Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 11 бүлэг бүхий цомхон тус хуулийн төсөл нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэмээн УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 27- ны нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Б.Пунсалмаа, Б.Жаргалан нар байр сууриа илэрхийлсэн. Шатахуун авахын тулд иргэд олон цаг хүлээж, нийлүүлэлт үе үе тасалдаж буй энэ үед тус хуулийн төслийг судлаачид анхааралтай ажиглаж буй юм. Ингээд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн талаар ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор, дэд хурандаа С.Байгалмаатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн онд “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдэвт бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсан билээ.
-Манай улсын газрын тосны олборлолтын хэмжээ сүүлийн таван жилд тогтмол буурч, хэрэглээ жил тутам найман хувь өсөж байна. Уг хуулийн төсөл шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангаж, импортлогч ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн нөөц бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтдоо нийцсэн, эсэхийг судлаачийн зүгээс хэрхэн харж байна вэ?
-Дэлхий дахинд газрын тосны нөөцийн хомсдол, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал бодитоор байна. Газрын тосны гол нөөц бүхий орнуудын тогтворгүй байдал болон түлш, шатахууны хэрэглээ, үнийн хэт өсөлт зэрэг хүчин зүйл манайх шиг гадаад зах зээлээс хэт хараат импортлогч орны эдийн засагт үлэмж дарамт учруулах магадлал өндөр. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тасалдалттай холбоотой асуудлыг зохицуулахаар уг хуулийн төслийг өргөн барьжээ гэж ойлгосон. Гэхдээ энэ талаар ярихын тулд улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Улсын нөөцийн тухай хуулийг авч үзэх хэрэгтэй. Стратегийн ач холбогдол бүхий газрын тосны хангамж, нийлүүлэлтийн асуудал уг хуульд аль хэдийн тусчихсан. Улсын нөөцийг стратегийн, батлан хамгаалах материаллаг, гамшгийн болон орон нутгийн гэж ангилдаг шүү дээ. Түүнчлэн УИХ-ын 2008 оны “Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай” 30 дугаар тогтоолоор газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг стратегийн бараа, материалын нэр төрөлд хамааруулсан. Тэгэхээр энэ хуулийн төсөл Улсын нөөцийн тухай хуультай агуулгын хувьд давхацсан зүйл анзаарагдаж байна. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль бидэнд зайлшгүй хэрэгтэй ч үүнд нарийн тооцоо судалгаатай, няхуур хандах шаардлагатай юм.
Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд татвар, татаас тогтоох, үнэ тогтворжуулах хөтөлбөр санаачлах зэрэг арга хэмжээг олон удаа авч хэрэгжүүлсэн туршлагатай ч энэ нь цаг зуурын шинжтэй төдийгүй их хэмжээний алдагдалтай байсан учраас газрын тосны бүтээгдэхүүний үнийг зах зээлийн горимд шилжүүлсэн тохиолдлууд бий. Иймд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд стратегийн нөөцийн тоо хэмжээ, сав агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, одоо ашиглаж байгаа сав, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд төрийн зүгээс анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж судлаачийн зүгээс үздэг.
-Шатахууны хангамжийг тогтворжуулах нэрийн дор боловсруулсан тус хуулийн төсөл салбарын гол хуулиудтай агуулгын хувьд давхацсан, тодорхойгүй нэр томьёо олон байгааг зарим судлаач шүүмжилж харагдсан. Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно хэмээж буй. Ер нь манайх шиг импортоос хамааралтай орнууд хангамж, нийлүүлэлтээ хэрхэн тэнцвэржүүлдэг юм бол?
-Сонгодог жишээ бол Япон. Тус улс газрын тосоо Засгийн газар, хувийн хэвшил, газрын тос экспортлогч орнуудтай хамтран нөөцөлдөг. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үйл ажиллагааг зөв оновчтой зохион байгуулахын хамгийн чухал хэсэг нь бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт гэж үздэг л дээ. Улс орнууд үндэсний аюулгүй байдлаа хангахад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хямралт нөхцөл байдлын үед дотоодын эдийн засгаа хамгаалах зорилгоор газрын тос, түүний бүтээгдэхүүнийг нөөцлөх асуудалд анхаарлаа нэн хандуулдаг.
