- Тархвар зүйчдийг төрийн бодлогоор “хөөжээ” -
Хоёр нийгэм дамнан малын эмчээр тасралтгүй 60 жил ажиллаж буй Ш.Өлзийбат “Малын эмчийг хүн төрөлхтний эмч хэмээдэг нь учиртай. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэсэн үг шүү дээ. Монголын мал эмнэлгийн салбар дэлхийн жишгээр хувьсан өөрчлөгдөж, өнөөдөртэй золгов. Намайг анх малын эмч болж байсан 1960, 1970-аад оны үеийнхээс одоо тэс өөр. Чагнуур, халууны шил, хуурай эмээс өөр юмгүй л ажилладаг байлаа, бид. Өдгөө багаж, тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадал сайжирч, сурах бичиг, гарын авлага ч элбэг болж. Гэвч эдүгээ эл салбар залуу боловсон хүчнээр цангаж, тэр тундаа малын эмч маш дутагдалтай байна. Би Булган аймагт 10, Өвөрхангайн Төгрөг сумд сүүлийн 50 жил малын эмчээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ганцаараа л ажиллаж ирлээ. Маргааш нүд анилаа гэхэд малын эмчгүй болно гэсэн үг. “Орны хүн”-ээ бэлдэх, заримыг нь “аргамжих” гэж ч хичээсэн. Хамгийн сүүлд техникчдийг бэлдэж өглөө. Түрүүчээсээ тэтгэвэрт гараад, дахиад л хүний нөөцийн дутагдалд орж байх шиг. Уг нь ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг жил бүр цөөнгүй хүн төгсдөг. Даанч энэ салбар луу ирэх хүн алга. Жил ирэх тусам малын хөлийн тоос, хонины хотонд ажилладаг малын эмч цөөрсөөр. Өмнө нь малын эмч нарыг улсаас их дэмждэг байлаа. Харин одоо сул орон тоог нөхөх төр засгийн бодлого үгүйлэгдэж байна” хэмээн халагласан.
ДУТАГДАЛТАЙ ОРОН ТООГ БҮРМӨСӨН ҮГҮЙ ХИЙЖЭЭ
Мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улсад малын эмчийн хомсдол ийн нүүрлэнэ гэдэг байж боломгүйг салбарынхан нь ч дуу нэгтэй хэлж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд мал, махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, түүнээсээ ч чамгүй орлого олж эхлээд буй өнөө үед хүний нөөцийн дутагдалд орчихвол хүнсний аюулгүй байдлаас өгсүүлээд гадаад харилцаанд ч ан цав үүсэж мэдэх юм. Малын эмч Ш.Өлзийбатын хэлсэнчлэн боловсон хүчнийг улс бодлогоор үнэхээр дэмжихгүй байна уу гээд судлаад үзтэл тийм байв. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 102 сум малын эмч буюу тархвар зүйчгүй аж. 21 аймгийн 330 сум бүрд төрийн ийм албан хаагч заавал ажиллуулахыг холбогдох хууль, тогтоомж, салбарын бүтцэд тусгаж өгсөн ч үүнийгээ төр засаг биелүүлэхгүй өдий хүрчээ. Тэр ч байтугай, Засгийн газраас гаргасан төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгох шийдвэрийн хүрээнд мал эмнэлгийн салбарт дутагдалтай байгаа эл 102 тархвар зүйчийн орон тоог бүрмөсөн үгүй хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, одоогийн байгаа хүний нөөцөөрөө болго гээд хаяжээ.
