Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 онд хотын зарим сургуульд хэрэгжүүлсэн. Ингэснээр эрүүл мэндэд нь эерэг өөрчлөлтүүд гарсан тул хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөг тусгаад байгааг албаныхан мэдээллээ. Үүний үр дүнд I-V ангийн 189 600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулах боломж бүрдэв.
“Сүүн дархлаа” хөтөлбөрийн талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Өнгөрсөн жил нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол уулгасан. Тэдний өсөлт, хөгжил, дархлааны систем илт сайжирсан тул хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх үүднээс Улаанбаатар хотын хэмжээний ерөнхий боловсролын төрийн өмчийн бүх сургуульд суралцаж буй бага ангийн хүүхдүүдэд долоо хоногт гурван удаа сүү өгч байхаар боллоо. Сүү уухын ач холбогдлыг хүмүүс надаар хэлүүлтгүй мэднэ. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн хөтөлбөрөө үнэлэх үүднээс хүүхэд, эцэг, эхчүүдээс судалгаа авахад Д аминдэм, кальциар баялаг сүү ууснаар шүдний эрүүл мэнд, дархлаа нь сайжирч, хичээл сурлагад нь ч сайнаар нөлөөлжээ. Тиймээс хүүхдүүдийн нэг өдрийн сүүний зардлыг нийслэлээс, нөгөө өдрийнхийг дүүрэг, орон нутгаас, үлдсэн нэг хоногийн мөнгийг эцэг, эхчүүдэд хариуцуулахаар шийдсэн. Олон улсын туршлагаас харахад БНХАУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд сүү тогтмол уудаг хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна” гэлээ.
М.Гэгээ