Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 400 га газарт суурьшлын шинэ бүс байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс 70 га газарт нь 3870 айлын 5-9 давхар орон сууц, нэг сургууль, дөрвөн цэцэрлэг, төрийн захиргааны байр, өрхийн эмнэлэг, усан спортын төв, худалдаа, үйлчилгээний төв барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулжээ. Шинэ суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээг нь тавьж эхэлсэн байна. Одоогоор дулааны шугамын ажил 35 хувьтай, цэвэр усны шугамынх 85, бохирын шугамын ажил 60 хувьтай байна. Азийн хөгжлийн банкны “МОН 2301” төслийн санхүүжилттэй уг ажлыг ЧММ компани гүйцэтгэж, ирэх сард багтаан ашиглалтад оруулах аж.