УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 27- ны нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцсэн. Тус хуулийн төслийг гишүүн Б.Жаргалан шүүмжлэхэд УИХ-ын дарга Н.Учрал “Та асуудлыг үндэслэлтэй хөндөж байна. Өнөө орой Г.Дамдинням сайд Б.Жаргалан гишүүнд хуулиа тухайлан тайлбарлаж өгнө шүү. Та хоёр өнөөдөр уулзана” гэхэд танхимаараа инээлдэх нь тэр. УИХ-ын чуулганы танхимд ийм бэлгийн дарамтын шинжтэй үг хэлэхэд танхимын гишүүд түүнийг наргиа гэж хүлээн авав. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ард түмнийхээ элчийн хувьд биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлнэ гэж заасан. Энэ дүрмээ зөрчвөл дээд талдаа цалинг нь 20 хүртэлх хувиар бууруулах шийтгэлтэй. Гэтэл чуулганы индрээс ийм үг унагаж л байдаг. Тэр байтугай, тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “Яадаг юм бэ. Хөгжилтэй, гоё байна шүү дээ. Харин ч таатай, халуун дулаан уур амьсгалтай байна”, “Юм бүрийг сөргөөр харахаа боль оо”, “Б.Жаргалан Г.Дамдиннямын өрөөнд орой очно шүү” гэх сэтгэгдэл давамгайлах жишээтэй
Бохир онигооны “бай” болж, бэлгийн сэдэлтэй зурвас, зураг хүлээн авч, хүсээгүй байхад биед хүрэх, удаанаар зохисгүй ширтэх, хүчирхийлэхийг завдах, дургүй байхад болзоонд урьж, халамж, анхаарал тавих зэрэг үйлдэлтэй тулгарч байгаагүй эмэгтэй ховор гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Хэрвээ үүнийг нь эсэргүүцвэл “Чамайг хэн ч биш болгоно” хэмээн айлган сүрдүүлж, дарамт үзүүлэх нь ч энүүхэнд. “Хүнтэй сууж, хүүхэд төрүүлээгүй ганц бие эмэгтэйг бусадтай холбох, хэн нэгний нууц амраг хэмээн доог тохуу хийдэг”, “Хүний биед зайлшгүй хүрэх тохиолдолд зөвшөөрөл авч сурах хэрэгтэй”, “Халуун өдөр нимгэн цамц өмссөн байхад хамт ажилладаг эмэгтэй энгэр рүү гараа оруулж, хөх базсан. Би тухайн үед инээгээд л өнгөрсөн ч маш муухай, доромжлогдсон мэдрэмжтэй үлдсэн”, “Ажлын байранд хэн нэгэн эмэгтэй хүн рүү хандан марзганаж, нэр төрд нь халдаж, хүйсээр нь ялгаатай хандаж байгаагаа огт анзаардаггүй залуучууд байдаг. Иймээс соёлын наад захын ойлголтыг тэдэнд хэлж өгч байх хэрэгтэй. Байгууллагаараа хамаатан садан, найз нөхөд шиг дундаа орсон байхад хэн хүний нөөц, ёс зүйн хороонд хандах вэ дээ. Би удирдлагадаа хэлж байсан ч өөрөө буруутан болоод хоцорсон” хэмээн ярих хүн цөөнгүй байна.
Тэгвэл бэлгийн дарамттай холбоотой асуудлыг хуулиар хэрхэн шийдвэрлэдэг талаар тайлбарлахаас өмнө бэлгийн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл зэргийн ялгааг тодруулах хэрэгтэй. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилж, үүнд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг, 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэхийг зохион байгуулах зэрэг гэмт хэргийг хуульчилсан.
“Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гаргах”-ыг хүчиндэх гэсэн бол “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй байх” нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, харин бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол бэлгийн мөлжлөг болно гэжээ. Тус хуулийн 12.4-т “Бэлгийн дарамт учруулах” гэх хэсэг байсан ч 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг заалтыг хүчингүй болгосноор бэлгийн дарамт нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсныг хуульчид өдгөө ч шүүмжилдэг.
Хөдөлмөрийн тухай хуульд үүнийг илүү нарийвчилж, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим нь дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох гэж заасан төдийгүй долоодугаар зүйлд бэлгийн дарамтыг хориглосон бие даасан зохицуулалтыг тусгаснаараа онцлог. Хэрвээ ажилтан бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох ТББ, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх, хууль хяналтын, хөдөлмөрийн хяналтын байгууллага, ХЭҮК, шүүхэд тус тус гаргаж болох ба гомдлыг хүлээн авах газар, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шууданг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй байна. Харин Төрийн албаны тухай хуульд үүнийг албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосноос өөр зүйлгүй.
Бэлгийн дарамтыг Эрүүгийн хуулиас хасаж, хүчингүй болгосноос хойш үүнийг 2020 онд Зөрчлийн тухай хуульд нэмж, хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг болгожээ. Тус үйлдлээр хэр хэмжээний зөрчил бүртгэгдсэнийг шүүхийн шийдвэрийн цахим сангаас харах гэтэл нээлттэй мэдээлэл алга. Энэ асуудлыг зохицуулсан гол хууль гэгддэг 2011 оны Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль бэлгийн дарамт гэдгийг “Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг, эсхүл бэлгийн сэдэлтэй аливаа үйлдлийг давуу эрх, боломж эдлүүлэх болзол болгон тавих” хэмээн албан ёсоор тодорхойлсон юм. Тэр байтугай, ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэйг ч тусгасан.
