлэх, эсэх талаар ярьцгааж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?
-Татварын өршөөлийг сүүлийн 30 жилд нэг л удаа буюу 2008 онд нэгдүгээр сард үзүүлсэн. Харин 2007 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй, шимтгэл төлөөгүй тохиолдлыг бүртгэж, бага дүнгээр нөхөж төлүүлсэн. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, мөн бүртгэлжүүлсэн юм. 2008 болон 2015 онд авч хэрэгжүүлсэн хуулийн үр дүнд 33- 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болж, бүртгэлд хамруулсан. Одоо бол татварын систем, хууль, хуулийн хэрэгжилтээ эргэж харах цаг болсон. Ер нь төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгжүүд хохирвол төр хариуцлага хүлээнэ гэж Үндсэн хуульд заасан. Өдгөө татварын бүртгэл нь асуудал дагуулж, өр үүсгэх шалтгаан болж буй учраас төрөөс үүнийг шийдвэрлэж, эсвэл өршөөл үзүүлэх ёстой. Татварын хуулийг ч шинэчлэх цаг нь болсон гэлээ.
Тэгвэл НӨАТ-ын асуудал, и-баримтыг зарим бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгоод өөр нэг хэсэгт нь олгохгүй байгаад ямар арга хэмжээ авч буйг нь ТЕГ-ынхнаас тодрууллаа. Тус газрын дарга Б.Цогтнаран дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Иргэн, аж ахуйн нэгж бүр татвар төлж, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүртээ и-баримт олгох ёстой. Үүний хэрэгжилтийг хангахаар улсын хэмжээнд татварын байцаагчид ажилладаг, шаарддаг.
Үүнээс гадна татварын өр төлбөр нэмэгдэн, улсын төсөв тасарсан гэж байна. Өдгөө татварын өртэй 72 000 аж ахуйн нэгжид, 6.1 их наяд төгрөгийн татварын өр үүссэн. Үүний 30 хувь буюу 2.1 их наяд нь уул уурхайн салбарт ногдож буй. Уул уурхайн салбарын өр нь олон улсын зах зээлд нүүрс болон бусад түүхий эдийн үнэ унасантай холбоотой. Цаашид үнийн хэлбэлзлээс шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой. Нүүрсний үнэ төсөөлснөөс доогуур байгаа учраас энэ онд татварын орлого 700 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл үүслээ. Мөн өртэй 72 мянган татвар төлөгчийн дийлэнх нь буюу 54 000 нь 10 хүртэлх сая төгрөгийн өглөгтэй. Хоёр жилээс дээш хугацаагаар өрөө төлөөгүй 9000 орчим аж ахуйн нэгжийн данс, хөрөнгийг хуулийн дагуу битүүмжлэн, өр төлүүлэхэд анхаарч ажиллаж байна. 2025 онд төсөвт 17.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс энэ сарын эхний 10 хоногийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна” хэмээв.
НӨАТ-ын өр, и-баримт эс олголт, бас аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг, үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болгодог, татварын ажилтнуудын дарамт шахалтын талаарх асуудал өдгөө нийгмийн гол асуудлын нэг болсон. Гэтэл татварын “толгой” байгууллагаас нь НӨАТын өрийн дийлэнх нь уул уурхайн томоохон компанид ногдсон, энэ нь түүхий эдийн ханшийн уналттай холбоотой гэлээ. И-баримт олгож буй, эсэх асуудал бол үүний хажууд жижигхэн гэв. Мөн бид хууль, журмын хэрэгжилтийг ханган, үүрэг даалгаварынхаа хүрээнд л ажилладаг гэсэн “цэмцгэр” хариулт өгч байна. Үүнээс гадна НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, татвар төлөгч, иргэдийг урамшуулж, идэвхжүүлнэ, буцаан олголтыг өсгөнө хэмээн одоогийн Ерөнхий сайд бидний “чихэнд цэцэг ургуулсан”. Гэтэл дорвитой өөрчлөлт хийх сураг ч алга. Худалдан авалтын сая төгрөг хүртэлх үнийн дүнгийн буцаан олголтын хоёр хувийг тав болгоно л гэв. Энэ нь ч нэг жилийн дараа хэрэгжиж эхлэх юм билээ. Жижиг аж ахуйн нэгж, иргэд нь борлуулалтдаа и-баримт өгдөггүй, том аж ахуйн нэгжүүд нь татварын өрнөөс салдаггүй, бүгдээрээ нийлээд бараг алхам бүртээ татвар төлдөг ч амьдрал нь дээрддэггүй эл гажиг байдлаас хэзээ гарах бол.
С.Дулам