Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүү¬ дийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв. Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2014 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг 10-т тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Гандөл “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” нийтлэлээрээ шалгарсан юм.
СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛДЬЕ
Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээгээр Монгол Улсын хүн амын тоо 2013 оны эцсээр 74.7 мянгаар нэмэгдэж, хоёр сая 929 мянга болжээ. Өмнөх оноосоо хоёр хувиар өссөн энэхүү үзүүлэлтийг энэ жилдээ хадгалж үлдвэл Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авна гэдгийг ч тус хорооныхон онцолж буй. Браво!!!. Ардын хувьсгал ялсан 1921 оны үед хүн амын тоо 600 мянгаар тоологдож байсан Монгол Улс 2014 оны төгсгөлд гурван сая дахь иргэнээ удахгүй өлгийдөж авах нь. Түүхийн хуудсыг сөхөөд үзвэл 600 мянган иргэнтэй манай улсын хүн ам өнгөрсөн хугацаанд хурдацтай биш ч өссөөр 1962 онд нэг сая дахь, 1986 онд хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авсан байдаг. Үүнээс хойш хүн амын дундаж өсөлт өссөн, буурсан үзүүлэлттэй явсаар өнөөдрийг хүрчээ. За тэр ч яах вэ.
Гол асуудалдаа оръё. Хоёр хоногийн өмнө Засгийн газрын ээ묬жит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа. Эдгээрийн дунд онцолмоор нэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах бэлтгэл ажлыг хангах байлаа. Хачирхалтай нь, эрх баригчдын энэхүү шийдвэр гурван сая дахь иргэнээ хүлээж авах бус зүгээр л бэлгэдлийн чанартай байв. Тодруулбал, Засгийн газрын холбогдох гишүүдийг оролцуулсан комиссыг Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулж, гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдэд гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэхийг санал нэгтэйгээр батлав. Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгохоор болов. Энэ мэтээр тэд бодит амьдрал дээр буухаасаа илүүтэй тоо ярьсан шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр Засгийн газрын энэхүү шийдвэр зөв байж болох ч цөөхөн монголчуудыг гурван сая хүрснийг гэрчлэх иргэнээ бид ямар орчин нөхцөлд хүлээж авах вэ гэдэг нь эргэлзээ төрүүлмээр.
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг. Гэтэл эрх баригчдын энэхүү шийдвэр саваа бэлдээгүй байж саалиа бэлтгэж буйгаас өөрцгүй харагдаж байна. Өөрөөр хэлбэл, бид өмнөх асуудлаа хүчрэхгүй байж өөр асуудалд санаа тавьж байгаа нь хачирхалтай биш гэж үү. Үүнийг дараах хоёрхон жишээнээс харж болно. 1.Монголчууд эмнэлэгтээ багталцаж ядаж байна. Хатуухан хэлэхэд бид өвдөх эрхгүй болсон. Адаглаад байгаа хэдэн эмнэлгээ бараадаад очсон нэгнийг ном журмынх дагуу эмчлээд гаргачих сэтгэлгээ эмч нарт нь дутаж байна. Хүн амынх нь талаас дээш хувь амьдардаг нийслэлчүүдэд, тэр дундаа эхчүүдэд төрөх эмнэлэг дутагдаж байна. Байгаагаас нь дурдвал I, II, III амаржих газар, бидний нэрлэж заншсанаар Эх нялхас зэрэг дөрөвхөн төрөх эмнэлэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй. Нийслэлийн I амаржих газарт гэхэд өдөрт 30-40, Эх нялхаст хоногт 40-50 эх амарждаг. 2012 онд улсын хэмжээнд 70 гаруй мянган хүүхэд мэндэлж, Монгол Улсын хүн ам 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин 2013 онд 74 мянган хүүхэд мэндэлж, хүн ам хоёр хувиар өсөөд буй.
