Судалгаанд оролцсон эцэг, эхийн 7.5 хувь буюу 19 нь хүүхдэдээ ямар нэг хоцрогдол, бэрхшээл байгааг ажигласан гэж хариулсан байна. Гэсэн хэдий ч зөвхөн 1.6 хувь буюу дөрвөн тохиолдол нь албан ёсоор оношлуулжээ. Эдгээр эцэг, эхийн олонх буюу 79.8 хувьд нь хөгжлийн бэрхшээлийг оношилдог мэргэжилтнүүдийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг. Цаашлаад 17.5 хувь нь хүүхдэд нь ямар нэгэн бэрхшээл илэрвэл хаанаас тусламж авахаа мэддэггүй. Ялангуяа аутизм, даун, оюуны болон хэл яриа, харилцааны хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн талаар төдийлөн мэдэхгүй, ийм бэрхшээлтэй хүүхдээсээ ичих, нуух хандлага байсаар байна” хэмээн Японы Хүүхдийг ивээх сангийн “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд хийсэн судалгаанд дурджээ. Судалгааг “Когнос интернэйшнл” ХХК-ий судалгааны баг энэ оны 5-7 дугаар сард хийсэн бөгөөд нийслэл, орон нутгийн зорилтот цэцэрлэг, өрхийн эмнэлгийн удирдлага, багш, эцэг, эх зэрэг 297 хүнийг судалгаанд хамруулсэн байна. Үүнээс үзэхэд манай улсад бага насны хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд санаа тавих цаг болсныг илтгэж буй.
Уригдаж бус, урьдчилан сэргийлж эмнэлэгт хандъя
Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд хүүхдийн ес, 18, 36 сартайд нь эрүүл мэнд болон хөгжлийн цогц үзлэгийг тогтмол зохион байгуулах тухай журмыг ЭМЯ, ХНХЯ, БСШУЯ-ны сайд нарын хамтарсан тушаалаар 2018 онд батлан гаргаж байв. Тус баримт бичгийг 2021 онд шинэчилж, есөн сартай хүүхдийн цогц үзлэгийг хийх тухай заалтыг нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгт хүүхдийг 0-5 хүртэлх насанд нь нийт гурван удаа хамруулах үүрэгтэй. Гэвч нэлээдгүй хүүхдүүд, эцэг, эхчүүд энэ үзлэгт хамрагдахгүй байснаар хүүхдийн хөгжлийн “алтан цаг”-ийг алдаж буй нь харамсалтай юм .
Хүүхдийнхээ хөгжлийн асуудлаар эцэг, эхчүүд өрхийн эмч нараас илүүтэй цэцэрлэгийн багш нартай нь ярилцдаг байдал түгээмэл байна. Цэцэрлэгийн болон бага ангийн багш нар хүүхдийн хөгжлийн хоцрогдлын эхэн үеийн шинж тэмдгийг анзаарах, илрүүлэх, энэ тухайд нь аав, ээж, асран хамгаалагчид нь хэлж, зөвлөж буй нь сайшаалтай. Гэвч үүнийг эрүүл мэндийн салбарынхан буюу мэргэжлийн хүмүүсийн оношоор баталгаажуулдаг. Түүнчлэн эцэг, эхчүүдийн сэтгэл зүйн бэлтгэл дутмаг байдлаас шалтгаалан багшийн ажиглалт, дүгнэлтийг эсэргүүцэх, хүндээр хүлээн авч, таагүй байдал үүсгэх зэрэг бэрхшээл тулгардаг байна. Иймд багш нар хүүхдийн хөгжлийн оношилгоог мэргэжлийн байгууллагаар хийлгэх хүсэлтэй аж. Анхан шатны биш юм гэхэд, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд багачуудын хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, оношлох төв байдаг бол олон хүүхэд эрт үедээ тусламж авах боломж бүрдэх юм. Гэтэл хэл яриа, хөдөлгөөн, танин мэдэхүйн хоцрогдолтой хүүхдийг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж үзлэгт хамрагдаж оношлуул гэсэн зөвлөмж өгдөг. Энд очиж үзүүлье гэсэн ч дараалал нь их байдгийг эцэг, эхчүүд учирладаг.
