Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчимд өчигдөр 13.00 цагийн байдлаар агаарын бохирдол хамгийн их байв. Тодруулбал, Баянхошуунд агаарын чанарын индекс 284, Дамбадаржаад 220 буюу бохирдлын хэмжээ их байгааг заажээ. Харин Хайлаастад агаарын чанарын индекс 117, Яармагт 114, “Таванбуудал”-д 107, “Зуун айл”-д 101 буюу бага бохирдолтой гарсан байна. “Ургах наран”, “Шар хад” орчимд хэвийн бол Богд хааны ордон музей, МҮОНРТ, “Мишээл экспо”, Баруун дөрвөн зам, “Бөхийн өргөө” орчимд агаар цэвэр байв. Түүнчлэн “Ургах наран”, “Шархад”, Налайх орчим хүхэрлэг хий (СO2) нь агаарын чанарын стандарт, MNS 4585:2025-г давсан, бусад цэгт хэвийн гарчээ.
Түүнчлэн агаарын бохирдол ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт уржигдар гурван өрхийн найман хүн угаарын хийд хордож, 57 настай нэг иргэн нас барсан байна. Мөн энэ сарын 7-8-нд шилжих шөнө гурван өрхийн долоон иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан юм. Ташрамд, манай улсад агаарын чанарын индекс 0-50 бол цэвэр, 51-100 бол хэвийн, 101-250 бол бага, 251-400 бол дунд, 401-500, түүнээс дээшхийг их болон маш их бохирдолтой гэж үздэг. Харин олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг аж.
Ч.Цэлмэг