Энэ мэтээр сүүлийн зургаан жилд улсын хэмжээнд төрөлт 40 гаруй хувиар, Улаанбаатарт хоёр дахин нэмэгджээ. Харамсалтай нь, нийслэлийн гурван амаржих газрыг өргөтгөж, дөрөв дэх төрөх эмнэлгийг барих өмнөх Засгийн газрын шийдвэр гурван жил цаасан дээрээ бүдгэрлээ. Шинэ Засгийн газрын үед ч ялгаагүй эдгээр барилгад нэг ч тоосго өрөлгүйгээр дахин нэг оныг үдэв. Уг нь Яармагт 300 ортой төрөх эмнэлгийг барьж ашиглалтад оруулах шав тавьж байсан нь цаг саяхан. Шинэ төрөхийн байр төлөвлөгөө ёсоор ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Монголын нэг ч гэсэн шинэ иргэн стандарт өрөөнд эрүүл саруул төрж бойжих байлаа. Гэвч өнөөдөр үйл ажиллагаа явуулж байх учиртай шинэ төрөх гурван намрыг үдсэн ч ашиглалтад орох нь байтугай хөрсөн дээрээ өвгөрч байх шиг. Эрх баригчид нь ч барилгын ажлыг царцаасан нь шинэ төрөхийг хэзээ ашиглалтад оруулах, эсэхэд эргэлзээ төрүүлж эхэллээ.
Наад захын жишээ дурдахад, хүүхдээ дутуу төрүүлээд амь наана, там цаана болсон эхчүүд инкубаторын өрөөнд хоёр гурваараа чихэлдэн өдөр хоногийг аргацаасаар л байна. Энэ мэтээр бидэнд төрөх эмнэлгийн хүрэлцээ хомс байгаа энэ үед эрх баригчид хаа байсан оны төгсгөлд болох үйл явдлыг шийдвэрлээд яваа нь хачирхалтай. Хамгийн гол нь сая хол давсан хүн амтай хотод хагас зууныг элээсэн гуравхан төрөх эмнэлэг байна гэдэг үнэхээр эмгэнэлтэй, ичгэвтэр хэрэг биш гэж үү. 2.Монголын маргаашийг авч явах хүүхдүү¬ дийн эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэд уйлж, бас гуйж байна. Шалтгаан нь ердөө л эмнэлгийн байр. Цагтаа “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэх сүржин уриан дор нэгдэж явсан бид өнөөдөр хорвоод мэндэлсэн шинэ хүнээ эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхээс наагуур юм болж эх барьж байгаа нь маргашгүй үнэн. Цаашлаад хүүхдэд зориулсан мэргэжлийн эмнэлэггүй улс манайхаас өөр хаа ч байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж байгаа улсад ЭНЭШТ гэх ганцхан эмнэлэг хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийж байна. Гэхдээ тэнд байдал үнэхээр хүнд. Нэг хүүхдийн эмчид өдөрт 50-85 хүүхэд ногдох нь энгийн үзэгдэл.
Орны хүрэлцээний талаар яриад ч хэрэггүй. Хүүхэд нь өвдсөн, аргаа барсан иргэд хонгилын шалан дээр гудас дэвсээд сууж байна. Өөр очих эмнэлэг байхгүйгээс хойш яах ч билээ. Дээр нь, үхэл, амьдралын заагт яваа, биеийнхээ дийлэнх хэсгийг түлж шооконд орсон хүүхдүүд Түлэнхийн төвийг зорилоо гэхэд амьдрах баталгаатай, эсэх нь эргэлзээ төрүүлэм орчинд эмч¬ лүүлж байна. Үүнээс гадна эмнэлгийн хүрэлцээ хомс, үйл ажиллагаа нь тааруугаас эх, хүүхдийн эндэгдэл гарсан тохиолдлыг тоочвол олон байна. Хамгийн гол нь бидний амьдарч буй цаг үе хэдийн хүүхдийн, төрөх эмнэлэг төр засгаас шаардаж эхэллээ. Нөгөөтээгүүр, төрөх эмнэлгийн хүрэлцээ байхгүйгээс 2009 онд 127, 2010 онд 180, 2011 онд 280 эх, 2012 онд 300 гаруй ээжүүд гэртээ төрсөн судалгаа байдаг юм билээ. Гэтэл төрөх эмнэлгийнх нь асуудлыг шийдээгүй байж гурван сая дахь иргэнээ урамшуулах шийдвэрийг гаргаад явдаг улс, эрх баригчид манайхаас өөр байгаа болов уу. Мөнгөн урамшуулал ярьж хөөрцөглөж байхаар ганц ч гэсэн эмнэлэг барьж ирээдүй хойч, эх үрсдээ элэг бүтэн амьдрал хайрлаач, эрх баригчид аа. Саалиа бэлдэхээр саваа бэлдье. Бидэнд мөнгөн шагнал гэхээсээ илүүтэй шинэ иргэнээ хүлээж авах эмнэлгийн байр хэрэгтэй.