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын бүтэц, үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд босоо тогтолцоотой ажиллаж иржээ. Төрийн анхан шатны нэгжид буюу сум бүрд МЭЕГ-ын харьяа Мал эмнэлгийн тасаг гэж бий. Тэнд улсын байцаагч, малын эмч мэргэжилтэй тархвар зүйч ажиллуулах хуультай. Гэвч өдгөө дээр дурдсанчлан 100 гаруй сум малын эмчгүй, тухайн бүс нутагт малын эрүүлийг хамгаалах ажил үндсэндээ орхигдоод байгааг МЭЕГ-ынхан хэллээ. Тэд “Төрийн анхан шатны нэгжид малын эрүүл мэнд, улмаар хүнсний аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хамгийн гол үүрэгтэй ажилладаг боловсон хүчин бол тархвар зүйч. ХААИС жил бүр 130-140 малын эмч төгсгөж байгаа. Нийлүүлэлт бол хангалттай. Гэвч малын эмч нарыг тархвар зүйчээр ажиллуулах гэхээр төрөөс орон тоог нь цомхотгосон. Дээрээс нь төрийн албан хаагчийн болон тухайн албан тушаалд тэнцэх, эсэхийг тусгай шалгалтаар заавал баталгаажуулдаг. Үүнээс болоод дөнгөж сургуулиа төгссөн хүмүүс халшраад төрд ажиллах нь ховор байна. Хувийн мал эмнэлгийн нэгжүүд рүү хүний нөөцөө алдаж буй шалтгааны нэг нь энэ. Дипломтой малын эмч нарт МЭЕГ-аас лиценз олгож, хугацааг нь сунгаад явдаг. Хүний их эмч ч ийм лицензтэй байж тусламж, үйлчилгээ үзүүлдэг биз дээ. Гэтэл малын эмч нараас тусгай зөвшөөрлөөс гадна хоёр төрлийн шалгалт авч буй нь утгагүй” гэсэн юм.
83 ЖИЛИЙН ӨМНӨӨС ХҮНИЙ НӨӨЦ БЭЛТГЭВ
Мал зүйч, зоотехникч тэргүүтэй нарийн мэргэжилтнүүд төрийн захиргааны төв байгууллагын түвшинд үржил, ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр бодлогын ажлуудыг гүйцэтгэдэг бол малын эмч, тархвар зүйчид малын эрүүл мэндийг газар дээр нь гардан хариуцдаг хүмүүс. Сумын Мал эмнэлгийн тасагт ажилладаг тархвар зүйч тухайн хариуцсан бүс нь хэчнээн тооны малтайг, гоц халдварын голомт, давтамжийн эрсдэлийг үнэлж судлан, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Ингэхдээ тархвар зүйн арга аргачлалыг ашиглан мал эмнэлгийн үйл ажиллагааг төлөвлөх, үнэлэх, халдвар гарсан үед дэгдэлт болон шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт, дүн шинжилгээ хийн, судалгаанд үндэслэсэн хариу арга хэмжээг шуурхай авах замаар сүргийн тавлаг, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй аж.
Улмаар тухайн онд хэчнээн малыг угаалга, туулга, үзлэг, дархлаажуулалтад хамруулах, эсэхийг тооцож, МЭЕГ-т вакцины болон бусад ажлын захиалга өгөх зэргээр бүхий л ажлыг нугалдаг байна. Тархвар зүйчид заавал малын эмч мэргэжилтэй байх заалттай байдаг нь ийм учиртай гэсэн үг. Цаашлаад сумын түвшинд байцаагч, тархвар зүйч гэсэн хоёрхон хүнтэй тасаг ажилладаг учраас олон мянган мал сүргийг угаалга, туулга, вакцинд хамруулах ажлыг гурвалсан гэрээгээр хувийн мал эмнэлгийн нэгжээр гүйцэтгүүлдэг гэж байгаа. Хувийн аж ахуйн нэгжүүдэд малын эмч нар хангалттай тул асуудал гардаггүй гэсэн.
Манай улс малын гоц болон халдварт таван төрлийн өвчний эсрэг вакцинд таван хошуу малаа хамруулж иржээ. Хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах, шүлхий, боом нь олон улсын хорио цээрт өвчний ангилалд багтдаг. Эдгээр өвчин дэгдэх л юм бол гадаад харилцаа, тэр дундаа мал, махны экспортод хориг тавигддаг ажээ. Тиймээс л төрөөс шүлхий өвчний вакциныг жилд хоёр удаа гэхчлэн товлолын дагуу дархлаажуулалтыг зохион байгуулдаг гэнэ. Үүний хүрээнд 2032 он гэхэд малаас хүнд халддаг зарим төрлийн, тухайлбал бруцеллёз өвчнийг бүрэн устгах зорилт тавьсан байх жишээтэй. Түүнчлэн Монгол Улсын санаачилсан Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн нээлт энэ сарын 2-нд Ром хотноо болсон. ХХААХҮЯ-ныхан уг хуралд оролцож, Монголын бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг сурталчилж, цаашид малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ. Тэгсэн мөртлөө малын эмч нараа бодлогоор “хавчиж”, цомхотгосон нь ёстой л нөгөө хоёр туйлт эмгэг гэлтэй.
