Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас манай улсад үйл ажиллагаа явуулж буй долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, БНХАУ-д төвтэй “ӨМӨЗО-ы Баяннуур хотын худалдааг дэмжих хороо”, БНСУ-ын “Азийн соёл, хөгжлийн институт”, “Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ”, ОХУ-ын “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо”, “Бид самбогийнхон”, АНУ-ын “Ворлд лернинг”, “Friends of Mongolia” гэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. ГИХГ нь олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнийхээ хүрээнд холбогдох хууль журмын дагуу уг арга хэмжээг авсан гэнэ.
Ташрамд дурдахад, өдгөө манай улсад олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн 76 газар ажиллаж байна.
Г.Орчлон