Трампаар овоглосон “Энхийн төлөвлөгөө” гэгч дэлхий дахины анхаарлын төвд байна. Орос, Украины хоорондын хямралыг зохицуулахад чиглэсэн энэ “төлөвлөгөө” олон шатанд, янз бүрийн хүрээлэлд яриа хөөрөө болж буй ч ахиц тун ялихгүй, гол хоёр тал тохиролцоонд хүрээгүй байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар Москвад ирж Владимир Путинтэй мөн л энэ асуудлаар уулзаж, тэд таван цаг шахам ярилцлаа. Уулзалтад Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар оролцов. Трамп хүргэнээ яриа хэлэлцээг Америкийн талд ашигтайгаар төгсгөж чаддаг мэргэжилтэн гэж үнэлдгээс гадна түүнд ихэд итгэдэг юм байна. Уиткофф өмнө нь наймдугаар сарын эхээр Москвад ирсэн бөгөөд дараахан нь Трамп, Путин хоёр Аляксад уулзсан билээ. Трампыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хоёр дахь удаагаа хэрэгжүүлж эхэлснээс хойш Уиткофф сар бүр Москвад ирж байсан одоо тав дахиа ирсэн нь энэ. Дөрөвдүгээр сарааc түүний айлчлал хэдэн сар завсарласан байна.
Оросын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимов Оросын арми Украины Покровск, Волчанск хотуудыг хяналтдаа авсныг өнгөрсөн сарын 30-нд Путинд мэдээлжээ. Гэтэл зэвсэгт хүчин нь Покровск, Купянск, Волчанск хотуудаас бүрэн ухарч гарсныг Украины тал нотлоогүй байна. Покровскийн умард хэсгийг тогтоон барьж, өмнөд хэсэгт нь ширүүн тулалдаж байгаа бөгөөд тэнд Оросын цэрэг давуу байдалтай байна гэж Украины цэргийнхэн “Reuters”-ийн сэтгүүлчид хэлсэн байдаг. Францын мэдээллийн агентлагийн үзэж буйгаар өнгөрсөн сард Оросын арми тус хотын төлөө энэ оны хамгийн ахицтай давшилтаа хийсэн аж. Гэтэл Оросын нэг ч давшилт амжилт олоогүй гэж Зеленский хэлсэн байх юм.
Уиткофф, Кушнер хоёр Москвад ирэхийн өмнө Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хамт Флоридад Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчидтэй хэлэлцээ хийжээ. Хэлэлцээг төвөгтэй ч бүтээлч болсон гэж хэвлэлүүд мэдээлсэн. Уг хэлэлцээ Оростой залгаа хил нь хаагуур байх тухай асуудалд төвлөрсөн байна. Хэсэг хугацааны дараа Уиткофф, Умеров хоёр халз ярилцжээ. Үүний үр дүнг Трамп “Ажил хэрэг сайн явж байна. Хүмүүсийг алах үйлдлийг зогсоохыг бид хүсэж буй. Миний бодлоор бид хэл амаа ололцох сайхан боломж байгаа” гэж үнэлсэн байна. Флоридад хэлэлцээ болж байхад Парист байсан Зеленский утсаар ярьж мэдээлэл авчихаад “...Бүх асуудлыг илэн далангүй, Украины тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн ярилцсан байна” гэж өөрийн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Дайныг энхийн замаар зохицуулахад чиглэсэн АНУ-ын дипломат хүчин чармайлт өнгөрсөн сарын дундаас сэргэсэн гэж үздэг. 20-ны өдөр “Энхийн төлөвлөгөө”-г Зеленскийд танилцуулж, хэвлэлд бүрэн эхээр нь гаргаснаар түү ний талаарх яриа, үнэлгээ, байр суурь цуврах болсон.
“Энэ бол Украиныг буулгаж авсантай адил” гэх үг ч дуулдаж байв. Женевт Европын орнуудын удирдагчид цуглаж төлөвлөгөөг хэлэлцэв. Марко Рубио болон Украины төлөөлөгчид түүнд оролцлоо. Төлөвлөгөө 28 заалттай байсныг 19 болгов. Өрнөдийн хэвлэлд мэдээлж байснаар төлөвлөгөөний шинэ хувилбарыг Абу-Дабид Оросын төлөөлөгчдөд танилцуулав. Үүний дараа л Флоридад хэлэлцээ хийв. Гэтэл аль аравдугаар сарын 14-нд болсон Уиткофф, Юрий Ушаков хоёрын ярианы агуулгыг “Bloomberg” олны сонорт хүргэв. Ингэснээр уг төлөвлөгөөг “Москвагийн санаанд нийцүүлжээ” гэх хэл ам дэгдсэн байна.
Дайныг дуусгах тухайд “төлөвлөгөө”-ний сүүлчийн хувилбарт юу гэж өгүүлсэн нь тодорхойгүй байлаа. Макронтой хамтарч сэтгүүлч дэд хийсэн мэдээлэл дээр Зеленский энхийн саналын эцсийн хувилбарыг ярилцаж байна гэж хэлээд “төлөвлөгөө сайжирсан” хэмээн тэмдэглэжээ. Цааш нь тэрбээр “Нуулгүй хэлэхэд газар нутгийн асуудал хамгийн төвөгтэй байна. Мөнгө, хөрөнгө, сэргээн босголтыг миний бодлоор Европын түншүүдгүйгээр шийдвэрлэхэд хэцүү, учир нь мөнгө Европт байгаа. Энэ нь тийм ч шударга биш гэж бодогдоно. Аюулгүй байдлын баталгааны тухайд АНУ, Европын тодорхой байр суурь их чухал” гэж хэлсэн байна.
