Аж ахуйн нэгж, албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж буйтай холбоотой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж буйг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас сэрэмжлүүлэв. Өнгөрсөн долоо хоногт “Уусан бол бүү жолоод” хяналт, шалгалтын үеэр согтуугаар автомашин барьсан цөөнгүй зөрчил илрүүлж, таслан зогсоожээ. Тухайлбал, хүүхдээ хамт тээвэрлэж явсан, “гэр ойрхон”, “Хоёр цагийн өмнө уусан” зэрэг шалтгаанаар согтуугаар жолоо барьсан зөрчил илрүүлсэн байна. Нэг хоногт ТЦА-ны 500 гаруй алба хаагч хяналт, шалгалт хийхдээ 10-20 минутын хугацаанд гэхэд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3-4 зөрчил илрүүлж ажилласан байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, үүний улмаас 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэнийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг мэдээлэв. Тэрбээр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23.9 хувиар өссөн байна. Үүнээс жолоодох эрхээ хасуулсан үедээ машин барьсан 2269 зөрчил илрүүлсэн. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т заасны дагуу 2.7-14 сая төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жилийн хугацаанд баривчлах шийтгэлтэй. Мөн жолооны үнэмлэхгүй хэрнээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2662 зөрчил бүртгэгдсэн. Иймд иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнийгээ жолооны ард суулгахгүй байхыг анхааруулъя. Ялангуяа шинэ жилийн баяраа тэмдэглэж буй албан байгууллагынхан нэгдсэн унаагаар үйлчилж, хариуцлагатай байхыг уриалж байна” гэв.
Ч.Болор