ТӨРӨХ ЭМНЭЛЭГ VS ХОРИХ АНГИ
Монголд төрөх эмнэлэг хэрэггүй болжээ. Харин хорих анги амь тариа мэт хэрэгтэй байгаа бололтой. Бодлого боловсруулагчдын хийж, хэрэгжүүлж байгаа үйлдлээс харахад шүү дээ. Хүн амаа өсгөх бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж, өдөр бүр “Монголын үрс маш олон болтугай” гэж уриалдгаас нь харахад төрөх эмнэлэг хамгийн хэрэгтэй баймаар. Гэвч өнгөрсөн хугацаанд нийслэлийн гурван амаржих газрын өргөтгөл, Яармагийн дэнж дээрх шинэ төрөхийн барилгатайгаа зууралдаж байх зуур хэд хэдэн хорих ангийг барьж ашиглалтад оруулсан нь төр засгийн бодлого, шийдвэр хаанаа илүү хүрснийг гэрчилнэ. Нэг ёсондоо Монгол Улс хүн амаа өсгөх бус, хорьж цагдах, яллаж шийтгэх бодлогодоо түлхүү анхаарч иржээ. Нөгөөтээгүүр, төрөх эмнэлгийн хонгилоор хөнжил, гудсаа дэвсэн ээлжээ хүлээж буй тулгар биетэй эхчүүдээс илүүтэй хэрэгт холбогдож, ялаа эдэлж байгаа хүмүүжигчийн тав тухтай байдлыг хангах нь чухал болжээ.
1.Монгол шоронжсон улс биш. Тэр дундаа цөөхөн монголчуудад олон хорих анги тийм их шаардлагатай биш. Гэтэл өнгөрсөн хугацаанд эмнэлэг бараадах эхчүүдийн хөл хөдөлгөөн олширсоор байхад нийслэл, хөдөө орон нутагт 24 хорих ангийг барьж ашиглалтад оруулан, хүмүүжигчид нь шинэ байрандаа тухалсан байх юм. Тодруулбал, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Увс, Дорноговь аймгийн шийдвэр гүйцэтгэх албад 4060 хүн цагдан хорих, бүрэн тоноглосон 1-2 давхар хорих ангийг барьж ашиглалтад оруулжээ. Үүнээс гадна Хэнтий аймагт 50 хүн хорих байрыг барьсан нь өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсон аж. Орхон аймагт гэхэд 250 хүний багтаамжтай гурван давхар цагдан хорих, хорих, баривчлах иж бүрэн байрыг шинээр барьжээ. Мөн цагдан хорих 407, 409, 413, 415, 419, 421, 425, 427 дугаар ангид 224 хоригдлын багтаамжтай хоёр давхар, нийт найман байр, Дорноговь аймагт цагдан хорих байр шинээр бариад ашиглалтад оруулчхаж. Хамгийн сүүлд хорих 407, 415, 417, 423, 433, 439 дугаар ангид дээрийн адил хоёр давхар 500 хоригдлын байр зэрэг хорих ангиуд ээлж дарааллан ашиглалтад орсныг цагаан дээр хараар бичжээ. Үнэхээр хачирхалтай биш байна гэж үү. Хамгийн гол нь эндээс бодлого боловсруулагчдын хүн амаа өсгөх бодлого, зорилго зорилт ямар төвшинд явааг төвөггүйхэн харж болно. Нөгөөтэйгүүр, хэдий болтол жирэмсэн эхчүүд эмнэлгийн хүйтэн шалан дээр зулах нь холгүй төрж байхад сэжигтэн, хүмүүжигчид нь шинэ байрандаа тухлахыг цаг хугацаа л харуулах биз ээ.