Энэ талаар хуульч, доктор П.Баяр манай сонины 2023 оны зургаадугаар сарын 12-нд өгсөн ярилцлагадаа “Олон улсын байгууллагуудаас манай улсад өгсөн зөвлөмжид бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульдаа тусгахыг онцолдог. Хохирогчдын 98 хувь нь эмэгтэй учраас тэр. Хөдөлмөрийн тухай хуулиар өмчийн хэлбэр харгалзалгүй хуулийн этгээд хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар зааж, зохицуулахыг үүрэгжүүлсэн ч бодит амьдрал дээр ийм журамтай байгууллага цөөн. Компанийн засаглал сайтай, олон улсын стандарт, журмыг нэвтрүүлэн хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжүүд энэ асуудалд илүү нухацтай ханддаг. Бэлгийн дарамт үйлдсэн этгээд шүүхийн шийдвэрийн дагуу ажлын байрандаа эргээд ирэх нь бий. Энэ нь ноцтой үр дагаварт хүргэж байна. Удирдлага тухайн хүнийг эргүүлэн ажилд авснаар хохирогч ажлаасаа гарахаас өөр аргагүй болдог тохиолдол элбэг. Эсвэл бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрч үлдэх сонголттой нүүр тулдаг. 2018-2022 онд шүүхээр шийдвэрлэсэн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэргүүдээс харахад “Нотлогдохгүй байна” гэдэг үндэслэлээр халагдсан этгээдийг ажилд нь эргүүлэн томилсон байдаг. Ийм байхад энэ төрлийн хэргийн хохирогчид шүгэл үлээх боломж бий юү. Нөгөө талаар бэлгийн дарамтыг гэрчлэх, баримтжуулах боломж бараг байдаггүй. Учир нь дарамтлагч, хүчирхийлэгч нь ихэнхдээ ийм үйлдлийг олны нүднээс далд, албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн давуу байдлаа ашиглан үйлддэг. Ийм нөхцөлд хохирогчоос бэлгийн дарамтад орсноо гэрчлэхийг шаардаж буй шүүх нотлох баримтыг үнэлж байгаа хандлага, стандартаа өөрчлөх шаардлагатай” гэснийг зайлшгүй дурдах нь зүй.
О.Саранчулуун нарын гишүүд өнгөрсөн зургаадугаар сард Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл санаачилсан нь боловсруулах шатандаа л явна. Үүнд ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтыг нарийн тусгаснаараа онцлог боловч одоо байгаа хуулиудаа тордож, сайжруулахгүйгээр дахин ийм бие даасан хууль баталж, 1000 дөхсөн хуулиа нэгээр нэмэх шаардлагагүй гэж зарим судлаач үзэж байгаа юм. Хууль, эрх зүйн хүрээнд бэлгийн дарамтыг ийн хуульчилжээ.
Бэлгийн дарамтыг гол төлөв эрчүүд үйлддэг хэмээдэг. Тэгвэл өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Австрали дахь IRIM судалгааны хүрээлэн “Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдлын судалгаа” хийсэн нь олны анхаарал татаад буй. Уг судалгаанд хүүхэд насандаа хүчирхийлэл харсан, туулсан эрчүүд насанд хүрсэн хойноо хүчирхийлэгчийн зан авир гаргах магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь нэг үеэс нөгөө үед дамждагийг онцолсон байна. Түүнчлэн бэлгийн дарамтад өртсөн хүмүүс сэтгэл гутралд орж, үүссэн нөхцөл байдалд өөрийгөө буруутгах шинж түгээмэл илэрдгийг сэтгэл судлаачид дурджээ. ХЭҮК-ын 3300 хүнийг хамруулсан “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-нд гурван хүн тутмын нэг нь бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргахыг бэлгийн дарамт биш гэж үзжээ. Таван хүний нэг нь хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлахыг, таван хүний нэг нь таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэхийг бэлгийн дарамт биш гэж хариулсан байна. Харин нийт судалгаанд оролцогчдын 14-15 хувь нь дээрх үйлдлүүдийг бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэл гэж огт мэдэхгүй гэсэн байх жишээтэй. Тэгэхээр олон нийтийн дунд энэ төрлийн ойлголт дулимаг байгаа төдийгүй уг зөрчлийг үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлага хангалтгүй гэж дүгнэж болохоор.
Тиймээс бэлгийн дарамт учруулах хэргийг шүүхээр шийдвэрлэх тусгай журам, стандарт батлахаас гадна үүнд хэн ч өртөж болохыг олон нийт ойлгож, мэдээлэлтэй болох зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн хохирогчийн дахин хохироохоос сэргийлэх буюу гэм буруутай этгээдийг хохирогчоос тусгаарлах нь ч анхаарах асуудал аж. Түүнчлэн хэн ч бусдад бэлгийн сэдэлтэй зурвас, зураг явуулж, хүсээгүй байхад нь биед хүрэх, удаанаар зохисгүй ширтэх, хүчирхийлэхийг завдах зэрэг үйлдэл гаргаж болохгүйг эцэг, эхчүүд хүүхдэдээ багаас нь ойлгуулж, учирлах нь чухлыг сануулахад илүүдэхгүй.
Д.Хэрлэн