“Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэгч “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компани хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулаагүй “Хүннү эйр”, “Аэромон¬голиа”, “Изинис эйрвэйз” зэрэг агаарын тээврийн компанийн захиалгат нислэгт үзүүлэх зарим төлбөртэй үйлчилгээг үе шаттайгаар хязгаарлахаар болсноо албан ёсоор мэдэгдэв. “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт”-оос мэдээлснээр дээрх гурван агаарын тээврийн компанид 2026 оны зургаадугаар сарын 30-нд өр төлбөрөө барагдуулахыг урьдчилан сануулсан ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ийнхүү арга хэмжээ авахад хүрчээ.
Өнөөдрөөс эхлэн дээрх компаниудын орон нутгийн захиалгат нислэгт, наймдугаар сарын 3-наас олон улсын захиалгат нислэгт нисэх буудлын зарим төлбөртэй үйлчилгээг үзүүлэхгүй юм байна. Харин Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах үүднээс хөөрч, буух зурвасын үйлчилгээ, хуваарьт орон нутгийн болон олон улсын нислэг, аюулгүй байдалтай холбоотой бусад үйлчилгээг хэвийн үргэлжлүүлж, ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй гэдгийг онцолжээ. Эл шийдвэр нь зөвхөн нэр бүхий гурван агаарын тээврийн компанид хамаарах бөгөөд бусад байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд уг хязгаарлалтыг цуцлах юм байна. Иймд дээрх компаниудын захиалгат нислэгээр зорчихоор тасалбар худалдан авсан болон захиалахаар төлөвлөж буй иргэдийг нислэгийн хуваарь, тасалбарын буцаалт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухайн агаарын тээвэрлэгчээс тодруулахыг зөвлөжээ.
У.СҮРЭН