ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон саатуулагдаж байсан хоёр сэжигтэн энэ сарын 3-нд оргожээ. Сүүлийн үеийн олон улсын жишигт нийцсэн, харуул хамгаалалт сайтай байрнаас хэрхэн оргосон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр хүн амь болон хулгайн хэрэгт сэжигтнээр саатуулагдсан Амарбаясгалан, Гантөмөр гэх 22-23 настай залуус нарлагааны сараалжин хаалттай хэсгээр дамжин оргосон байна.Прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан “Сэжигтнүүд оргосон нь үнэн. Гэхдээ хүн амины хэргийн сэжигтэн байгаагүй, хоёулаа хулгайн хэргийнх” гэлээ.Тэдний оргосон өдөр нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсан, хорих ангиуд, цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, харуул хамгаалалтаа чангатгасан цаг үе байсан юм. Ийм цаг үед сэжигтнүүд оргож, 24 цагийн турш олдохгүй байгаа нь тус ангийн харуул, хамгаалалт ямар байсныг харуулж байна. Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч, хяналтын камерын операторууд ажилдаа хайнга хандсанаас хоёр сэжигтэн оргосон бололтой.
Г.РАВЖАА