2.Өдгөө эрүүл мэндийн салбарт хамааралтай 38 барилга байгууламжаас 30-ыг нь хөдөө, орон нутагт, наймыг нь нийслэлд барьж байна. Эдгээрээс таван барилгын угсралтын ажил 2010 онд, 17-гийнх нь 2011 онд, 16 барилгын ажил 2012 онд эхэлсэн байдаг. Үүний 17 нь гэрээний дагуу ажил нь яваа бол 16 нь барилга угсралтын ажил удааширсан, тав нь бүр зогсчээ. Нэг ёсондоо таван барилгынх нь ажлыг зогсоож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн гэсэн үг. Энэ дунд олон жил дуншсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй нь Яармагийн дэнж дээрх 300 ортой төрөх эмнэлгийн ажил. Төлөвлөгөө ёсоор шинэ төрөх хоёр жилийн өмнө ашиглалтад орох байв. Гэвч төр засгийн унхиагүй бодлого, гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй үйлдлээс тус эмнэлгийн барилга өнөөдөр туурин дээрээ өвгөрч байх шиг. Гэтэл гурван жил дуншаад ч ашиглалтад орж чадаагүй тус эмнэлгийн барилгыг шинэ Засгийн газраас дахин царцааж гацаанд орууллаа. Ингэснээр шинэ төрөхийн барилга хэзээ ашиглалтад орох нь бас л тодорхойгүй болж байх шиг. Гуравдугаар амаржих газрыг гэхэд шинээр 150 ортой байгуулахаар Засгийн газрын шийдвэр аль 2011 оны тавдугаар сард гарч байлаа. Хачирхалтай нь, 10 сарын дотор барьж ашиглалтад оруулах учиртай төрөхийн барилга өнөөдрийг хүртэл гацаанд ороод буй. Сүүлийн 20 жилд ганц шинээр ашиглалтад орсон төрөх эмнэлгийг дурдвал нэгдүгээр эмнэлгийн 150 ортой өргөтгөл байна. Гэхдээ улсын бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттайгаар барьсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй байх.
Гэтэл эдгээр эмнэлгийн барилгыг дуншиж байх зуур цагдан хорих 461 дүгээр ангийг Ганцхудагаас буурь сэлгэж, IV цахилгаан станцын дэргэд шинээр дөрвөн давхар, таван корпустай, нийт 19388 метр квадрат талбайтай байранд төвхнүүлэв. Тухайн үед хяналтын иж бүрэн телекамертай, 1000 хүний багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн гээд манайд өмнө барьж байгаагүй жишиг барилга болсон гэдгийг сайд дарга нар нь ам уралдан онцолж байлаа. Эрх баригчдын зүгээс 50 эх, 50 нярай хүлээж авах эмнэлэг бариад өгчиж чадахгүй атлаа 1000 сэжигтэнг хорих, цагдах байрыг хоёрхон жилийн дотор ашиглалтад оруулж хөөрцөглөж суусан нь энэ. Хамгийн сүүлд салбар хариуцсан яамнаас нь Налайх дүүрэгт 1300 орчим хүний багтаамжтай хорих ангийг барих шийдвэрийг гаргаад буй. Хууль зүйн сайдынх нь онцолсноор шинэ хорихыг барьснаар хотын ойр орчимд байгаа 10 гаруй шоронг татан буулгаж, хоригдлуудыг нэг дор хүмүүжүүлэх боломжтой гэсэн. Ирэх жил ашиглалтад оруулахаар тооцоолж буй тус хорих ангийг зургаан тэрбум төгрөгөөр барих юм. Энэ мэтээр төрөх эмнэлэг гэхээр дээр дооргүй гар татацгааж хорих анги барих болохоороо өгөөмөр загнадаг улс манайхаас өөр байдаг болов уу. 3.Монголд төрөх эмнэлэг гэхээр газар олддоггүй атлаа барилга байшин, үйлчилгээний төв барих болохоороо дуртай газраа сүндэрлүүлдэг сонин тогтолцоо үйлчилдэг. Ямар сайндаа л гурван засгийн нүүрийг үзэж, хэрүүлийн алим өнхрүүлэн байж санал нэгдэн 300 ортой шинэ төрөх эмнэлгийг дэд бүцэтгүй, бараг тал газар шахуу Яармагийн дэнж дээр барих шийдвэрийг гаргаж байхав дээ.
