Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2025.12.10/хоёрдох өдрөө үргэлжилнэ.
Уг сонсголд оролцсон С.Баярцогт хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өөрсдөө ямар улсад ажиллаж, амьдарч байгаа билээ. Бид 2 том улсын дунд амьдарч байна. Бид Эрдэнэтийн гэрээг хийгээгүй. Оросын гэрээг тулгаад авсан. Эхний 15 жилдээ манай улсад ямар ч өгөөж өгөөгүй. Тэр битгий хэл биднийг 1996-2000 онд засаг барьж байхад Улсын төсвөөс Эрдэнэтэд зээл өгдөг байсан. 10 тэрбум ам.долларын өрийг ОХУ-д тавьсан байсан. Тэр өрийн дийлэнх хэсэг нь үүнд хамаарагдаж байсан. Тэгэхээр бид түүхэндээ бодиттой хандах хэрэгтэй. Өнөөдрийн сонсголд оролцож байгаа хүмүүс баримт дэлгэж ярьж байгаа хүн ерөөсөө алга. Ямар нэгэн тоо баримт ярих ёстой. Тэгэхгүй зүгээр нэг хуучин гишүүн байсан хүмүүсийн уулзалт болж, дурсамжаа хуваалцаж байгаа аятай байна. Эцсийн дүндээ бид хуулийн зүйл заалт, тоон дээр л очно. Үүнийг л ярих ёстой" гэв.