Флоридад ярилцсанаар НАТО-д элсэхээс Украиныг татгалзахыг албадах ёсгүй аж. Мэдээллээс үзвэл Путинтэй уулзчихаад Уиткофф, Кушнер нар Европын аль нэг улсад очиж Зеленскийтэй уулзан Москвад болсон уулзалтынхаа үр дүнг ярих юм.
Дайныг зогсоох талаар Кремльд нарийн ширийн юм ярьсангүй. Нөгөө төлөвлөгөөний “үндсэн чиглэл”-ийг Москвад хүлээж авсан гэж Дмитрий Песков мэдээлсэн, төлөвлөгөөг гэрээ байгуулах төсөл биш, “ярилцах асуудлуудын жагсаалт” гэж Путин хэлсэн байна.
Трампын тусгай төлөөлөгчид хийгээд Путиний хооронд таван цаг үргэлжилсэн хэлэлцээ гойд үр дүнд хүрсэнгүй. АНУ өөрийн, тодруулбал, Нью-Йоркийн хоёр бизнесменийг явуулжээ. Шөнө дунд дууссан ярианы талаар түүнд оролцогчдод хэлэх юм бага байжээ. Гойд дэвшил гарсангүй гэдэг нь л юунаас ч илүү ойлгомжтой байв. Талууд түүнд дөхөж ч очсонгүй. Вашингтонд ОХУ-ын Элчин сайд байсан, одоо Оросын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Юрий Ушаков “Ямар нэг тохиролцоонд хүрээгүй” гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна. Украины асуудлаар энхийн тохиролцоонд хүргэх хэлэлцээрийг тэргүүлэхийг Путин түүнд даалгасан юм байна.
Ушаковын хэлснээр “энхийн төлөвлөгөөнөөс” гадна оросууд дөрвөн ч баримт бичиг ав чээ. Тэдгээрт юуны тухай өгүүлснийг бусдын сонорт хүргэхгүй байхаар талууд тохиролцсон байна.
Трампын хоёр элчтэй уулзахын өмнө Путин мэдэгдэхдээ “Трампын 28 зүйлт энхийн төлөвлөгөөний эхний хувилбарт оруулахаар Киев, Европын Холбооны санал болгосон өөрчлөлтийг хүлээж авахгүй” гэж хэлснийг Германы “Шпигель” сэтгүүл мэдээлжээ. Путиний хэлснээс үзвэл “тус улс Европтой дайтахаар төлөвлөөгүй, гэхдээ Европ өөрөө дайн хүсвэл түүнд Орос бэлэн” аж.
Москвад ямар санал тавьснаа Уиткофф, Кушнер нар нууцаллаа. Хэлэлцээр хийхээр явуулах төлөөлөгчдөө сонгохдоо Трамп тун ер бусаар хандсан гэлтэй. Москватай хэлэлцээрийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга юм уу, Төрийн Департаментийн төлөөлөгч л хийж ирсэн байдаг. Энэ удаад тэдний оронд Трампын гольф тоглодог дотно анд, хүргэн хоёр нь ирлээ. Энэ хоёр бизнесмен ихэнхдээ үл хөдлөх хөрөнгийн салбарт олон саяын яриа хийж байснаас биш, Европт энх амгалан тогтоох талаар хэлэлцээр хийж байсангүй гэж дээр нэр дурдагдсан “Шпигель”-д бичсэн байна.
Уиткофф, Кушнер хоёрт найдвар хүлээлгэсэн нь тэд Газын зурвасын асуудлаар амжилттай ажилласантай холбоотой юм байна. Ойрхи Дорнодод олсон энэ түр зуурын амжилт тухайн хоёр хүний арга ажиллагаа Орос, Украины дайныг зогсооно гэх найдвар төрүүлсэн бололтой. “Орос, Украины зөрчлийг бид зохицуулчихвал баярласандаа бүгд үсэрч харайх болно” гэж Ушаковтой утсаар ярихдаа Уиткофф хэлсэн байна. Москватай бизнес хийх боломжийг Америкийн шинжээчид энхийн хэлэлцээрийн араар судалжээ. Америкийн “Exxon”, Оросын “Роснефть” компаниуд ч холбоо тогтоож. Энэ тухайд “Wall street journal” мэдээлсэн байна.
“Шпигель”-д бичсэнээр Кирилл Дмитриев нь Уиткоффт тун ч тохирох түнш юм байна. Тэрбээр АНУ-д сурч, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүний хувиар бас тэнд ажиллаж байсан, түүгээр ч барахгүй бизнесмен аж. Үл хөдлөх хөрөнгөд санхүүгээр оролцдог энэ хүн “Орост нөөц бололцоо ч, газар нутаг ч их бий” гэж хэлдэг нэгэн юм байна. Уиткоффын үзэж буйгаар Орос, Украин, АНУ цэрэг дайны зөрчилдөөний оролцогчид биш ажил хэргийн түншүүд байх ёстой гэнэ.
Европын удирдагчид энэ хэлэлцээрүүдийн араас сэтгэл түгшин ажиглаж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск “Wall Street Journal”-ын сурвалжлагчийн асуултад Трампын “Энхийн төлөвлөгөө”-ний талаар хариулахдаа “Энхийн тухай ярихгүйг нь бид гадарлаад байна. Бизнесийн яриа л хийж байгаа” гэжээ. Трамп, Путин хоёрын үгсээнд Европын Холбоо ихээхэн сэжигтэй хандаж байна. 28 заалт бүхий Америкийн төлөвлөгөө үнэн чанартаа Оросын цэргүүдийн эзлээд байгаа газар нутгийг алдахыг зөвшөөрөхийг Киевт уриалав. Түүнд гарын үсэг зурах нь бууж өгсөнтэй дүйнэ.
Р.Жаргалант