Нийслэлийн цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран “School police” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү төсөл энэ жил ч мөн үргэлжилж байгаа. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэрэгжилтэн, цагдаагийн хошууч П.Болормаатай ярилцлаа.
-“School police” төсөл хэрэгжих хугацаанд ямар үр дүн гарсан бэ?
-“School police” төслийг 2013 оны аравдугаар сарын 25-нд НИТ-ийн хурлаар батлан хэрэгжүүлсэн. Нийт төрийн өмчийн 113 сургууль, 44 сургууль дээр энэ төсөл амжилттай хэрэгжсэн. Ингэснээр эцэг эх, багш сурагчдын эргэх холбоо сайжирч, хүүхдээ ямар орчинд сурч, хүмүүжиж байгааг мэдэрч, амьд харилцаа бий болж байна. Мөн эцэг эхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг хуримтлуулж, тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон. Ахлах ангийн хүүхдүүд бусад сурагчийг дээрэлхэх, бусад сургуулийн сурагчид өөр сургуулийнхнийг дээрэлхэх асуудал цөөрсөн. Улмаар цагдаагийн байгууллагад тэр бүр ирээд байдаггүй нарийн хэргүүдийг “School police”-ийнхан мэдээлэх болсон.
Мөн сургуулийн гадна орчинд үйл ажиллагаагаа явуулдаг дэлгүүр, цахим тоглоомын газарт Тамхины хяналт үйлчилж байгаа эсэх, насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчлэх зэрэгт эцэг эхчүүд өөрсдийн хяналтыг тавьж, холбогдох байгууллагуудад хандах боломжтой болсноороо ач холбогдолтой юм.
-Энэ жилийн хувьд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Энэ жилийн хувьд есдүгээр сарын 3-нд “School police” төслийн нээлт болсон. . Энэ жил “Тэнгэр даатгал хувьцаат компани”-тай хамтран “Ээлтэй сургууль” хөтөлбөр хэрэгжүүлээд нийслэлийн ерөнхий боловсролын загвар сургууль II, V- Монгень сургуулиуд дээр нээлт хийсэн.
Тухайн хүүхдэд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж даатгалд хамруулах сайн дурын санал тавиад байгаа.
Ирэх аравдугаар сард эцэг, эх сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дэвжээ” тэмцээн зохиохоор төлөвлөөд байна.
Мөн Хууль зүйн яам, НИТ-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийн дэмжлэг санхүүжилтээр амжилттай ажиллаж байгаа эцэг эхчүүдийг шагнаж урамшуулах, эргүүлд ажиллаж байгаа эцэг эхчүүдэд шүгэл, зориулалтын хувцас, гар чийдэн, станц зэрэг шаардлагатай зүйлсээр хангахаар төлөвлөсөн.
-Эцэг эхчүүд хэр идэвхтэй ажиллаж байна. Ажлын газраас нь хагас өдрийн цалинтай чөлөө өгч тэднийг ажиллуулж байгаа гэсэн ?
-Эцэг эхчүүд маш идэвхтэй оролцож байгаа. Тэдний оролцох хөшүүрэг болохуйц журмаар баталсан. Хагас өдрийн цалинтай чөлөөг ажил олгогч байгууллагаас өгөх юм. Хэрвээ ажил олгогч тухайн хүнд цалинтай чөлөө олгоогүй тохиолдолд хариуцлага тооцно гэсэн журам батлагдсан. Гэхдээ албадлагын чанараас илүү эцэг эхчүүд өөрийн болон бусдын хүүхдийн төлөө цаг зав гарган идэвхтэй оролцож байна. Мөн дуусахдаа тухайн өдөр хэрхэн ажилласан талаар илтгэх хуудас бичиж байгаа юм.
Түүнчлэн сургууль бүрийн эрсдлийг тодорхойлох судалгааг зургаадугаар сараас явуулсан. Одоогоор 54 сургуулийн 3000 гаруй эцэг эх, багшаас санал аваад байна.
Тухайлбал “School police”-ийг цаашид ажиллуулах шаардалагтай юу гэсэн асуултанд 80 хувьд нь дэмжээд байна.

Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн гадаа очиход энэ жилийн зургаан настнууд хичээл нь тарсан бололтой гүйлдэж, ид бужигнаж байхад “School police” ээж хүүхдийг зам хөндлөн гарган өгч байхтай таарсан юм. Тэрээр зөрж өнгөрөх хүн болгонд хүүхдээ хөтөlж зам хөндлөн гарахыг мөн сануулж байлаа.
24 дүгээр сургуулийн 5в ангийн сурагчын ээж У.Одгэрэл
Манай хүүхэд 24 дүгээр сургуулийн 5в ангид суралцдаг. Би анх удаа “School police ”-аар ажиллаж байна. Энэ хавийн зам маш нарийн учир түгжрэл их юм. Нэг урсгалтай зам дээр эсрэг урсгалаар машин орж ирээд зөрчил багагүй гарах юм. Эцэг эхчүүдээр энэ ажлыг хийлгэж байгаа нь их таалаглаж байгаа. Ихэнх хүүхдийг эцэг эх, ах эгч нь авч байгаа ч ганцаараа явж байгаа хүүхдэд мөн цөөнгүй юм. Би ч мөн ажлаасаа шалтгаалж хүүхдээ авах боломжгүй үед миний хүүхдэд хүн ингэж мөн туслана гэхээр аль аль талдаа хэрэгтэй ажил болж байна. Жолооч нар явган зорчигчийн хүндлэхгүй байгаа тохиолдол их гарч байгааг анхаармаар байна.
Өглөө 7.30-13.30 цагт хүртэл энд зогсоно, хүүхдийнхээ төлөө хагас өдрийг зарцуулж яагаад болохгүй гэж. Би хувьдаа дэмжиж байгаа.
М.Болорцэцэг