Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа авилгын эрсдэлийг бууруулж, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Авлигатай тэмцэх газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Эрдэс баялгийн салбарын авилгын эсрэг манлайлал, шударга байдлын төлөөх амлалт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр уул уурхайн салбар дахь авлигын эрсдэл сэдэвт үндсэн илтгэлийг АТГ-аас танилцуулсан бол шударга байдлын төлөөх бидний бодит үйлдэл, алхам болон эрдэс баялгийн салбарын шударга байдлын төлөөх индэр сэдэвт богино илтгэлүүдийг сэтгүүлч, судлаачид толилуулав.
Өнгөрсөн жил манай улс авилгын индексээр 180 орноос 114-т эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оныхоос долоон байр урагшилсан үзүүлэлт боловч салбар бүрд авлига буурахгүй, асуудал дагуулсан хэвээр байгааг АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, уул уурхай, эрдэс баялгийн салбарт авилга, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил өндөр байж, төрийн албаныхны хүнд суртал, уялдаа холбоогүй байдал цэгцрэхгүй, аж ахуйн нэгжүүд болон иргэдэд дарамт учруулсан хэвээр байгаа аж. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилт сул байдгаас байгаль орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирсан буюу өнгөрсөн жилийн байдлаар улсын хэмжээнд 1100 нэгж талбарт 28 000 орчим га газар сүйдэж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсоныг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш дурдлаа. Тэрбээр “Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрөл олгох, хайгуул, ашиглалт олборлолт хийх шат бүрд авлигын асуудал хөндөгдөж байна. Үйл ажиллагаа явуулах хүсэлтэй компаниудаас олон төрлийн бичиг баримт, техник, мэргэшсэн ажилтан шаарддаг, эл шаардлагад нийцэхгүй бол “гар хардаг”, ажлыг нь хийлгэдэггүй зэрэг зөрчил байна. Нөгөө талаас хууль журамд захирагддаггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй олон компани үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Цаашид авлигын эрсдэл өндөртэй бүс нутагт АТГ-ын салбарыг нээх, иргэдийн дуу хоолойг сонсох, мэдээлэл авах, “шүгэл үлээх” боломж олгох зэргээр эрсдэлийг бууруулж, ил тод байдлыг дэмжинэ” гэлээ.
С.Дулам