Туркийн Истанбул хотод үргэлжилж буй насанд хүрэгчдийн классик (сонгодог) пауэрлифтингийн Азийн АШТ-д манай улсын баг хүч сорьж байна. Тэднээс М1 ангиллын 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн холбооны шигшээ багын тамирчин ОУХМ Э.Цэлмэг штангтай суултад 272.5 кг-ыг өргөж, хэвтээ шахалтад 180 кг-ыг шахан алтан медаль хүртсэн бол газраас таталтынхад 295 кг-ыг татаж нийлбэр дүнгээр 747.5 кг-ыг өргөснөөр тивийн аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж, Ш.Сапар М1 ангиллын 120, Д.Ганбат М2 ангилалд мөн 120 кг-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв.
Тэгвэл эмэгтэйчүүдээс 84 кг-д Я.Батжаргал штангтай суултын төрөлд 227.5 кгыг өргөж, алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр сонгодог пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн анхны монгол эмэгтэй тамирчнаар шалгарчээ. 63 кг-д Х.Цолмонгоо штангтай суултад 212.5 кг-ыг өргөж алт, хэвтээ шахалтынхад 90 кг-ыг өргөж мөнгө, газраас штанг таталтынхад 182.5 кг өргөн нийлбэр дүнгээр 485 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль гардсан байна.