МУИС-ийн Худалдааны сургуулийн Сургалтын албаны даргаар ажиллаж байсан В.Жавхлантөгс нарын 54 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн лхагва, пүрэв гаригт хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч В.Жавхлантөгс нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа болон ажлаа өгснийхөө дараа оюутнуудынхаа хичээл, шалгалтын дүнг засаж, 47 оюутнаас 300-700 мянган төгрөгийн шан харамж авч байсан хэрэгт холбогдсон юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд В.Жавхлантөгс болон 47 оюутан, зуучлагч зургаан хүний гэм буруутай нь өөрсдийнх нь болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Шүүхээс В.Жавхлантөгсөд таван жил нэг сарын хорих ял оноож, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг учраас хорих ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Харин оюутнууд болон түүний хооронд зуучилсан зургаан хүний хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэрэгсэхгүй болгов. Дүнгээ засуулахаар 300-700 мянган төгрөг хахуульд өгсөн 47 оюутанд нэг жил нэг сарын хорих ял оноож, мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ. Тэдний хахуульд өгсөн мөнгөний дүн нь нийт 20 сая төгрөг болж байгаа бөгөөд түүнийг нь улсын орлогод оруулахаар болсон байна.
Г.ЦОЛМОН