Хүүхдэд зориулсан ном цөөн байдаг, байгаа хэд нь зүй бус үг, агуулгатай байгааг эцэг, эхчүүд шүүмжилдэг. Тэгвэл БШУЯ 9-17 насны хүүхдэд зориулсан бүтээл бий болгохын тулд утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг зохиолч, уран бүтээлчдийн дунд хоёр сарын хугацаатай зарлаж, өчигдөр дүгнэлээ. Роман, тууж, баримтат өгүүллэг, өгүүллэг, яруу найраг, орчуулгын роман, орчуулгын тууж, орчуулгын өгүүллэг гэсэн найман төрлөөр шилдэг бүтээл шалгаруулж, 0.5-4 сая төгрөгөөр урамшуулсан юм. Уралдаанд 302 уран бүтээлчийн 403 бүтээл ирсэн бөгөөд 125 бүтээл шалгаруулж авахаас 49 уран бүтээлчийн 61 бүтээл шалгарчээ. Төлөвлөснөөсөө цөөн бүтээл шалгарсан нь шалгаруулалт чанга байсантай холбоотойг зохион байгуулагчид онцолсон.
Орчуулгын туужийн төрөлд шилдэг бүтээлийн шагнал авсан СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Г.Сүхбат “Би “Вили Вонкийн шоколадны үйлдвэр” зохиолыг орчуулсан нь шилдэг бүтээлээр шалгарлаа. Манайд орчуулгын уран зохиол хөгжиж байгаа ч хялбаршуулсан нь олон байна. Би хүүхдэд зориулсан дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хүүхдүүдэд эхээр нь, монгол сэтгэлгээгээр хүргэхийг зорьдог. Учир нь эх зохиолд амьдралын сургууль, уран зохиолын өнгө, амт оршдог. Энэ зохиолыг 2-3 жилийн өмнөөс орчуулж эхэлсэн. Одоо гурван зохиол орчуулаад эхэлчихсэн байгаа” гэв.
Шалгарсан бүтээлийн 25 хувь нь эх нутгийн, 20 хувь нь аж байдлын, 10 хувь нь эцэг эхийн, 20 хувь нь түүхэн, 15 хувь нь үлгэрийн, 10 хувь нь хүүхдийн сэдэвтэй байсан гэнэ. Уран бүтээлчдийн хамгийн ахмад нь 82 настай Б.Бадам, хамгийн залуу нь 19 настай Л.Мөнхцэцэг байв. Долоон бүтээл нь шалгарсан уран бүтээлч нэг, хоёр бүтээл нь шалгарсан уран бүтээлч тав байсан юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг I шатанд 250 хүүхэд дүгнэж, оноо өгсөн байна. Харин II шатанд мэргэжлийн хүмүүс, докторууд, III шатанд багш нар уншсан нь уралдааны үнэлгээг шударга болоход гол нөлөө үзүүлжээ. Шалгарсан бүтээлүүдийг сурах бичиг, гарын авлагад ашиглах аж.