Индонезийн нийслэл Жакарта хотын Кунинган дүүрэгт байрлах “Cyber one” хэмээх оффисын зориулалттай долоон давхар барилгад орон нутгийн цагаар уржигдар 12.30 цагт томоохон хэмжээний дэлбэрэлт болж, 22 хүн амиа алджээ. Урьдчилсан дүгнэлтээр барилгын нэгдүгээр давхарт байрлах дрон үйлдвэрлэдэг “PT terra drone Indonesia” компанийн литиум-ион зай хураагуур дэлбэрсний улмаас гал гарсан байх магадлалтай аж. Үүнтэй холбогдуулан Индонезийн эрх баригчид оффисын болон үйлдвэрийн барилгуудын аюулгүй байдлыг сайжруулах, ялангуяа литиум-ион зай хураагуур хадгалах журам, хяналтыг чангатгах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Аврах ажиллагаанд нийт 100 орчим гал сөнөөгч оролцож, барилгад гацсан 19 хү нийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Аврагчдын мэдэгдсэнээр нас барсан иргэдийн олонх нь түлэгдээгүй, угаартаж амиа алдсан гэнэ. Барилгын дээд давхрууд галын улмаас ихээхэн сүйдсэн тул нурах эрсдэл өндөр байгаа аж. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг цаг алдалгүй явуулахад саад учруулж буйг албаныхан онцолсон юм.
Э.Сүйлэн