Тэртээ 83 жилийн өмнөөс манай улс малын их эмч бэлтгэжээ. Дээр өгүүлсэнчлэн хүний нөөц хангалттай нийлүүлж буй ч малын эмчийн ажлын байрны нөхцөл шаардлага чанга, цалин хангамж бага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, мөрддөггүйгээс зоонозын халдварт өвчин тусаж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох, улмаар амь эрсдэх ч аюултай хүнд алба гэдгийг тэд хэлж буй юм. Мал эмнэлгийн анхан шатны нэгжид хүн хүчгүй шахам тул вакцинжуулалт, бусад үйл ажиллагааг явуулахад ч тун хүндрэлтэй. Зарим сумын малын эмч суурин ажилладаггүй, аймгийн төвд, эсвэл хотод амьдардаг тул яаралтай үед энэ нь малчдад тулгамдсан асуудал болсоор иржээ. Малчид аргагүйн эрхэд тарилга, туулгаа өөрсдөө хийдэг тухайгаа ч хэлсэн. Салбарт ажиллаж буй нийт малын эмчийн тэн хагас нь 50 гаруй насныхан гэх.
ХӨДӨӨ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ, ЦАЛИНГИЙН БАТАЛГАА АЛГА
Малчид дур мэдэн тарилга, туулга хийдгээс болж хүнсэнд хэрэглэхээр бэлтгэсэн махнаас янз бүрийн зүйл илрэх тохиолдол ч гардаг байна. Жишээ нь, өнгөрсөн жил “Хүчит шонхор” зэрэг хүнсний захад буглаатай мах нэвтрүүлсэн зөрчил илэрчээ. Энэ нь элдэв тариа, вакцин тарьснаас хойш малын махыг хүнсэнд хэрэглэж болохгүй гэх мэт шаардлага, заалтыг зөрчсөн үйлдэл гэдгийг МЭЕГ-ынхан хэлсэн юм. Зарим төрлийн дархлаажуулалтыг хийснээс 21-28, цаашлаад 45 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ гэхчлэн заавар нь харилцан адилгүй аж. Ялангуяа малчид “цагаан тариа”-г мал таргалуулдаг хэмээн буруу ойлгон, замбараагүй хэрэглэдгээс үүдэн хүнсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж буйг сэрэмжлүүлсэн.
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд энэ хичээлийн жилд 1000 гаруй оюутан суралцаж байгаагаас 20 орчим хувь нь ирэх хавар төгсөх гэнэ. Тэдний 50 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг ч олонх нь орон нутагт шилжин суурьших сонирхолгүй байдаг аж. Тэр хэрээр орон нутагт малын эмчийн хомсдол нүүрлээд буйг тус сургуулийн багш нар ч хэлж байна. Төгсөөд хөдөө ажиллахаар очсон мэргэжилтнүүдэд нийгмийн, хөдөлмөрийн, цалингийн баталгаа ч бага гэдгийг нэмж тодотгосон.
Өмнөх нийгмийн үед хөдөө сум, баг бүрд малын эмч томилон ажиллуулж, тэр хэрээр гоц халдварт өвчний тархалт бага байжээ. Дэлхийн улс орнуудын мал, амьтны байгууллагууд аливаа зоонозын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, тогтолцоогоо зөв бүрдүүлэн, эмч, мэргэжилтнүүдээ ч өндөр түвшинд бэлтгэн, цалин хангамжаар дутаалгүй, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж ирсэн байдаг. Харин манайд хүний нөөцийн хомсдолоос үүдэн өвчлөл гарсны дараа хорио цээрийн дэглэм тогтоох, вакцинд хамруулах, устгал, ариутгал хийх зэрэгт чамгүй хөрөнгө, хүч “хаясаар” ирэв. Энэ нь эдийн засгийн болоод хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх гол шалтгаан болоод байна.
Хүн төрөлхтөн ургамлын болон малын гаралтай хоёр төрлийн л хүнс хэрэглэж буй. Монголчуудын гол хүнс болсон таван хошуу малын махыг малчны хотноос зоогийн ширээнд хүртэлх ариун цэвэр, эрүүл ахуйг хангаж байж бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах учиртай. Гэвч харамсалтай нь, тархвар зүйчгүй сумын малын эрүүл мэнд хөсөр хаягдаж, хяналт, сэргийлэлтийн гадна үлдсээр байгааг, үүнд бодлого, шийдэл хэрэгтэйг албаныхан ахин дахин санууллаа.