Манай орны хувьд газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадаас импортлон төмөр зам, вагонцистернээр тээвэрлэн төмөр замын дагуух газрын тосны бүтээгдэхүүний томоохон агуулахуудад тээвэрлэн авч ирдэг бол баруун, өмнөд хэсэгт газрын тосны бүтээгдэхүүнийг автоцистернээр импортолж байна. Тэгэхээр газрын тосны үйлчилгээний хангамж нь бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрээс хэрэглэгчдэд хүргэхийн тулд дамжуулах хоолой, вагон цистерн, автоцистерний тусламжтайгаар тээвэрлэн агуулахуудад нөөцлөн хадгалж, шатахуун түгээх, хий цэнэглэх станц зэргээр дамжуулан жижиглэнгээр худалдан борлуулж, тү гээдгээрээ онцлог.
-Эрчим хүчний эх үүсгүүрийг тойрсон асуудал үндэсний аюулгүй байдалтай холбогддог шүү дээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг урт болон богино хугацааны бодлогоор авч үздэг талаар та судалгаандаа дурдсан.
-Тийм. Урт хугацааны аюулгүй байдлыг эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдалд тулгуурлан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх цаг үеэ олсон хөрөнгө оруулалтаар тодорхойлдог бол богино хугацааных нь газрын тосны системийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан үед хариу арга хэмжээ авах чадварт анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, татвар, татаасаар дамжуулан зохицуулах, үнэ тогтворжуулалтын сан бий болгож, ашиглах, стратегийн нөөц байгуулж, ашиглах гэх мэт. Урт хугацааны бодлого нь эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, үр ашигтай технологийг хөгжүүлэх, цахилгаан үүсгүүрийн хэрэглээг урамшуулах, шатахууны үр ашиггүй хэрэглээг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг болно.
Ер нь олон улсад стратегийн нөөц бүрдүүлэх үндсэн хоёр хандлага бий. Төр шууд нөөц бүрдүүлэхийг улсын нөөц хэмээдэг. Түүнийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах зэрэг үйл ажиллагааны зардалд төсвөөс их хэмжээний санхүүжилт шаарддаг онцлогтой. Харин хувийн ААН-үүд мөн нөөц бүрдүүлдэг. Үүнийг худалдааны нөөц гэдэг. Энэ нь төсвийн зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтой. Улсын нөөцөд нэмэлт болж, үйл ажиллагаа явуулдаг. Улсын нөөц нь онцгой нөхцөл байдал үүсэх, зах зээлд хомсдол бий болох зэрэг нөхцөл байдалд шуурхай ажиллах чадвартай байдаг бол худалдааны нөөцийг зах зээлийг тогтворжуулах, салбарын тасралтгүй ажиллагааг хангах зэрэгт ашигладаг. Монгол Улсын хэмжээнд буй 114 агуулахын ес нь төрийн өмчийн, долоо нь ААНын дотоодын хэрэгцээний, 98 нь газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагынх байна.
Тиймээс улсын аюулгүйн нөөц бүрдүүлэх үндсэн зорилго нь улс орны батлан хамгаалах, үндэсний болоод эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг сааруулах, гамшгийн үед зарцуулах, шаардлагатай тохиолдолд дэлхий дахины газрын тосны хомсдол үнийн өсөлтийн дотоодын нөлөөллийг багасгах зэрэг гэж ойлгох нь зөв гэсэн үг. Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орон бүр цэвэр импортын 90 хоногтой тэнцэх хэмжээний газрын тосны нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс орнууд дор хаяж 90 хоногийн нөөцтэй байвал аюулгүй. Урт хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд төрийн болон салбар дундын хамтын ажиллагааны оролцооны талаар тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ ОХУ, БНХАУ, БНСУ аас хангадаг. Үүнээс дан ганц ОХУ-аас гэхэд л 95 хувийг бүрдүүлж, жилд зургаан их наяд төгрөгөөс их үнээр түлш, шатахуун худалдан авч байгаа нь гадаад худалдааны алдагдлын гол шалтгаан болж буй нь нууц биш шүү дээ. Тиймээс импортын хараат байдлаа бууруулахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тохиромжтой вэ?
