Монгол, Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхон болон хичээлийн жилийн нээлт өчигдөр боллоо. Тус сургууль энэ хичээлийн жилд уул уурхайн боловсруулах инженер, механикийн инженер, хүрээлэн буй орчны инженер гэсэн мэргэжлээр бакалаврын түвшинд элсэлт авч, 70 орчим оюутантай болсон байна. Бакалаврын сургалт жилийн долоон сая төгрөгийн үнэтэй бол бэлтгэл сургалт 3.5 сая төгрөгийн төлбөртэй гэнэ.
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулах тус их сургуулийн 600 оюутны багтаамжтай гурван давхар сургалтын барилга, 160 оюутан байрлах боломжтой дотуур байр бүхий хотхоныг “Оюутолгой” ХХК-ийн есөн сая орчим ам.долларын хандиваар барьж өгсөн аж. Өөр нэг дотуур байрыг Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр ирэх жилээс барихаар төлөвлөжээ.