Дэлгэцийн хэт хэрэглээ болон аав, ээж нь хүүхэдтэйгээ цаг гарган тоглож, ярилцдаггүйн улмаас хожуу хэлд орох тохиолдол цөөнгүй болсныг мэргэжилтнүүд хэлдэг юм. Ялангуяа гурван настай хүүхэд ярихгүй байвал заавал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж буй. Хүүхдийн хөгжлийг эрт илрүүлж чадвал хөгжүүлэх боломжтой гэдэг. Гурван нас зургаан сар хүрсэн тохиолдолд “хожимдсон” гэж үздэг хэмээн хүүхдийн эмч нар онцолдог. Энэ тухайд Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Янжмаа “Ураг байхаас нь л хүүхдийн хөгжлийг нь хянаж, эрт илрүүлэх хэрэгтэй. Үүнд эцэг, эхийн эрүүл мэндийн боловсрол чухал. Жирэмсний хяналтад цаг тухайд нь орохоос эхлээд хүүхэд төрөнгүүт урьдчилан сэргийлэх товлолт үзлэгтээ хамрагдах, эх, хүүхдийн “ягаан дэвтэр”-ийн асуумжийн дагуу хөгжлийг нь хянаж, ямар нэгэн хоцрогдол бий, эсэхийг эрт илрүүлж болдог. Өөрөөр хэлбэл, аав, ээж нь анхан шатны хяналтыг хийх юм. Хэрэв хоцрогдол илэрвэл мэргэжлийн байгууллагад эрт хандаж, оношлуулж, эмчлүүлснээр эдгэрэх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч өөртөө үйлчлэх чадвар нь харьцангуй сайжирдаг. 9, 18, 36 сартайд нь хийх товлолт үзлэгт өрх, сумын эрүүл мэндийн төвд заавал хамруулах ёстой. Гэвч энэ нь төдийлөн хангалттай биш. Эцэг, эхчүүдийн хариуцлага, эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн дутагдал үүнд нөлөөлж байна. Иргэд өөрсдөө сайн дураараа хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байвал хөгжлийн хоцрогдлоос сэргийлж чадна. Гэтэл өрх, сумын эмч нар нь утсаар дуудаж, урьж залж үзлэг хийж байна. Зарим эмнэлэг ачааллаасаа үүдээд хамрагдах ёстой хүүхдийг орхигдуулдаг” гэв.
Хөдөлгөөний хоцрогдолтой бол оюуны бэрхшээл үүсэх эрсдэлтэй
Эцэг, эхчүүд хүүхдээ есөн сар хүртэл нь эрүүл мэндийн байгууллагаас бараг л “салдаггүй”. Товлолт вакцин, үзлэг, эмчилгээ, оношилгоо, ханиад томуу гээд эмнэлгийн хаалга сахиж суудаг өдөр олон. Харин хүүхдийн нас нэмэгдэх тусам бие махбодь, сэтгэл зүйн эрүүл мэндийг зарим эцэг эхчүүд орхигдуулдаг гэмтэй. Тухайлбал, аав, ээжүүдийн 18, 36 сартай хүүхдээ хөгжлийн үзлэгт хамруулах хувь багасдаг байна. Гэтэл хүүхэд нас насандаа тохирсон хөгжлийн онцлогтой, ур чадварт суралцаж байдаг. Таван настай хүүхэд нь ярьж чадахгүй байхад тоодоггүй, хэнэггүй нөхөд бишгүй бий. Хүүхдээ сургуульд орох үед нь гэнэт ухаан орсон мэт гүйх хүн цөөнгүйг эмч нар хэлнэ лээ. Энэ үед хүүхдийн хөгжлийн “алтан цаг” буюу 0-5 нас хэдийн өнгөрчихсөн байдаг аж. Ийм насанд хүүхдийн тархи эрчимтэй хөгжиж, хэл яриа, сэтгэлгээ, нийгмийн харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадварын үндэс тавигддаг учир “хөгжлийн алтан үе” гэж нэрлэдэг. Энэ үед нь анхаарал хандуулах мэргэжилтнүүд бол өрх, сумын эмнэлгийнхэн бөгөөд тэд хэрхэн ажиллаж буйг тодруулсан юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын “Анан” өрхийн эмнэлгийн хүүхдийн эмч Э.Байгалмаа “Бид ес, 18, 36 сартай хүүхдүүдээ эрт илрүүлэгт хамруулдаг. Хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хоцрогдол бий, эсэхийг нь үнэлнэ. Асуумж судалгаанд үндэслэн 0-5 насны 1900 гаруй хүүхдийг үзлэгт хамруулснаас хараа, хэл яриа, хөдөлгөөний бэрхшээлтэй зургаан хүүхдийг илрүүлсэн. Харааны болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг ЭХЭМҮТ, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг нь Сэргээн засах үндэсний төвтэй холбож өгсөн. Мөн хүүхдийг шатаар алхуулах, тоглоомоор тоглуулах зэргээр хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжлийг нь шалгах нь чухал байдаг. Хөдөлгөөний хоцрогдолтой тохиолдолд оюун ухааны бэрхшээл үүсэх эрсдэлтэй” гэв. Мөн Баянхонгор аймгийн “Оточ мандал” эмнэлгийн дарга Д.