“Глоб интернэшнл” төвөөс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, бодлогын зөвлөмж баримт боловсруулснаараа онцлогтой.
Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа нээж, хүний эрхийн суурь зарчмууд, түүний дотор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, дэмжих чиглэлээр комиссоос баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Иргэний орон зайг хамгаалах нь ардчиллын тогтвортой байдлын үндэс. Тиймээс төр, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Мөн мэдээллийн ил тод байдал, олон нийтийн мэдэх эрхийн хэрэгжилтийг сайжруулах асуудал нь иргэдийн оролцоог бодитоор хангах гол нөхцөл” гэв.
Э.Сондор