Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлого авсан байж болзошгүй гэсэн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандаад байсан. Тэгвэл тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар 21 дүгээр цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолноос авсан зургаа, ундны усны таван дээж, орчны 40 арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр усны таван дээж нь нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй, 40 арчдасны 26-гаас, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн аж. Мөн цэцэрлэгт ариутгал хийсэн гэх уусмалын хлорамин байх ёстой хэмжээнээсээ 67 хувиар бага байсан нь ариутгалыг оромдож хийснийг харуулж байна. Түүнчлэн цэцэрлэгийн 49 багш, ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний нян илэрчээ. Өөрөөр хэлбэл, тэд халдвар тарааснаар хүүхдүүд өвчилсөн байх магадлалтай юм байна.