Оросоос Хятад тийш татах байгалийн хийг хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах, эсэхийг улс төрийн түвшинд бус, ОХУ-ын “Газпром” болон БНХАУ-ын Газрын тосны үндэсний корпорац (CNPC) шийдвэрлэх тухай Оросын Байгалийн баялаг, хүрээлэн буй орчны сайд Сергей Донской сэтгүүлчдэд мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өнгөрсөн долоо хоногт манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийн хоолойг Монголоор дамжуулах саналаа илэрхийлсэн. “Энэ асуудал “Газпром” болон CNPC-гийн түвшинд шийдэгдэнэ. Худалдан авагч компани болох CNPC тооцоо, үнэлгээ зэргийг хийж, угтуулан тавих нөхцөлөө заана” хэмээн Донской тодотгосныг “ИТАР-ТАСС” дамжуулав. Нэгэнт хийн хоолой голдуу тал газраар дамждаг, хүчдэл нэмэгдүүлэгч станц цөөн байх нь хөрөнгө оруулагчдад ашигтай учраас Монголын санал хоёр талд хэрэгтэй гэдгийг тэрбээр яриандаа тэмдэглэсэн байна. Гэхдээ хийн хоолой Монгол Улсын байгалийн баялаг бүхий орд газартай давхацвал асуудал үүснэ хэмээн ОХУ-ын салбарын сайд үзэж байгаа аж. Дашрамд сануулахад, Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэхээр 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээг энэ оны тавдугаар сард “Газпром” болон CNPC компани байгуулсан. ОХУ жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд нийлүүлэх үүргийг эл гэрээгээр хүлээж буй.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