Бүр шинэ Засгийн газрын Эрүүл мэндийн сайд Н.Удвал шинэ төрөхийн барилгын ажилтай танилцах явцдаа “Ийм хол газар хэн ирж төрдөг юм” хэмээн эгдүүцсээр буцсан байдаг. Салбар хариуцсан сайд нь хүртэл асуудлын эсрэг кноп дарж байхад бид төр засгаас хэзээ төрөх эмнэлэг барьж өгөх бол гээд найдаад ч хэрэггүй юм шиг. Тэгсэн атлаа шүүх, прокурор байгууллагадаа зориулж улсдаа ганц цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг булаах гэж зүтгэж байсан нь саяхан. Тодруулбал, шинээр хэрэгжүүлж эхэлсэн хуулийн хүрээнд ШУА-ийн харьяа Ботаникийн хүрээлэнгийн эзэмшлийн цэцэрлэгийн 34.9 га-гаас зүүн хэсгийн 3-4 га газарт бариулахаар Хууль зүйн сайд нь эрчимтэй хөөцөлдөж байв. Хэдийгээр асуудал тэгсгээд намжсан ч нэгэнт шүүх, прокурорын байгууллагын нэгдсэн цогцолбор барих шийдвэр гарсан учир нь тэнд барилга барихаас өөр аргагүй гэдгийг холбогдох албаныхан нь хэлж байгаа. Энэ мэтээр Монголд төрөх эмнэлэг барина гэдэг санасны зоргоор бүтэх зүйл биш болжээ. Эрх баригчид нь ч хорих ангиа илүүд үзэхээс төрөх эмнэлгийн байрны асуудлаар ганц ч үг ганхийлгэхгүй суугаа нь хачирхалтай. Хамгийн гол нь бид гурван сая дахь иргэнээ хүлээж авах хариуцлагатай үүргийг хэдийнэ хүлээгээд байгаа. Гэтэл эрх баригчид нь төрөх эмнэлэг бус хорих ангид л анхаарал хандуулах болсон нь хачирхалтай биш гэж үү. Дээр нь, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр Засгийн газраас нь мөнгөн шагнал, байр сав өгөх шийдвэрийг гаргаад сууж байх юм. Шинэ иргэнд хонгилын хүйтэн шал бус эмнэлгийн дулаахан ортой хэрэгтэй. Мөн хорих ангид бус төрнө гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
МОНГОЛООС ИРГЭНШИЛ “ХҮСЭГЧИД” БУЮУ ҮР ХӨНДӨЛТИЙН ЗОЛИОС
Энэхүү бичвэрийг бичихээс өмнө нь материалаа яагаад эмчийн хуруунаас барьж буй хүүхдийн зургаар зурагжуулсан талаар товчхон дурдъя. Магадгүй та өмнө нь энэхүү зургийг олонтаа харж байсан байх. Гэхдээ 21-хэн долоо хоногтой хүүхдийн өөдөсхөн гар мэс засалчийн хурууг атгахаар эхийн хэвлийгээс цухуйж буйд хамаг учир байгаа юм. 21 долоо хоног гэдэг бол үр хөндөлт хийж болох хууль ёсны хугацаа. Гэвч хэвлийд бойжиж буй хүүхдийн тархийг гэмтэхээс хамгаалж, ээжийнх нь нурууны ясанд мэс засал хийхийн тулд эмч нар саванд нь жижигхэн завсар гаргах үеэр энэхүү үйл явдал болсон байдаг. Нэг ёсондоо ийм хугацаатай үед ээж нь үр хөндөлтийг сонгон авч болох байлаа. Гэвч тэгсэнгүй. Харин өөрийнхөө төдийгүй хэвлийд нь бойжих үрийнхээ төлөө мэс засал хийлгэх үеэр хүүхэд нь амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг гэрэл зургийн хальснаа буулгасан нь өдгөө дэлхийн шилдэг зургийн тоонд зүй ёсоор ороод буй. Яг үүн шиг нэгэн үйл явдал өмнө нь Хятадад болж байлаа. Гэхдээ хүүхдийг аврах бус нөгөө ертөцөд илгээсэн байдаг. Тодруулбал, Хятадын Шанси мужийн Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхан долоон сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөх ажилбар хүчээр хийсэн нь дэлхий нийтийг хэсэгтээ л шуугиулсан.
