Монгол Улсад барилгын салбар үүссэний 88 жилийн ой, барилгачдын баяр өнгөрсөн баасан гаригт боллоо. “2013 онд барилгын салбар 70 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны II улирлын байдлаар 26.8 хувийн өсөлттэй байна. Барилгын салбарын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа. 2012 оноос өмнө жилд 9000 орчим айлын орон сууц барьдаг байсан бол сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод 20.000, орон нутагт анх удаа 5000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан байна” гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан баярын үеэр онцолсон юм. Барилгачдын баяраар салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Барилга угсралтын “Одкон холдинг”, “Суруга Монгол”, “Баганат өргөө”, “Хийт констракшн”, “Грийн ресурс”, зураг төслийн “Эн Эй Пи”, “Бьюлдинг техноложи”, барилгын материал үйлдвэрлэдэг “Юнико”, “Премиум конкрит”, “Тэмүүлэн-Од” компани энэ жилийн шилдгээр шалгарч, Барилгачдын талбайн хүндэтгэлийн тавцанд бүтэн жил тугаа мандуулах эрхээр шагнууллаа.