Долгормаагаас эрт илрүүлгийн тухай бид тодрууллаа. Тэрбээр “Манай эмнэлэг 2023 онд эрт илрүүлэгт 0-18 насны 3990 хүүхдийг бүгдийг нь хамруулсан. Нэг эмч маань амбулаторийн үзлэгээ хариуцаж үлдээд, бусад нь сургууль, цэцэрлэгт хуваагдан ажилласан юм. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэгт хамрагдах ёстой 0-5 насны бүх хүүхдийг дуудаж, үзлэгт хамруулсан бол хоёр сартай нярайнуудыг гэрт нь очиж, хөгжлийг нь үнэлсэн. Хүүхдүүдийн дунд шүд, ходоодны өвчлөл зонхилж байв. Мөн насанд хүрэгчдийг ч эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулсан. Гэвч эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэд одоо хүртэл энэ үзлэгт орж чадаагүй. Есөн сартай хүүхдүүд товлолт вакцинаа хийлгэхээр эмнэлэгт ирэхэд нь хөгжлийг нь үнэлээд явуулдаг. Харин үүнээс дээш насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хөгжлийн үнэлгээ хийлгэхээр ирэх нь ховор. Бид тэднийг дуудаж авчирдаг. Өнгөрсөн сард гэхэд л нэг аутизмтай хүүхэд илрүүлсэн. Мөн цус багадалт, тураалтай хүүхэд цөөнгүй. Мөн эмнэлэг 11 мянга гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хүн ам өсөж буй хэдий ч санхүүжилтийг маань 2023 оны түвшнээр тооцож олгодог” гэлээ. Орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээг харьцангуй сайн хийдэг бол нийслэлд үүнээс арай доогуур үзүүлэлттэй байдаг. Зарим эмнэлгийнхэн зөвхөн хүүхдийн товлолт вакциндаа анхаарахаас гадна үүнд анхаарал тавих нь чухал байна.
Цаг алдсанаас олон хүүхэд бэрхшээлтэй болж байна
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 14 600 хүүхэд бүртгэлтэй байна. Тэдний олонхыг аутизмын хүрээний эмгэг, хөдөлгөөн, тархины саа саажилт, оюуны бэрхшээлтэй хүүхэд эзэлж буй. Жилээс жилд хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа хөдөлгөөн, хэл ярианы асуудалтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагынхан сануулдаг. Гэвч “тоолж” суухаас илүүтэй урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ. Нийгмийн олон хүчин зүйлийн улмаас хүүхэд ямар нэгэн бэрхшээлтэй төрөх, эрүүл мэндийн байгууллага, эмчилгээний алдаанаас болж хохирох тохиолдол гардаг. Хэрэв манай улс хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь л бүрэн гүйцэд, зөв оношилж, эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалах эрсдэлгүй, эмгэг илэрсэн ч эрт үед нь тусламж, үйлчилгээ үзүүлдэг бол тусгай хэрэгцээт хүүхдийн тоо ийн нэмэгдсээр байх уу. Энэ тухайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж, “Эрхэм асралт илч” ТББ-ын захирал Г.Энхчимэг “Би саяхан Хятадын Хунан мужийн Чанша хотын хүүхдийн эмнэлгийн сэргээн засах тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэнд эмчлүүлж буй багачуудын дунд хүнд хэлбэрийн саажилттай, оюуны бэрхшээлтэй хүүхэд ердөө гурав байсан. Хүүхдийг багад нь оношилж, сэргээн засах эмчилгээнд оруулдаг болохоор хүнд хэлбэрийн бэршээлтэй нь цөөн байдаг гэж тухайн эмнэлгийнхэн хэлсэн. Энд хүүхдийг эрт үед нь оношилж, эмчилж, бэрхшээлтэй болохоос нь сэргийлж чаджээ. Гэтэл Монголд хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд хэдэн зуугаараа байна. Энэ төрлийн тусламж, үйлчилгээг чанартай цогцоор үзүүлж чадаагүйгээс, буруу оношлуулж, цаг алдсанаас олон хүүхэд бэрхшээлтэй болж байгаа нь харамсалтай” гэв.
Улс орон даяар өрнүүлсэн эрт илрүүлэгт иргэдийг нас насны онцлогт нь тохируулан үзлэг шинжилгээнд хамруулсан юм. Бага насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр эмнэл зүйн иж бүрэн үзлэг, биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, хөгжлийн үзүүлэлт, сэтгэц, зан төрх амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр заасан. Гэвч өдгөө эрүүл мэндийн санхүүжилт багассаны улмаас хүн амын эрт илрүүлгийг зогсоогоод буй.