Японы Засгийн газраас төслийн бус буцалтгүй тусламжаар ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан тус бүр 10 нэр төрөл бүхий хоёр багц, нийт 700 гаруй сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нийслэлийн 11, орон нутгийн 17 сургуульд нийлүүлсэн байна. Өнгөрсөн хичээлийн жилд Засгийн газраас "Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд ерөнхий боловсролын 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн. Цаашид бүх сургуулийг хамгийн сүүлийн үеийн лабораторитой болгохоор зорьжээ.