Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэн барьж ашиглалтанд оруулсантай холбоотойгоор уг барилгыг өнөөдөр НҮБ-т хүлээлгэн өглөө.
НҮБ-ын шинэ барилгыг хүлээлгэн өгөх тухай баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар гар үсэг зурлаа.
Сүхбаатар дүүргийн НҮБ-ын гудамжны 14 тоотод байрлах 8686 ам метр.кв бүхий газартай 4799.74 ам метр.кв бүхий үндсэн барилга болон 115 ам метр.кв автомашины граашийг НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд түрээсээр эзэмших болж байгаа аж.
Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэхь гишүүнээр элссэн байдаг. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн тэгш эрхт түнш болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орох өргөн боломж нээгдсэн юм.

М.Болорцэцэг