Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужтай ах дүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай болсны гурван жилийн ой ирэх сард болно. Ойн арга хэмжээг ирэх сарын 27-ноос арваннэгдүгээр 3-ны өдрүүдэд Япон улсын Шизүока мужид зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг даргаар ахлуулсан албаны 28 төлөөлөгч, сурагч солилцооны шугамаар зургаан багш, 50 сурагч, олон улсын Дайдоге наадамд оролцох 20 сурагч бүхий 104 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцохоор болжээ.
Энэ үеэр Гадаад харилцааны хамтын ажиллагааны зөвөлдөх уулзалт, хоёр аймаг мужийн бизнес эрхлэгчдийн туршлага солилцох уулзалт, жижиг, дунд үйлдвэрүүдтэй танилцах арга хэмжээ, Япон орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах, сурагч солилцооны гэрээний дагуу ахлах ангийн сурагчид Япон айлд байрлан, тус орны ёс заншил, сургуулийн орчинтой танилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Мөн энэ үеэр олон улсын Дайдоге наадамд Дорноговь аймгийн 20 сурагч үндэсний бүжиг, уран нугаралтын үзүүлбэрээр оролцох гэнэ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн 103 сурагч, зургаан багш, 20 гаруй мэргэжилтэн, бизнес эрхлэгч болон хувийн хэвшлийн нийт 200-гаад хүн Япон улсад туршлага судлаад ирсэн байна.