
Ирвэс хамгаалах сан болон Монголын ирвэс хамгаалах сангийн судлаачид хамтран Өмнөговь аймгийн Тостын нуруунд 2008-2022 онд хийсэн залуу ирвэсийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний онцлог, амьдрах орчны саад бэрхшээлийн талаарх судалгааныхаа үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлжээ. Экологичид 14 жилийн хугацаанд залуу тав, нас бие гүйцсэн 30 ирвэст сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалсан бөгөөд эхээсээ салж, шинэ газарт нутагшихаар эрж буй гурван бодгалийг онцгойлон, тасралтгүй ажигласан байна. Цоохор ирвэсийг уулархаг, хад асгатай газарт л үүрлэдэг, тал нутгаар бараг явдаггүй гэж үздэг байв.
Гэвч хүзүүвчтэй залуу ирвэсүүд Тостын нуруунаас хөрш зэргэлдээ Нэмэгт хүртэл хэдэн арван км үргэлжлэх цэлгэр тал хээрийг олон удаагийн давтамжтай, ажрахгүй туулж, энэ хэвшмэл ойлголтыг үгүйсгэжээ. Ирвэсүүд ууланд байхдаа таван цаг тутамд дунджаар нэг км шилжилт хийдэг бол нуугдах газаргүй задгай талд хөдөлгөөн нь эрс нэмэгдэж, таван цагт ойролцоогоор 5-12 км хүртэл хурдалж байжээ. Энэ нь задгай газарт махчин амьтдын халдлагад өртөхөөс сэргийлж буй, амьдрах орчны онцлогоос шалтгаалсан инстинкт гэдгийг судлаачид дурдав. Мөн ирвэсүүд нэг газраас нөгөөд шилжихдээ өндөр уул толгодын оройгоор баримжаалан ихэнх тохиолдолд шулуун шугамаар зорчдогийг тогтоосон аж. Мэдээлэл дамжуулагч хүзүүвч зүүсэн гурван ирвэсийн хоёр нь хэдэн арван км зам туулан тал хээрийн бүс нутаг руу хэдэнтээ “аялсны” эцэст түүхэн тархац болох Тостын нуруундаа идээшсэн бол нөгөө нь Нэмэгтийн нуруунд тогтвортой суурьшжээ.