Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) болон Японы Анагаах ухаан, нүүр ам судлалын холбоо хамтран Монгол, Японы анагаах ухааны форум зохион байгуулах болжээ. Форумд Японы олон улсад нэр хүндтэй 20 их сургуулийн төлөөлөгч, эмнэлгүүдийн захирал, манай улсаас АШУҮИС, гурав дахь шатлалын бүх эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцох аж. Энэ үеэр Японы анагаах ухааны салбарын дэвшилт технологийг манайд нэвтрүүлэх, тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих АШУҮИС-ын дэргэдэх нэгдсэн эмнэлгийн менежмент, тоног төхөөрөмж, хүний нөөц зэргийг өндөр түвшинд бэлдэх зэрэг асуудлыг хэлэлцэн, санал солилцох аж. Уг үйл ажиллагаа энэ сарын 7,8-нд Монгол, Японы төвд болно.