Уул уурхайн яам, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институттэй (МГУУМИ) хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурлаа. Тус яамнаас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ онд УИХ-аар батлуулсан. Эдгээр хууль, тогтоомжийн дагуу зарим үйл ажиллагааг геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий уг институт хариуцах аж. Хамтын ажиллагааны хүрээнд МГУУМИ нь дотоодод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэх, эрх олгох асуудал үүнд багтаж буй. Түүнчлэн Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хорооны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг тайлагнах заавар гаргах юм байна. Мөн МГУУМИ нь Ашигт малтмалын баялаг, ордын нөөц тайлагнах Үндэсний хороог байгуулан тогтвортой хамтран ажиллах үүрэг хүлээжээ.
Т.Энхбат