-Монгол Улс нь газрын тосны бүтээгдэхүүнийхээ 86 хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор оруулж ирдэг буюу нэг эх үүсвэрээр импортолж буй тул төмөр зам болон гадаад ханган нийлүүлэлтэд хүндрэл учирсан тохиолдолд хангамж тасалдах өндөр эрсдэлтэй нь үнэн.
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэлтийн байдлыг авч үзвэл улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхэн үеэс эхлэн манай оронд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, импорт, борлуулалтад зарчмын өөрчлөлт гарч, газрын тосны бүтээгдэхүүнийг валютын бэлэн тооцоогоор худалдан авч, үндэсний үйлдвэрүүд уналтад орсноор хэрэглээ буурсан, тодорхой хэмжээний эрэлт хэрэгцээ байсан ч хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэргүйгээс хэрэглээ хязгаарлагдаж эхэлсэн зэрэг нөлөөлсөн. Түүнчлэн гадаад ханган нийлүүлэгч улсын улс төр, эдийн засгийн байдал болон худалдааны хориг арга хэмжээтэй холбоотойгоор Монгол орны газрын тосны бүтээгдэхүүний хангамж богино хугацаанд хүндэрч, газрын тосны бүтээгдэхүүний үнэ, улмаар өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөж, нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлсөн үйл явдал олон удаа тохиолдож байсан нь төрөөс газрын тосны бүтээгдэхүүний аюулгүйн нөөцийг найдвартай бүрдүүлж хадгалах талаар анхаарлаа хандуулах нь чухлыг тодорхой харуулж байгаа гэж үзэх хэрэгтэй.
Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, газрын тосны нийлүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх, шатахууны үр ашигтай хэрэглээ, технологийг хөгжүүлэх, газрын тосыг орлуулах бусад төрлийн түлшний хэрэглээг дэмжих нь манай улсад хамгийн чухал гэж таны асуултад хариулах байна. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах олон улсын туршлагаас харахад улс орнуудыг 90 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөцтэй байхыг зөвлөдөг. Гэтэл манай улс 16 хоногийн нөөцтэй байна. Ингэхийн тулд 625.4 мянган тонн шатахууныг нөөцлөх шаардлагатай байгаа төдийгүй 60 хоногийн 416.9 мянган тонныг хувийн хэвшлийн компаниуд, 30 хоногийн нөөц буюу 208.5 мянган тонныг улсын нөөцөд бүрдүүлэх шаардлагатайг судалгаагаар тогтоосон.
-Засгийн газраас хоолойд тулсан асуудалд хойшлуулшгүй арга хэмжээ авч шатахууны нөөцийн сав бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд татаас олгох асуудлыг хэлэлцэж, ирэх оны улсын төсөвт 25 тэрбум төгрөг тусгахаар шийдвэрлээд буй. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сарын шатахууны нөөц бүрдүүлэх зорилтыг тусгасан.
-20 мянган метр куб агуулах барихад л 66 тэрбум төгрөг шаардлагатай шүү дээ. Тус 25 тэрбум төгрөгийг улсын стратегийн нөөцийн агуулах сав, багтаамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах нь оновчтой гэж үзэж байна. Улаанбаатар хотын стратегийн нөөцийг бүрдүүлэхэд 120 мянган тонн агуулах барих шаардлагатай байгаа гэхээр үүнээс хэд дахин их санхүүжилт бидэнд хэрэгтэй.
Д.Хүслэн