Европ тивд ой, хээрийн түймрийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буйг Европын ойн түймрийн мэдээллийн албаныхан онцолжээ. Түймрийн улирал уртсаж, хуурайшилт нэмэгдсэнтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагуудын ачаалал сүүлийн таван жилд 3-4 дахин өссөн аж.
Европ, Ойрх Дорнод, Хойд Африкийн ойн түймрийн нөхцөл байдлын тайланд дурдсанаар Европт 2024 онд нийт 383 317 га талбай шатсан байна. Энэ нь 2023 онд бүртгэгдсэн 500 мянган га талбайгаас бага ч сүүлийн 17 жилийн дунджаас давсан үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн онд нийт 8343 түймэр гарсан нь олон жилийн дунджаас даруй дөрөв дахин их тоо гэдгийг уг тайланд онцолжээ. Европын холбооны гишүүн орнуудаас Болгар, Грек, Итали, Португал, Испани зэрэг улс хамгийн их хохирол амссан бөгөөд нийт 334 940 га талбай түймэрт өртсөн аж. Харин Европын холбооны гишүүн бус орнуудаас Албани, Босни-Херцеговин, Умард Македон, Турк, Украин их хэмжээний хохирол амсаж, тусламж авсан байна.
Э.Сүйлэн