Оюутолгойн бүлэг ордын ашиглалт тойрсон сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Үүгээр “Оюутолгой” төслийн ерөнхий танилцуулгыг хийж, улмаар хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах үеийн санхүүжилт, хүүгийн хувь, үүнээс Монгол Улс ямар ашиг, хувь хүртэх талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрч, оролцогчдоос тодрууллаа. Эл өдрийн сонсголд 109 гэрч дуудсанаас 84 нь оролцсон байна. Үүнд Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт, Н.Батбаяр, Р.Раш, УИХ-ын дарга асан З.Энхболд, Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэн ирсэн юм.
“Оюутолгой” ХХК нийт 15 банкнаас 4.4 тэрбум ам.долларын зээлтэй, энэ нь 2028 оны зургаадугаар сард дуусах аж. Уг зээлийг хугацаандаа төлж чадахгүй бол Оюутолгойн ордыг барьцаанд нь өгөх эрсдэл бий, эсэхийг гишүүн Ө.Шижир асуув. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “4.4 тэрбум ам.долларын зээлд төслөөр барьцаа тавьсан. Гэхдээ үүнд “Рио Тинто” компани баталгаа гаргасан, хугацаандаа төлж чадахгүй бол гэрээгээр хүлээсэн үүргээ дээрх банкуудад шилжүүлнэ. Харин баялаг Монголдоо үлдэнэ” гэсэн тайлбар хийв.
Хөрөнгө оруулалтын гэрээнд төсөл эхэлснээс хойш дөрвөн жилд эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангана, мөн зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн заалтууд яагаад хэрэгжихгүй байгааг ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсээс Ө.Шижир гишүүн мөн асуусан. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал эхний өдрөөс л “Бид өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийж байгаа” гэдэг хариу өгснөө давтав. УИХ-ын дарга асан З.Энхболд “Янз бүрийн шалтаг хэлээд үйлдвэр барихгүй байгаа Монгол Улсын буруу” гэсэн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Төслийг хэрэгжүүлэхэд тогтолцооноос гадна албан тушаалтны нөлөө чухал. Оюутолгойн муу гэрээг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад хийсэн, миний үед биш. Би Ерөнхийлөгч байхдаа 11 мегаваттын эрчим хүчний үйлдвэр барих асуудлаар БНХАУ-тай хамтрахаар ярилцсан. Гэвч тодорхой шалтгаанаар бүтээгүй” гэх мэтээр ярив. Хэн нэгнээ буруутгах биш, алдаа байвал засаад, хүртэх үр ашгаа дээшлүүлэх нь чухал гэдгийг зарим улс төрч хэлж байлаа.
С.Уул