Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгон, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар дээрх боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байгаа аж.
Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд өмнөх Засгийн газраас 2022 онд 95, 349 дүгээр тогтоол гаргаж, Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 66 га газрыг “Смарт эко транс” ХХК-д ашиглуулах эрх олгосон байдаг. Тэгвэл уг газраас зориулалтын дагуу ашиглаагүй 5.3 га талбайг Хилийн боомтын захиргаанд буцаан шилжүүлж, уг хэсгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах арга хэмжээ авахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто зам нь өдрийн 10:00-14:00 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашиглагдаг. Тиймээс бусад ачаалалгүй цагаар нь нүүрсний тээвэрлэхээр болсон байна. Ингэснээр тус авто замаар хоногт дунджаар нүүрс тээврийн 1500 гаруй автомашин нэвтрүүлэх боломж бүрдүүлжээ.