Засгийн газрын 2013 оны долдугаар сарын 6-ны 250 дугаар тогтоолд заасны дагуу сурагчийн дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэж, дүрэмт хувцасны үйлдвэрийг төрөөс дэмжихээр болсон билээ. Улмаар дүрэмт хувцасны үйлдвэрүүдэд 23 тэрбум төгрөг олгож, тогтоолын хэрэгжилтэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдыг хяналт тавьж, зохицуулах үүрэг өгсөн билээ. Гэтэл “Нарантуул” худалдааны төвд БНХАУ-д үйлдвэрлэсэн, чанар стандарт нь монгол хүүхдийн биед тэр бүр зохицохгүй дүрэмт хувцас оруулан ирж, худалдаж буй талаар иргэд мэдээлж байгаа. Наймаачид Монголынх гэж иргэдийг мэхлэн борлуулж байгаа ч БНХАУ-д захиалгаар хийлгэж, хуурамч шошго наан худалдаж буйг баталсан нэгэн баримт байна. Тодруулбал, Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн гурван автобусыг хилчид шалгаад сурагчийн 17500 ширхэг дүрэмт хувцас оруулж ирснийг илрүүллээ. 350 хайрцагтай энэ ачааг манай иргэд хууль бусаар нэвтрүүлэхийн завдсан бөгөөд хачирхалтай нь бүх дүрэмт хувцсанд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго хадсан байжээ. Энэ их хэмжээний сурагчийн дүрэмт хувцсыг ямар байгууллага, аж ахуйн нэгж оруулж ирснийг тогтоохоор ажиллаж буй гэх мэдээллийг Замын-Үүдийн хууль хяналтын байгууллагынхан өгсөн. Харин прокурорын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэх, эсэх дээр эргэлзэж байгаа аж. Учир нь хувцас экспортлохыг хориглоогүй, татвар төлөхөөс зайлсхийгээгүй учраас гэмт хэрэг биш гэж үзэж буй сурагтай. Энэ асуудалд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлд заасан хэрэглэгчийг хуурч мэхлэн, төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломж бийг үндэсний үйлдвэрлэгч компанийн хуулийн зөвлөхүүд хэлж байна.
Г.ЦОЛМОН