“Нэг өрх-нэг хүүхэд” гэх бодлогыг баримталдаг урд хөршид хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа иргэн нь 40 мянган юанийн татварыг улсдаа төлөх ёстой. Гэвч 23 настай эмэгтэй төлбөрийн чадамжгүй байсан учир эцэстээ хохирогч болоод хоцорсон нь энэ. Хятадад ийнхүү шинэ иргэндээ төлбөр төлөх эсвэл үр хөндүүлэх гэсэн хоёр сонголтын нэгийг нь олгож байхад Монголд бол эсрэгээрээ. Нэг ёсондоо тэнд хүн амынхаа хурдацтай өсөлтийг татвар, үр хөндөлтөөр сааруулж байхад манайд халамжийн бодлогоор өсгөхийг зорьж байна. Бүр гурван саяулаа болж данслагдах өдөр төрсөн хүүхэд бүрт гурван сая төгрөгийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Магадгүй тэдний шийдвэр зөв байж болох. Гэвч хаа хамаагүй халамж ярьж, хий хоосон хөөрцөглөхөөсөө илүүтэй бодит хөрсөн дээрээ буухгүй бол бид урд хөршөөсөө ялгагдах зүйлгүй болох нь.
Ялгагдах зүйлгүй хэмээн тодотгосны учир нь урд хөршид төр засгийн бодлогоор аргагүйн эрхэнд үр хөндүүлж байхад манайд эмэгтэйчүүд нь өөрсдөө хүсэлтээрээ эмнэлгийн үүдийг татаж үр хөндүүлэх олширсныг сүүлийн үеийн судалгаанаас харж болно. Өдгөө Улаанбаатар хотод 130 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг гэсэн албан бус тоо бий. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар жилд дунджаар 15-17 мянган эх үр хөндөлт хийлгэдэг гэх тооцоо гарчээ. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй 21 эмнэлгээр эмчлүүлсэн хүмүүсийн тоо. Хачирхалтай нь, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эмнэлгийн орлогын 90 гаруй хувийг үр хөндөлтийн төлбөр бүрдүүлдэг аж. Ил биш ч зөвхөн үр хөндөлт хийлгэх зорилгоор өдөртөө 7-10 эмэгтэй эдгээр эмнэлгийг зорьдог нь үүнийг гэрчилнэ гэдгийг зарим нь онцолж буй. Энэ нь ч үнэн. Үнэндээ социализмын үед үр хөндөлтийг хатуу хориглож байсан ч зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс зөвшөөрч эхэлснээр хэвлий дэх үрстэйгээ “дайн зарлах” хөрсийг нь тавьсан байдаг.
Нэг ёсондоо “Эх болох асуудлыг эмэгтэй өөрөө шийднэ” гэх ганц л зарчмаар бид өнгөрсөн хугацаанд явж иржээ. Харамсалтай нь, эх болох эсэхээ эмэгтэй нь өөрөө шийдэж явсаар 1000 амьд төрөлт тутмын 245 нь үр хөндөлт байдаг болжээ. Өөрөөр хэлбэл, таван амьд төрөлт тутмын нэгээс хоёр нь үр хөндөлт хийлгэх нь энгийн үзэгдэл болсон аж. Худлаа гэвэл энэ талаархи статистик судалгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан ёсны вэб хуудсаас харж болно. Тэнд цагаан дээр хараар бичсэн мэдээллээр үр хөндөлтийн тоо жил бүр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Цаашлаад төрж байгаа эмэгтэйчүүдийн нас залуужихтай зэрэгцээд үр хөндөлт ч олширч байгааг улсын томоохон эмнэлгийн эмч нар халаглан ярих боллоо. Энэ мэтээр бид үр хөндөлт хэмээх чимээгүй аллагатай хэдийнэ эвлэрчээ. Хамгийн гол нь үр хөндөлтийг хориглох хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэдэг сэтгэлгээнээсээ бид салах цаг нь болжээ.
