2014 оны эхний найман сарын байдлаар нийт 368 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 373 хүүхэд үүнд холбогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх нь сүүлийн жилүүдэд өсөөд байгаа нь энэ асуудалд анхаарах цаг хэдийнэ болсныг харуулж байна. Мөн хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдээд зогсохгүй гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох, гадуур тэнэх, гуйлга гуйх, хөдөлмөр эрхлэх, цахим тоглоомонд донтох, гол ус, гал түймрийн аюулд өртөх зэргээр эрх ашиг нь хохирсоор байгаа юм. Тоон үзүүлэлтээс харахад, хүүхэд өөрөө гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол 572 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар өссөн байна.
Нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Болормаа “Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа болон гэмт хэргийн золиос болох шалтгаан нь нийгэм, эдийн засгийн зэрэг олон хүчин зүйлээс шалгаалж байна. Эцэг эхийн хараа хяналт сул байдгаас хүүхдийн ёс суртахуун доголдож, гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан болж байгаа юм. Тухайлбал, хүүхдүүд цахим тоглоомонд донтсоноос тоглох мөнгөө олохын тулд бусдын эд зүйлсийг хулгайлах болжээ. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна” гэлээ.
Тодруулбал, Эрүүгийн бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг нийт гэмт хэргийн 20 хувийг, бусдын өмч хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 46 хувийг эзэлжээ. Дийлэнх хэргүүд ажлын өдрүүдэд, хичээл тарах цаг буюу 12.00-19.00 цагын хооронд үйлдэгдэж байгаа аж.
Сүүлийн үед хүүхдүүд үнэтэй утас барьж, үнэтэй пүүз өмсөж, хэрэглэж байгаагаас хулгайн, дээрмийн хэрэгт өртөх шалтгаан нөхцөл болж байгааг мөн цагдаагийн хошууч П.Болормаа хэллээ. Тиймээс бага насны хүүхдээ хичээл эхлэх, тарах цагуудад нь авч байх, өсвөр насны хүүхдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаад анхаарал хандуулах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
М.Болорцэцэг