“Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаад өнгөрсөн сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн II прокурорын газарт шилжүүлжээ. Тус прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 150, 166, 174, 263 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өчигдөр буюу энэ сарын 5-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн байна. "Нийслэл өргөө" компанийн захирал Б.Ганзориг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгө завшсан нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон гэж үзээд ийнхүү шүүхэд шилжүүлсэн аж. Б.Ганзоригийн удирддаг “Нийслэл өргөө” компани нь улсын чанартай хэд хэдэн томоохон объектийг барьж байгуулах тендерт шалгарсан ч ашиглалтад оруулалгүй, төсөвт өртөг нь нэмэгдсэн шалгтгаанаар төрөөс мөнгө нэхээд сууж байсан билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутагт баригдаж буй IV амаржих газрын барилгын тендерт шалгарч 2012 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч өнөөг хүртэл оруулаагүй байгаа юм. Анх 19 тэрбум төгрөгөөр барихаар тендерт нь шалгарсан бөгөөд энэ хугацаанд нэмэлт санхүүжилт шаардаж, 33 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй, уг мөнгийг завшсан байж болзошгүй байгаа аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутагт барьж байсан орон сууцны зориулалттай барилгын бетон нь нурснаас хүн нас барсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл өргөө” компанийнхны барьж буй Цахим архивын барилгын 14 дүгээр давхраас гурван ажилчин унаж нас барсан байдаг.Мөн улсад төлөх ёстой их хэмжээний татварыг төлөлгүй, зайлсхийсээр өдий хүрсэн хэрэгт холбогдсон юм. Б.Ганзориг нарт холбогдох хэрэгт төрийн албан тушаалтан хүн тендерт ялуулж, хувь авдаг байсан байж болзошгүй үндэслэлээр хамт яллагдаж буй бололтой.
Г.ЦОЛМОН