Өдгөө дэлхийн 77 улсад үр хөндөхийг хуулиар хориглосон байдаг. Ойрын жишээ дурдахад Ирланд, Польш, БНСУ, Аргентин, Мальта зэрэг оронд үр хөндөхийг хориглосон байдаг юм билээ. Гэтэл хүмүүнлэг ардчилсан нийгмийн цогцлоох Үндсэн хуультай улс атлаа жил бүр 1517 мянган иргэнээ хүнлэг бусаар нөгөө ертөнц рүү илгээдэг нь хачирхалтай биш гэж үү. Нөгөөтэйгүүр, эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайны үеэр ийм тооны хүнээ алдаагүй улс энх цагийн үед хүний эрх хэмээх зүйлээр халхавчлан иргэншил хүсч ирсэн ирээдүй хойчоо үр хөндөлтийн золиосонд явуулсаар байх уу гэсэн асуулт гарч ирж байна. Тиймээс үр хөндөлт хэмээх чимээгүй аллагыг төр засгаас хуулийн хүрээнд хориглодоггүй юм гэхэд зохистой байдалд оруулъя. Наад зах нь насны хязгаарыг нь 20-иос дээш болгож түүндээ хатуу хяналт тавъя. Ингэж байж л улс орны хөгжлийн түүчээ болсон бидний ирээдүй хойч өснө. Магадгүй 2014 оны төгсгөл 2015 эхээр бид гурван сая дахь иргэнээ бус гурван сая 1000 дахиа ч өлгийдөн авч болно шүү дээ. Эцэст нь хэлэхэд хүний эрхээс гадна үндэсний эрх ашиг гэж илүү том эрх ашгийг байдгийг мартаж болохгүй. Дээр нь, “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсоны хэлсэн үгийг санахад илүүдэхгүй биз ээ.
УТААНД ТӨӨРСӨН УРГИЙН ГАЖИГ
Монголчууд их тайван улс юм. Татвар төлөгчдийн халааснаас хэдэн арван тэрбумаар нь хулгайлсан нэгэн хүний эрх ярьсаар “дэлхийн жишиг”-т нийцсэн газарт халуун хөнжилдөө шигдэж байхад “АТАР” талх хулгайлсан эмэгтэй чанга дэглэмтэй хорих ангид хүйтэн хөнжилд хөлөө тийчлэн салхи сийгүүлэн хонодог нь үүнийг гэрчилнэ. Уг нь хуультай, дүрэмтэй улсын хувьд бусдын халааснаас хумсалсан нэгэнд нь зохих шийтгэлийг нь ногдуулах нь зүй ёсны хэрэг болов уу. Гэвч өнөөгийн Монгол Улсад хумсалсан нь хуулиа “сахидаг”, хумсалслаагүй нь түүнийгээ зөрчсөн болчихдог гаж тогтолцоо бүрдээд удаж байгаа бололтой. Бүр сүүлдээ хорвоод мэндлэхээр ирсэн бяцхан үрс нь хүний ёсоор хүн болж чадахгүй хэвлийгээсээ нөгөө ертөнц руу буцах нь энгийн үзэгдэл болж байх шиг. Үүний тод илрэл нь утаанд төөрсөн ургийн гажиг. Үүнийг энгийнээр тайлбарлавал Монголд өвлийн цагт хүүхэд тээсэн нь буруудаж, хорвоод мэндлэх бяцхан үрсээ “эрэмдэглэдэг” жишиг тогтож байна. Монголчууд цөөхүүлээ. Гэхдээ бид гурван сая дахь иргэнээ энэ оны төгсгөл ирэх оны эхээр хүлээж авна гэсэн мэдээг Үндэсний статистикийн хорооноос оны өмнөхөн мэдэгдлээ.
BRAVO!!!. Гурван сая гэдэг бол бага тоо биш. Магадгүй энэ өнгөрсөн жилийн хамгийн сайхан мэдээ нь энэ болов уу. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл гэж бий. Үүнийг нь ч монголчууд өөр хоорондоо хэлэлцдэг, ярилцдаг. Магадгүй бас нэгэн муу мэдээ дуулгах нь гэж уншигч та бодож байж болох. Гэвч байгаа зүйлтэйгээ эвлэрдэг нь бидний зан. Өөрөөр хэлбэл, бидний хэдийнэ танил болсон сэдэв УТАА-г дахиад хөндөх нь. Жил бүр энэ сэдвийг хөнддөг, ярьдаг, шүүмжилдэг. Харамсалтай нь, дөрвөн уулын дунд бүгсэн нийслэлийнхэн утаа хэмээх урилгагүй зочинтойгоо жил бүр гар барин мэндчилдэг болсон нь маргашгүй үнэн. Энэ сэдэв ч үе үеийн гүйцэтгэх засаглал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүн нүүрт заларч, гол зорилго, зорилт нь болж байна. Ямар сайндаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь жил бүр Чингэлтэйн усан сан дээр очиж, утаан бүрхүүл тогтсон нийслэлээ харж, санаа алдаж буйгаа цахим хуудсаар халаглан дамжуулдаг уламжлал тогтохов дээ. Гэвч үр дүн нь тэг заадаг нь хачирхалтай.